Хуруун чинээ лааны гэрэл


Зохиолч: Ц.ДОРЖГОТОВ,

Намшир өвгөнийх Зана өвгөнийхтэй хоёр гэрээрээ өвөлжиж байна. Өвлийн шөнийн уртыг хэлэх үү, хоёр өвгөний нойр сэрвэлзэх, сүүж чилэх зовлон адилханыг хэлэх үү? Бас дээр нь хоёул гэрэл гаргах лаагүйгээс харанхуйд гэр гэртээ уйтгарлан сууна.
Харин Занынд хуруун чинээ ганц лаа үлдсэнийг Намшир зах зээлийн өвгөн гэсэндээ тандаж мэдээд энэ үдэш тэднийд орж өчүүхэн лааны сүүмэлзэх гэрэлд хуучилав.
Уг нь ч гэрэл гэгээ баяр баясгалан авчирдаг байтал мань хоёрын яриа тэгэсхийгээд таарсангүй. Намшир нь сүүлдээ нэг муу үзэл бодлоороо дээрэлхээд эхлэнгүүт нь Занын шар гозойж, "Үгүй энэ муу Намшир намайг дандаа өөрөөсөө дорд үзнэ шүү. Би энэ муугаас ер нь юугаараа дутах юм бэ" гэж бодоод, сүүтэгнэх хуруун чинээ лаандаа гэнэт харам сэтгэл төрж "Үгүй ээ, Өөрөө лаагүй гуйлгачин байж байж хүний лааны гэрэл бараадаж орж ирчихээд бас эзэнд нь номчирхох юм гэнэ. Ерөөсөө энэ лаа урсаж байна гэдэг чинь надаас л гарз гарч байгаа хэрэг” гэж шаралхаад уурандаа лаагаа пү үлээчлээ.
Үгүй хөөе чи яаж байна аа хөөе гэж Намширыг асуухад Зана "За чи ямар ном уншиж байгаа биш, цээжээрээ ярьж байгаа юм чинь гэрлийн хэрэг юу байна, харанхуйд ярихгүй юу чи?" гэж ундууцахад Намшир, "Мм Зана маань лаагаа л гамнасан болохоос биш миний ярианд дургүйцээгүй л юм байна." гэж олзуурхаад гээд "мн за гээд чи саяын миний ярьсаныг ер ойлгов уу хө?” гэхэд ойлгохгүй байна аа, ойлгохгүй байна. Үгүй ер нь ойлгоод ч яадгийн. Гэхэд Хэ хэ, Тэгж ч болохгүй дээ хөө. Ээ дээ чи маань даан ч харанхуй байна даа " гэснээ өөрөө харанхуйд өвөрөө суйлан сугаа маажсанаа, "Үгүй хө энэ дараачийн сонгуульд ямар нам ялах бол? гэвэл “хн ямар нь ч ялсан ер нь яадгийн тэглээ гээд ямар сайн сайхан болох юм биш" гэж зандараад Зана гэнэт шүдэнз зурлаа.
Шүдэнзний гал харанхуй гэрт зөвхөн Занын хүрэлгэр нүүрийг гэрэлтүүлэхэд уурандаа хоолойгоо тултал нь гударсан гаансных нь толгой шүдгүй тулман амнаас нь дөнгөж цухайж харагдана.
Өвгөн шүдэнзний галаар сахлаа хуйхлах шахан байж тамхиа асаагаад модыг нь няслачихсан чинь асаж байсан шүдэнзний мод Намширын чихийг эгээтэй түлчихсэнгүй хажуугаар шүргэн өнгөрч ойчсон газраа гал нь хэдхэн сөрвөлзөөд унтарлаа. Гэрт дахиад л тас харанхуй боллоо.
Зана гаансаа хэд хүчтэй сорж, уушигласан утаагаа хамар амаараа буцаан садгадуулангаа - "За Намшир минь чи бид хоёр хэзээ мөдгүй үхэх дөхсөн улс. За чи одоо ийм дэмий юм ярьж суусан дорвол ганц нэг эрх маань уншиж бай, юмыг яаж мэдэх вэ хэрэг болж мэднэ шүү." гэхэд Намшир " Хэ хэ маань шиг хэрэггүй юм ер нь хаа байна. Би тэр маанийг чинь уншиж мэдэх ч үгүй" гэлээ.
Зана гаансныхаа хүнд төмөр толгойгоор мөнгөн цохилуураа ялбийтал балбангаа,"Үгүй чи чинь багадаа Эрдэнэ зуугийн цогчин дуганы арын мөрөнд саарьтай тавхайгаа орхимжон дороосоо цухуйлгачихсан хурал хурж суусан биз дээ" гэж цухалдлаа.
"Өө тэр бол яахав юм мэдэхгүй багын гэнэн явдал. Одоо бол тэр зэргийн юманд хууртагдахааргүй болчихсон хүн шүү Зана минь" гэхэд “За за чи ч яахав тэгдэг юм байж. Харин өөд болоод хэдхэн сар болж байгаа муу эмгэнийхээ хойноос ядаж ганц нэг эрх маань уншихад ер нь яадагийн чи? Чамд хэрэг болдоггүй юм аа гэхэд өнгөрсөн тэр хөөрхий амьтанд хэрэг болж юуны магад вэ дээ?" гэхэд нь "-Үгүй, Хэрэг болохгүйг нь мэдээд байгаа юм чинь маань уншиж яах юм бэ" гэж хэлэх яг тэр агшинд нас барсан эмгэн нь гандан хурал гэх мэтийн үгс хагас дутуу хэлээд өөр лүү нь сарвалзаж байсан нь нүдэнд нь үзэгдэх шиг болоход Намширын дотор аягүй болж хэсэг зуур дуугарч чадсангүй.
Тэгээд дотор нь жаахан онгойсоны хойно, "- Энүүнд хорондоо бууж өгөхгүй юм шүү. Үгүй энэ одоо надаар одоо шашин шүтүүлж ер нь яах нь вэ хөөе? Үгүй бүр заавал ч үгүй маань уншуулах гэж хор нь буцлаад байгааг хараач хөөе" гэж бухимдсан боловч, өнгөндөө их талбиухнаар хүн хүний бодол ондоо хө Зана минь, Үгүй, чиний шүтэх өөр хэрэг ээ. Би чамайг бурхан битгий шүт гэж гээгүй байхад чи намайг тулгаад байх юм даа” гэхэд Зана “Чи намайг бурхан битгий шүт гэж тулгаагүй нь үнэн. Харин чи талийгаач Гэрэлсүрэндээ насаар нь эрх бариулалгүй байлгасаар байгаад үхүүлсэн гэдгийг чинь энэ голынхон мэднэ шүү. Хөөрхий муу хань чинь тал харвачихаад байхдаа хүртэл чамаас нууж маань уншиж байсныг нь ч бас цугаараа мэднэ. Чи ч ихээхэн нүгэлтэй амьтан даа." гэж ширүүсээд ирэнгүүт зөөлрүүлэхгүй бол горьгүй нь гэж хаширласан Намшир "-Хэ хэ, үгүй чи одоо нүгэл мүгэл гэж одоо юун завхарсан юм яриад унав аа? гэхэд нь "-Аа мөн, нх чи бас нүгэл байхгүй гэж хуцах нь уу? Нүгэл бий шүү, хулгай хийвэл нүгэл, худлаа хэлбэл нүгэл. Хүн албал юу вэ, нн нүгэл бишээ гэж чи улих уу? Үгүй одоо хүн гомдоож үхүүлбэл чинийхээр бол нүгэл биш үү аан? Чи ерөөсөө гар, харь. Чиний энэ дэмий яриаг чагнаж суух ч надад бас нүгэл болно" гээд Зана зулаа өргөж, бурханаасаа адис авч залбираад, эрх эргүүлж маань уншиж эхэллээ.
Намшир эзгүй, харанхуй, хүйтэн гэртээ харимгүй, зулын гэрэл жаахан бараадмаар байсан хэдий ч, одоо яая гэх вэ нэгэнт ийм болсон хойно. Муудсан өвдгөө шажигнуулан өндийж гарахаар маажигналаа. 
Энэ үед Занын эхнэр Бундхорол гаднаас орж ирээд "-Үгүй Намшир чи бид хоёртой ханьтай жаахан сууж хуучлахгүй яагаав." гэхэд нь “- Зүгээр ээ, харьж хэвтэе дээ гэж хэлтэл хоолой нь чичэрч орхилоо.
Тэгээд гэртээ орж харанхуйд гуниж гутран нэлээд суулаа. Сэтгэл нь дааж давшгүй эмзэглээд нойр нь хүрэх янз алга. Хүйтэн хөнжилд шургасан хойноо муу бүрлээч ханиа бүр ч үгүйлж, тэр маань яагаад намайг орхиод явчихав даа. Би хөөрхийг гомдоол уу? Гомдоосон. Зөндөө гомдоосон. Өөд болсны нь дараа дэвсгэр нь дороос нь эрх гарсан нь үнэхээр л надаас нууж маань уншиж байсны шинж. Тэгж ч байгаа болов уу гэж сэжиглэж хөөрхийг хэлэх, хэлэхгүй үгээр загнаж уйлуулж байсан. Би ч үнэхээр нүглийн тариа юм даа ёстой. Муу хөгшнийхөө гомдлыг цайруулж чадахгүйгээс хойш амьд яваад яах ч юм билээ. Хөгшин минь нүгэлт намайг битгий өршөө. Хохь нь муу хар хүүр" гэж гашуун нулимсаа хүйтэн эцэнхий гараараа шудран байж хөнжилдөө битүүхэн уйллаа.
Тэгээд унтахгүй хэвтсээр үүрийн таван жингээр зүүрмэглэтэл түлэх түлшгүй ганц бие өвгөний гачигдал юм хойно өөрийгээ тэр аргал түүж яваагаар хар дарж зүүдэллээ. Аргал олдохгүй болохлоор айлын шаваастай аргалаас хулгайгаар ухаж байсан чинь овоолоостой том том хөх аргалууд дороосоо оволзон түмбийсээр нуран задарч дундаас нь уранхай хөсрий саарал дээл эгэлдэргэлсэн талийгаач Гэрэлсүрэн нь цухуйж ирснээ нүүр буруулахад нь Намшир,
- "Үгүй чи минь одоо болтол төрлөө олоогүй яваа юм уу" гэвэл би нэг иймэрхүү л янзтай явж байна шүү дээ гэж нэг янзгүйхэн хэлэх шиг болоход нь Намшир цочин сэрж, оволзсон зүрхээ дараад “еө еө ум мани бад ми хум, ум мани бад ми хум” гэж өөрийн эрхгүй түргэн түргэн уншлаа.
"Мх за ерөөсөө Заныхаас салж амьтан хүнээс алс хол ганц гэр буугаад зул өргөж хөгшнийхөө хойноос маань уншья. Уншсан маань муу хөгшинд минь хүрч сайн төрлөө олоход нь тус болоосой. Зөндөө маань уншъя, ма ни бад ми хум, ма ни бад ми хум өдөр шөнөгүй уншъя. Ерөөсөө нойр хоолгүй уншъя" гэж үглэн орилсоноо гэнэт үрчгэр нүүрээ харанхуйд татгануулан, шүд зууж "- Гэхдээ маань уншиж, зул өргөж байгаагаа хэнд ч мэдэгдэхгүй юм хун даа. Ялангуяа энэ муу Занад уу, огт сэжиг авхуулж болохгүй. Тэгээд, учир нь олдохгүй энэ орчлонтой тооцоо дуусгаж, нам үхэж, яс амрах юмсан. Ум ма ни бад ми хум, ум ма ни бад ми хум" гэж үглэн шивнэсээр байлаа.