Увс аймгийн 2015 оны аварга тэргүүнүүдийн сэтгэгдэл

   Увс аймгийн 2015 оны аварга тэргүүнүүд тодорч, өнгөрсөн бямба гарагт аймгийн удирдлагуудаас шагналаа гардаж авсан юм. Энэ үеэр зарим хүмүүстэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

-Увс аймгийн Тариалан сум 2015 оны ажлаараа аймгийнхаа 19 сумыг хошуучилж “Оны тэргүүний сум болсон. Тариалан сумын Засаг дарга С.Цолмон:

   Тариалан сумын иргэд угаасаа ясны хөдөлмөрч, ажилсаг ард түмэн. Аймагт ажлаараа 1-р байранд орсон явдал нь ард иргэдийн маань хичээнгүй зүтгэлийн үр дүн юм. Мөн 2015 онд Тариалан сумын түүхт 90 жилийн ой, Улсын тэргүүний цэцэрлэгийн 60 жилийн ой, Хархираа багийн 30 жилийн ой болсон. Эдгээр ойн далбаан дор сум, багтаа олон арван ажил хийсэн маань одоо үнэлэгдэж байна. Үүнээс гадна сумын удирдлагуудын хоорондын ажлын уялдаа холбоо сайн, бие биенээ дэмжиж, мэдээллээ солилцож, тулгамдсан асуудлуудыг дор бүр нь шийдвэрлэж байсан маань энэхүү амжилтанд хүрэхэд нөлөөлсөн.

   Ингээд  Увсчууд болон Тариаланчууддаа сар шинийн баярын мэндийг хүргэж, ирж буй бичин жилдээ элгээрээ энх амгалан,  төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

-Увс аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудаас 2015 оны ажлаараа 1-р байранд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, шалгарсан юм. Тус хэлтсийн дарга И.Оюунчимэг:

   2015 он бол бидний хувьд амжилт бүтээл арвинтай жил болж өнгөрлөө. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, байгууллагынхаа материаллаг баазыг бэхжүүлэх, хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлэх зэрэг бодит ажлуудыг хийсэн. Мөн улсын төсвийн 400 сая, аймгийн ОНХС-гийн санхүүжилт 70 сая төгрөгөөр ахмадын “Алтан үе” сувиллын барилгыг бариулж ашиглалтад орууллаа. Тэрчлэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг сумдад хэрэгжүүлж, өрхийн амьжиргааны судалгаанд аймгийнхаа айл өрхүүдийг хамруулж мэдээллийн нэгдсэн сан бий болголоо. 2015 оны ажлынхаа үр дүнгээр баруун бүсдээ 1-р байр, улсад 3-р байр, аймагтаа тэргүүн байранд шалгарсандаа баяртай байна. Энэ амжилтыг гаргахад хамтран ажилласан аж ахуйн нэгж, албан байгууллага, ард иргэд болон хамт олондоо баярлалаа гэж хэлье.

-“Оны тэргүүний төрийн үйлчилгээний байгууллага”-аар шалгарсан Улаангом сумын 5-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Тогтохбаяр:

   Өнгөрсөн 3 жилийн хугацаанд манай хамт олон хүүхдийн төлөө цохилох зүрхтэй байж, сэтгэл зүтгэл гарган нэг зорилготой, нэг чиглэлтэй, хамтаараа нэг баг болж ажилласан. 2014 онд “Сургалтын таатай орчин бүрдүүлсэн цэцэрлэг”, 2014 оны сүүлээр “Аймгийн тэргүүний цэцэрлэг”, мөн 2015 оны сүүлээр системдээ тэргүүлж “Боловсролын тэргүүний байгууллага”, одоо аймгийн “Оны тэргүүний төрийн үйлчилгээний байгууллага”-аар шалгарсандаа баяртай байна. Энэ бүх амжилтыг гаргахад хичээнгүй ажилласан хамт олондоо, шаргуу, хөгжилтэй бяцхан шавь нартаа, биднийг дэмжиж хамтран ажилладаг эцэг эхчүүддээ, мэргэжлийн байгууллагуудад талархаж байгаагаа илэрхийлээд сар шинийн баярын мэнд хүргэе.

-“Оны тэргүүний эрүүл мэндийн салбарын ажилтан”, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх их эмч Л.Ганхуяг:

   Увсчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг дэмжиж туслаж ажилладаг аймгийн НЭ-ийн болон ЭМГ-ын хамт олон, тэр дундаа Мэс засал, Сэхээний тасгийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Эрүүл мэндийн салбарт 16 дахь жилдээ ажиллаж байна. Манай тасаг сүүлийн жилүүдэд 3-р шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон нутагтаа чанартай, хүртээмжтэй үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүний нэг тод илрэл бол бид бүхэн 2013 оноос хэвлэлийн хөндийн дурангийн хагалгааг амжилттай хийж эхэлсэн. Мөн нойр булчирхай, давсагны хагалгааг хийх болсноор бид бүхний амжилт ахисан. Сүүлийн жилүүдэд Увс аймагт хавдрын өвчлөл нэн тэргүүнд яригдаж байна. Энэ тохиолдолд эмч мэргэжилтнээ хавдрын чиглэлээр сургаж, цаашдаа орон нутагтаа хагалгаа хийдэг болох шаардлагатай байгаа. Увсчууд маань сар шинэдээ сайхан шинэлээрэй.

-“Оны тэргүүний тариаланч” Н.Оюунбилэг:

  Газар тариалангийн салбарт 31 дэх жилдээ ажиллаж, өнөөдөр ажлынхаа үр дүнг төр засгаараа үнэлүүлэн аймгийн “Оны тэргүүний тариаланч” болсондоо баяртай байна. Удахгүй болох сар шинийн мэндийг Увсчууд болон гэр бүлийнхэн, найз нөхөд, ах дүүсдээ хүргэе.

Увсын өнгө