Хог хаягдлаа хуваарьтай өдөр гаргаж тавихыг санууллаа

Улаангом тохижилт үйлчилгээ ОНТҮГ-аас сар бүр аймгийн төвийн гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлыг хуваарийн дагуу ачдаг. Тэгвэл тус байгууллагыг ажил үүргээ гүйцэтгэж байх явцад айл өрхүүд хуваарьт өдрөө хогоо гаргаж тавьдаггүй, зарим айл ачсаны дараа гаргаж тавьдаг, үүнээс болоод цаг тухайд нь хогоо ачдаггүй, ажлаа дутуу хийлээ гэсэн асуудал байнга гардаг байна.

Аймгийн төвийн 12 багийн Засаг дарга нар энэ тухай иргэддээ өөрсдөө мэдээлэх, эсвэл цахим орчин болон орон нутгийн телевизүүдийг ашиглан хог ачих өдрийн хуваарийг ард иргэдэд мэдээлэх ёстой байна. Гэтэл зарим иргэн хог ачих хуваарьт өдрөө сайн мэдэхгүй байгаагаас ийм асуудал гарч байгаа аж.

 

“Нэг үеэ бодоход гэр хороолол дундах хог хаягдал цэгцэрч, золбин нохой, муур ховордсон. Энэ нь холбогдох байгууллагууд ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэж байгаатай холбоотой.  Иймд ард иргэд ухамсартай байж, Улаангом хотоо цэвэр цэмцгэр, ая тухтай, эрүүл орчинтой болгохын төлөө зүтгэж яваа хот тохижилт үйлчилгээний газрын хамт олны ажлыг хүндэлж, хуваарьт өдрөө хогоо хаягдлаа гудамжинд гаргаж тавихыг уриалж байна” хэмээн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав хэллээ.