“Чандмань-Увс” компани ил тод мэдээлж байна


Үйл ажиллагааны ил тод байдал

   НААҮ-ний “Чандмань-Увс” ХХК нь Улаангом хотын 143 албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний газар, 40 гаруй нийтийн орон сууцны 1021 өрх, гэр хороололд шугам сүлжээнд холбогдсон 84 өрхөд инженерийн шугам сүлжээгээр цэвэр ус нийлүүлж бохир ус татан зайлуулж ажиллахын зэрэгцээ гэр хорооллын ард иргэдэд нийтийн халуун ус, усан сангийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Мөн ЦТП-ээс дулаанаар хангагддаг 10 аж ахуйн нэгж, 28 орон сууцны 648 айл өрхийн халаалт, засвар үйлчилгээг давхар хангаж ажилладаг. 2013-2014 оны өвлийг өнтэй давж компаний үндсэн үйл ажиллагаа болох хот суурин газрын ус хангамж ариутгах татуургын үйлчилгээ, инженерийн байгууламж, шугам сүлжээ, олон нийтэд хүргэх үйлчилгээгээ тасралтгүй хэвийн явуулж ирлээ. Он гарсаар 1, 2 дугаар 48 айлын гадна дулаан халуун хүйтэн усны шугам, 1 дүгээр 36 айлын халаалт халуун хүйтэн усны шугам цоорч усны алдагдал гарсныг урсгал засвар үйлчилгээ хийж хэвийн ажиллагаанд орууллаа.

   Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд тэмдэглэдэг Дэлхийн усны өдрөөр компаний ажилчид Б.Гиваан баатарын талбай дээр ус хангамжийн тоног төхөөрөмж болон усыг зүй зохистой ашиглах гарын авлага материалаар үзэсгэлэн гаргаж оролцлоо. Мөн орон нутгийн телевизэд ярилцлага, “Увсын өнгө” сонинд усны нөөц хомсдол, зохистой хэрэглээний талаар нийтлэл гаргаж олон нийтэд хүргэлээ. Гуравдугаар сарын 27-нд улс орон даяар зохион байгуулагдсан гамшигийн аюулын зарлан мэдээллийн дохионы дагуу компаний мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн жагсаж бэлэн байдлаа шалгууллаа.

   2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус салбарт цэвэр усны хоёр дахь эх үүсвэрийн барилга байгууламж болох 1000 м3 усан сан 2 ширхэг, өргөлтийн насосны станц, гүний 5 худаг дамжуулах шугам сүлжээний хамт, Улаангом сумын зүүн тойргийн цэвэр усны 5,2 км цагираг шугам сүлжээ, гурван ширхэг усан сангийн хамт, цэвэр усны лабораторийн тоног төхөөрөмж, усны тоолуур баталгаажуулах лабораторийн тоног төхөөрөмж зэрэг томоохон хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн. Мөн орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлсэн Улаангом сумын Цогцолбор 1 дүгээр сургуулийн 710 м гадна бохирын шугамын угсралтын ажлыг манай компани амжилттай хийж гүйцэтгэлээ.

Хүний нөөцийн ил тод байдал


   Манай компани нь 100 хувь орон нутгийн өмчит компани бөгөөд дээрээ Төлөөлөн удирдах зөвлөлтэй. Энэхүү ТУЗ нь компаний үйл ажиллагаанд улирал, жил тутам үнэлгээ дүгнэлт өгч ажилладаг. Тус байгууллага нь захиргаа аж ахуй, ус хангамж ариутгах татуургын хэсэг, халуун усны хэсэг, туслах аж ахуй, халаалт хэрэгцээний халуун усны хэсэг

/ЦТП/, туслах аж ахуй гэсэн зургаан нэгж хэсэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийтдээ 58 ажилтантай, үүнээс захиргаа аж ахуй 10, ус хангамж, сувагжуулалтын хэсэг 25, халуун усны хэсэг 9, халаалт халуун усны хэсэг 13, түрээсийн салбар 1 хүнтэйгээр ажиллаж байна.

   2013 онд захиргаа аж ахуй, сувагжуулалт, халаалт халуун усны хэсгээс  Улаанбаатар хот болон өөр байгууллагад шилжсэн, өндөр насны тэтгэвэрт гарсан шалтгаанаар 8 хүн ажлаас чөлөөлөгдсөн. Эдгээр хүмүүсийн оронд  шинээр бохир усны машины жолооч, шинэ цэвэр усны станцын сахиул, бохир усны насосны станцын операторчин, цэвэрлэх байгууламжийн операторчин, аж ахуйн нярав гэсэн 5 хүнийг авч ажиллуулсан ба бусад 3 хүнийг компаний ажиллагсадын ажлын ачааллыг харгалзан зохицуулалт хийсэн. 2013 оны Аймгийн үйлдвэрлэл үйлчилгээний салбарын аварга ажилтнаар тус компанийн засварын слесарь И.Батбуян тодорч хамт олныгоо манлайллаа.

   Архидан согтуурахтай тэмцэх талаар аймгийн Засаг дарга, Цагдаагийн газраас өгсөн албан даалгаврын хүрээнд 2013 онд ажлын байранд архи ууж хариуцлага алдсан ажилтан Я, У нарт 3 сарын хугацаатай цалингийн 20 хувийн сахилгын шийтгэл оногдуулсан.

   Манай байгууллага нь орон нутгийн өмчит компани боловч улсын болон орон нутгийн төсвөөс ямарч санхүүжилт авдаггүй, орлогоороо зардлаа нөхөж ажилладаг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Иймд бид үргүй зардлаа хэмнэх, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд голлон анхаарч ажилладаг.

Худалдан авах ажиллагааны ил тод байдал


   “Чандмань-Увс” компани нь өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд хэрэгцээт бараа материал, сэлбэг хэрэгсэл, түлш шатахуунаа Увс аймгийн төвд байгаа гэрээт болон харилцагч байгууллагууд, Улаанбаатар хотоос авч хэрэглэдэг. 2013 онд авто машины шатахууны зардалд зориулж “ЦОБУ Аскиз” компаниас А-80, АИ-92 бензин 7735 литр буюу 12950.1 мянган төгрөг, “Ундарга-Увс” компаниас 2555 литр буюу 4841.2 мянган төгрөгийн дизель түлш худалдан авч машин механизмдаа зарцуулсан байна.

   Компаний харьяа 30 хүний халуун ус, 3 хүний халуун ус, бохир усны насосны станц, цэвэр усны өргөлтийн станцын зуухнуудын галлагаанд зориулж “Хар тарвагатай” компаниас 205 тонн нүүрс өөрийн тээврээр татан авч зарцуулсан. Автомашин тээврийн хэрэгслийн засварт “Вагнер Ази” компаниас 8602.4 мянган төгрөгийн экскаваторын сэлбэг хэрэгсэл, Улаангом хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто сэлбэгүүдийн худалдааны захаас 6395.4 мянган төгрөгийн сэлбэг тус тус худалдан авсан. Ажиллагсадын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэгцээнд зориулж 3145.0 мянган төгрөгийн өвлийн хувцас, 1448.0 мянган төгрөгийн сүү, цай, сахар авч өгсөн.

   1987 онд ашиглалтанд орсон Улаангом хотын доторх цэвэр бохир усны засвар шинэчлэлтэнд зориулж төрөл бүрийн хаалт, винтель, насос, холбох хэрэгсэл худалдан авахад зориулж 23567.7 мянган төгрөгийн зардал гаргасан.

   Компани нь байгууллагын хэрэгцээнд зориулж бараа материал, сэлбэг хэрэгсэл худалдан авахдаа захирлын тушаалаар томилогдсон Үнийн комисс газар дээр нь үзэж чанар байдал, марк тип, зах зээлийн үнэ ханшийг үзэж судалж шалгасны дараа худалдан авч үйл ажиллагаандаа зарцуулдаг. Сар бүрийн 7 хоногийн 1 дэх өдөр компанийн худалдан авалтын мэдээг санхүүгийн ил тод байдлын самбарт байршуулдаг.

 

Сэтгэгдэл

Command item
 
Хэн нэгэн сэтгэгдэл үлдээгээгүй байна.Та анхны сэтгэгдлийг үлдээнэ үү !

*

(500)