Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм хүрч хүйтэрнэ

Аймгийн УЦУОШТ-өөс ирэх 2-р сарын цаг агаарын төлөв мэдээг танилцууллаа. Ирэх сард аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бөгөөд Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

Харин сарын сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч эрс сулрах аж. Бусад хугацаанд Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн, нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байх юм байна. Хур тунадасны хувьд сарын дундуур нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи сарын дундуур болон сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с, түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.

 

“Энэ сарын 1-нээс эхлээд хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул малчид, ард иргэд та бүхэн хөдөөгийн сум, баг руу зорчихдоо батлагдсан зам маршрутын дагуутехникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бензин шатахууны нөөцтэй явах хэрэгтэй. Мөн малчид, иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахаас гадна автозамд халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөлөөс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” хэмээн аймгийн УЦУОШТ-ын инженер М.Отгонхүү хэллээ.