Ц.Түмэн-Өлзий: Аав ээжийнхээ хөрөнгөөр сан байгуулан сайн үйлсэд зориулж байна

Хяргас сумын Хайрхан багийн малчин Цэндийн Түмэн-Өлзийтэй ярилцлаа. Түүний өвөө нар нь Монгол Улсын анхны аварга малчид байсан бол харин аав нь Аймгийн хошой аварга малчин байжээ. Удам сайтын үргэлжлэл болсон Ц.Түмэн-Өлзий маань өөрөө Аймгийн аварга малчин байна.
-Юуны өмнө та өөрийгөө товч танилцуулаач?
-Би 1972 онд Хяргас сумын Хайрхан багт мэндэлсэн. Түүнээс хойш 40 гаруй жил мал маллаж байна. Эхнэрийг маань Цэдэнбалын Алтанцэцэг гэдэг. Манайх дөрвөн хүү, нэг охинтой. Хоёр том хүү маань тусдаа гарч малчин болсон. Дараагийн хүү оюутан. Энэ жил бага хүү 12-р анги, отгон охин 9-р анги төгсөж байна.
-Танай удмынхан их мундаг малчин хүмүүс гэж сонссон?
-Миний хөгшин аав Нийдэний Бизьеэ гэж Монгол Улсын анхны аварга малчин хүн байсан. Аав маань Аймгийн хошой аварга малчин Б.Цэнд гэж хүн байлаа. Ээжийг маань Т.Чун гэдэг. Нагац аав маань Монгол Улсын анхны аварга адуучин Түдэв гэж хүн байсан. Миний төрсөн ах Ц.Сүрэнхор Монгол Улсын аварга малчин, харин би Аймгийн аварга малчин. Би 1987 онд Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу малчин” медаль хүртэж байлаа. Бид ах дүү арвуулаа хүний гар харахааргүй амьдарч
байсан тул аав ээж хоёрыгоо бурхан болоход үлдсэн малаас нь зарж борлуулаад банкинд хийж “Цэцэн хайрхан сан” байгуулсан. Аав ээжийн маань болон хөгшин аав ээжийн маань өвөлжиж байсан өвөлжөөний нэрээр сангаа нэрлэсэн. Тэр сангаасаа төрөл садангийнхаа шинээр гэр бүл болсон хосод хос мөнгөн аяга, сумын хэмжээнд 12-р ангиа онц төгссөн хүүхдүүдэд сангаасаа хандив өгч байгаа. Тэрчлэн өөрийн ах дүүсээс эмнэлэгт үзүүлэхээр хот хүрээ явсан хүмүүст мөнгөн тусламж үзүүлдэг. Ийм 3-4 зүйлд сангийн хөрөнгийг зарцуулж байна. Аав ээжийнхээ сайн сайхан явсныг цааш нь үргэлжлүүлээд явж байгаадаа бид бүхэн баяртай байдаг.
-Танай мал сүрэг хэр их өсч байна?
-2012 онд анх мянган мал тоолуулсан. Түүнээс хойш 6-7 жил мянгаас дээш мал тоолуулж байна. Одоо хүүхдүүдтэйгээ нийлээд хориод тэмээ, хоёр азарга адуу, 70-аад үхэр, мянга гаруй хонь, 700 гаруй ямаатай. Гурван гэрээрээ бод бог нийлсэн 1800-гаад малтай болоод байгаа.
-Мал маллаж байхад хүндрэлтэй зүйл тохиолдож байна уу?
-Байлгүй л яахав. Дандаа дардан сайхан байхгүй. Зуданд мал муудах, салхинд туугдах, хөлдөж даарах, хаварт ядруу үед цас их орох гээд бэрхшээл цөндөө. Тэр бүгдийг даван туулаад л явж байна. Малчин хүн малаа сайн маллавал хаана ч хот цатгалан явна. Бэлчээр хомсдоод байгаа нь бороо хур орохгүй, салхи шуурга ихэссэнээс болсон хэрэг. Бас мал сүрэг нэг үеийг бодоход их өсчээ. Би 1800 малтай гэж байна. Дээхэн үед 500 бог бэлчдэг байсан газарт 1800 мал өвөлжиж байна гэж бодохоор бэлчээрийн даац хомсдохоос өөр аргагүй юм.
-Та хурдны морь унадаг байв уу, одоо морь уядаг уу?
-Би хурдны морь унадаггүй, хонь л хариулдаг хүүхэд байсан. Гэр бүл болоод морь уяах болсон. Сумандаа дөрвөн түрүү, арван хэдэн айрагтай. 2011 оны аймгийн даншигаар жороо хээр морь маань  зургаад давхиж байлаа. Түүнээс хойш нэг хэсэг морь уяахаа завсарласан. Одоо хүүхдүүд маань Төв аймгийн Жаргалант, Дорнодын Матадаас азарга, даага авсан. Тийм болохоор морь уяах ажлыг хүүхдүүдтэйгээ хамт үргэлжлүүлнэ.
-Суран эдлэлээ өөрөө хийдэг үү, эсвэл худалдаж авч байна уу?
-Ер нь бол морь, малд хэндэр хүргээд байх дургүй болохоор суран эдлэлээ өөрөө хийдэг. Бас хүүхддүүдээ зааж өгсөн. Манай аав суран эдлэл сайн хийдэг хүн байсан.
-Залуу малчиддаа хандаад юу гэж хэлэхсэн бол?
-Тэмээ өсгө л гэж хэлмээр байна. Хайрхан багт манайхаас өөр тэмээтэй айл ховор. Малчид техникжээд тэмээнээсээ хөндийрсөн. Би хүүхэд байхын тэмээнд хайртай болохоор одоо хүртэл өсгөөд явж байна. Хяргас нуурын ойролцоо буухаараа тэмээгээ унаж хонио хариулдаг. Тэмээтэй хүн их амар. Өдөр нь хонио хариулаад идүүлчихээд, шөнө нь уяад хонуулчихна. Өглөө босоод морь хаана хоносон бол гээд дэвхэрч гүйхгүй. Гадаа тавьсан мотоцикль хөрсөн болов уу гэж айхгүй. Шууд л унаж аваад хониныхоо хажууд идүүлээд явна. Бас долоо хоног хоолгүй байсан ч чаддаг юм. 
-Танд баярлалаа.
                                                                                                                                                                                                                                                 Б.Батхүү