Я.Алтангэрэл: Багийнхаа ард иргэдийн санал сэтгэгдлийг байнга сонсдог

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Зооноз өвчин судлалын төвийн дарга Ядамсүрэнгийн Алтангэрэлтэй ярилцлаа. Дүрс оношлогооны эмчээр олон жил ажилласан түүний хувьд ажлын арвин туршлагатай, Увс аймгийн урдаа барьдаг чадварлаг эмч нарын нэг билээ. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар Улаангом сумын 7-р багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон төр, түмэн олныгоо холбох гүүр болон ажиллаж байна. Ингээд Я.Алтангэрэл эмчийн яриаг уншигч та бүхэндээ хүргэе.

-Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Би Зүүнговь суманд төрсөн бөгөөд 1976 онд 1-р ангид орж, 1986 онд Улаангом сумын 10 жилийн 2-р сургуулийг төгссөн. Улмаар Улаанбаатар хотод сувилагчийн дунд сургуульд нэг жил сураад Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Хилийн цэргийн 17-р отрядад хоёр жил цэргийн алба хаасан. Цэргийн албаа хааж дуусгаад буцаж сургуульдаа орж, төгсөж ирээд аймгийн Нэгдсэн эмнэлэгт Задлангийн бага эмчээр нэг жил ажилласан. 1991 онд АУДС-д ажилчдын конкурст өгч, үргэлжлүүлэн сураад 1997 онд төгсөж ирсэн. Тухайн үед аймгийн Нэгдсэн эмнэлэгт рентген буюу гэрлийн эмчээр ажиллаж байлаа. 2002 онд дүрс оношлогооны мэргэжил дээшлүүлэх 1,6 жилийн сургалтад сууж ирээд дүрс оношлогооны эмчээр ажилласан.

2007-2010 оны хооронд “Эрүүл мэндийн төсөл -2” хөтөлбөрийн шугамаар Зүүнговь сумын Хүн эмнэлгийн салбарын эрхлэгч, гэрээт эмчээр гурван жил ажилласан байгаа. Дараа нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт дүрс оношлогооны эмчээр буцаад очсон. Энэ хугацаанд рентген, компьютер томографийн, эхогийн мэргэжил дээшлүүлэх сургалтуудад тус тус хамрагдсан. Дүрс оношлогооны ахлах зэрэгтэй, клиникийн профессор цолтой.

   2013-2018 оны хооронд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний хорооны даргаар ажилласан. 2016 оны сонгуулиар аймгийн МАН-аас Улаангом сумын 7-р багт нэр дэвшин өрсөлдөж, улмаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. 2018 оны 3-р сараас аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргаар томилогдон ажиллаж байна.

   Ам бүл тавуулаа. Хоёр охин, нэг хүүтэй. Том охин маань тусдаа гарсан. Дунд охин, хүү хоёр маань оюутан бөгөөд АУҮИС-ийн 5, 2-р курсад суралцаж байна. Эхнэр С.Баяраа маань аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нөхөн сэргээх үйлчилгээний их эмчээр ажилладаг.

-Өнгөрсөн хугацаанд та өөрийнхөө сонгогдсон тойрог болох Улаангом сумын 7-р багт ямар ажил хийж хэрэгжүүлсэн бэ?

-Манай тойрогт 2018 онд улсын төсвийн хөрөнгөөр Хүүхэд залуучуудын парк баригдахаар болж, 100 сая төгрөг батлагдаж ирсэн. Энэ ажил Цогцолбор 1-р сургуулийн дэргэд хийгдээд дуусч байгаа. Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр Улаангом сумын дөрвөн багийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хөтөлбөр хэрэгжих бөгөөд үүнд манай тойрог багтсан. Мөн аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Нархан” 3-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын төсөв шийдэгдсэн байгаа.

   Төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа багийнхаа ард иргэдийн санал сэтгэгдлийг байнга сонсож, шаардлагатай бүтээн байгуулалтын ажлыг хийлгэхийн төлөө өөрийн хүч чадлаа дайчлан ажиллаж ирлээ.

 Багийнхаа ард иргэдтэй жилдээ 1-2 удаа уулздаг. Сум, багийн хуралд тогтмол сууж, ажлын тайлангаа тавьж, иргэдийн санал хүсэлтийг сонсдог.

Мөн ахмадын баяраар багийнхаа ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажлыг сумын төлөөлөгч нартайгаа хамтран зохион байгуулж ирсэн.

  Манай баг аймгийн төвийн гол хэсэгт байрладаг, дэд бүтцэд ойрхон гэдэг утгаараа ард иргэдийн зүгээс айл өрхүүдийг цэвэр, бохир ус, дулааны шугамд холбож өгөөч гэсэн асуудлыг голчлон тавьдаг байсан. Энэ асуудал ямар ч байсан шийдвэрлэгдэхээр боллоо. Тэрчлэн тойрогт байгаа албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээс тодорхой хэмжээгээр засвар үйлчилгээ хийлгэх, техник тоног төхөөрөмж авах гэх мэт санал хүсэлт цөөнгүй ирдэг. Эдгээр саналыг аймгийн ИТХ болон Хөгжлийн бодлогын хэлтэс, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарт цаг тухай бүрт нь уламжилж ирсэн.

-Байгууллагынхаа талаар мэдээлэл өгөөч?

-Зоонозын өвчин судлалын төв нь байгалийн голомтот халдварт өвчин болон мал, амьтнаар дамжин хүнд халддаг өвчнийг тандан судлах, хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Зоонозын өвчин гэвэл галзуу, тарваган тахал, боом, хачигт халдвар, шувууны томуу, холер /гэдэсний хижиг/  гэх мэт олон төрөл бий. Үндсэндээ 4, 5-р сард хачигийн халдвар, 6-р сард холер, 7-р сард тарваган тахал, 8-р сард шумуулын халдвар гэх мэт өвчин түгээмэл гардаг бөгөөд үүнийг тандах, урьдчилан сэргийлэх чиглэлээр бид ажилладаг. Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон аймгийн Эрүүл мэндийн газарт манай байгууллага хамаарагддаг. Тархвар судлалын алба, лаборатори алба, санхүү хүний нөөцийн алба гэсэн албадуутай. Нийтдээ 20 ажилтантай. Техник тоног төхөөрөмжийн хувьд боломжийн хэмжээнд хангагдсан. Харин ажлын байрны орчин нөхцөл шаардлага хангахгүй байгаа тул зарим тоног төхөөрөмжөө шинээр нь агуулахад хийгээд хадгалж байна.

Иймээс конторын барилгын асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байгаа. Мөн эм, урвалж бодисын өртөг зардал өндөр, төсвөөс тавьж байгаа мөнгө хүрэлцэхгүй байна. Гэтэл өндөр үнэ өртөгтэй урвалж бодисыг авч тухайн тоног төхөөрөмжийг ажиллуулах гэхээр төсөв хүрэлцдэггүй, учир дутагдалтай тал бий.

-Конторын барилга бариулахаар хөөцөлдөж үзсэн үү?

-Ажлын байрыг хоёр давхар, доод талдаа пудволтой хийхээр зураг төсөв нь батлагдаад ирсэн. ЗӨСҮТ-өөс Хэнтий аймагт шинээр конторын барилга бариулсан. Энэ загвараар бүх аймгийн Зоонозын өвчин судлалын төвийг контортой болгохоор шийдэж, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлсэн. Гэвч манай яамны сайдын багцаас барилгын төсөв батлагдаж өгөхгүй байна. 2008 оноос хойш энэ асуудлыг хөндсөн боловч одоог хүртэл шийдэгдээгүй байгаа. Газрын хувьд 20х30-ын харьцаатай барилга барих газрыг Нэгдсэн эмнэлгийн ар талд Халдвартын тасгийн хажууд авчихсан. Төсөв л шийдэгдчихвэл болчих гээд байдаг. Гэтэл ямар ч сураг алга. Иймээс энэ жил 50 сая төгрөгийн засварын ажлыг энэ контортоо хийлгэхээр шийдүүлсэн.

Манай энэ барилга 1982 онд аж ахуйн аргаар баригдсан. Түүнээс хойш нэг ч засвар хийгдээгүй. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн МХГ-ын дүгнэлт гараад удаж байна. Гэвч МХГ-ын акт гарлаа гээд бид хаачих билээ, ямар ч байсан эндээ үйл ажиллагаа явуулж л байна.

-Зоонозын төрлийн өвчин манай аймагт гарч байна уу?

-Одоогийн байдлаар өвчлөл бага байна. Гэхдээ он гарсаар Зүүнхангай, Өндөрхангай, Давст, Түргэн суманд галзуу өвчин гарсан. Зүүнхангайд бүр хоёр тохиолдол гарлаа. Эхнийх нь хоёр хот айлын долоон хүн байгаа өвөлжөөнд галзуу үнэг орж ирснийг нохой нь барьсан. Энэ дагуу тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч рүү ярьж, халдваргүйтгэл хийх талаар зөвлөгөө өгч, тэдгээр иргэдэд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн. Энэ сарын эхээр дахиад Зүүнхангай суманд хоёр үнэг, нэг нохой галзуугаар өвчилсөн бөгөөд тухайн орчинд байсан 22 хүнийг мөн вакцинд хамруулсан. Тэдгээр үнэг, нохойны тархины хэсгээс дээж авч аймгийн Мал эмнэлгийнхэн шинжилгээ хийхэд галзуу болох нь батлагдсан.

Үүнээс гадна Түргэн суманд үхэр галзуурахад тархины хэсгээс нь шинжилгээ авч үзэхэд бас л галзуу гэдэг нь тогтоогдсон. Галзуу өвчин манай аймагт энэ жил их гарч байна. Одоо дулаараад эхлэхээр хачигт халдварын өвчлөл гарах эрсдэл өндөр байдаг.   

-Таны гавъяа шагнал гэвэл?

-ЭМЯ-ны Жуух бичиг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, МЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг шагналтай.

-Хобби?

-Ан хийх сонирхолтой. Хөдөө гадаа гарч байгалийн сайхныг бишрэн, ан амьтан харах дуртай.

-Сүүлчийн хоромыг танд үлдээе?

-Увс аймгийн ард иргэд маань эрүүл энх, сайн сайхан байх болтугай. Мөн Улаангом сумын 7-р багийн ард иргэддээ эрүүл саруул байж, ихийг хийж бүтээхийн ерөөл өргөе.

Эмч хүний хувьд зөвлөхөд та бүхэн маань жилдээ 1-2 удаа эмчийн үзлэгт хамрагдаж, дэлгэрэнгүй шинжилгээ өгч, өөрийгөө өвчлөх эрсдлээс урьдчилан сэргийлж байгаарай гэж хэлэх байна. Ер нь аливаа хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өөрөө л анхаарал тавих хэрэгтэй байдаг юм шүү гэдгийг энэ дашрамд хэлэх байна.

-Танд баярлалаа.

Увсын өнгө