Увс аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 60 жилийн ой болж байна

Увс аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 60 жил

Мэндчилгээ

   Уулс нь сүрлэг, ус нь тунгалаг Увсын цэнхэр хязгаарт ажиллаж амьдарч, төрөлх нутгийнхаа хөгжил дэвшил, үр хойчийнхоо сайн сайхан амьдралын төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж ирсэн үе үеийн чадварлаг, бүтээлч багш нар, удирдлага, ажилтан ажиллагсад, оч гэрлээр бадарсан олон мянган сурагчид, төгсөгчид та бүхэндээ амжилт бүтээл, ажил үйлс, бахархам түүхээрээ Монгол Улсын боловсролын салбарт түүчээлж яваа Увс аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын  түүхт 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

  Өнөөдөр Увс аймгийн Ерөнхий боловсролын 30 сургуульд (ахлах-15, дунд-7, бага-6, цогцолбор-2) 17536 хүүхэд суралцаж, 1665 багш, ажилтан ажиллаж байгаа бол 33 хүүхдийн цэцэрлэгт 7030 хүүхэд хүмүүжиж, 598 багш, ажилтан ажиллаж байна. Түүнчлэн, 19 соёлын төв, мэргэжлийн урлагийн гурван байгууллагад 219 хүн ажиллаж, боловсрол, соёлын үйлчилгээг аймгийн ард иргэдэд үзүүлж байна.

   Манай Боловсрол, соёл, урлагийн газар нь Стратеги, бодлого төлөвлөлтийн алба, Сургалт, арга зүйн алба, Санхүү, аж ахуй, үйлчилгээний алба гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнд төрийн захиргааны 15, төрийн үйлчилгээний 7, нийтдээ 23 төрийн алба хаагч ажиллаж байна.

   Өнгөрсөн оны ажлаараа манай байгууллага аймгийн 22 агентлагийг тэргүүлж, “Аймгийн шилдэг Төрийн захиргааны байгууллага”-аар шалгарсан амжилт гаргасан билээ. Харин энэ жил улсын төрөлжсөн олимпиадад оролцсон багш, сурагчид маань дөрвөн алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртсэн. Тэрчлэн, 2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор манай аймаг 520,6 оноо авч, улсын хэмжээнд 2-р байр эзлэн өмнөх оноос долоон байраар урагшилсан зэрэг амжилтыг үзүүлсэндээ бид бүхэн баяртай байна.

   Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга С.Дашням

 

 

 

Аймгийн Боловсрол, соёл, урлагийн салбар 2018 онд

  Увс аймгийн боловсрол, соёлын салбарын хамт олон бид 2018 онд дараах онцлог ажил, амжилтуудыг гаргалаа. Үүнд:

-2017 оны ажлаараа аймгийн 22 агентлагийг тэргүүлж, “Аймгийн шилдэг Төрийн захиргааны байгууллага”-аар шалгарлаа.

-Улсын төрөлжсөн олимпиадад оролцсон багш, сурагчид маань 4 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ.

-2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор манай аймаг 520,6 оноо авч, улсын хэмжээнд 2-р байр эзэлсэн байна. Энэ нь өмнөх оноос дундаж оноог 18,6 /502/-аар ахиулж, долоон байраар урагшилсан гэсэн үг юм.

-2018 оны 5 сард ЕБС, цэцэрлэгт 1-20 хүртэл жил ажилласан багш нараас мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалт авсан. Энэхүү шалгалтанд СӨБ-ын 33 байгууллагын 104 багш хамрагдаж, дундаж гүйцэтгэл 62,6 хувьтай, ЕБ-ын 30 сургуулийн 710 багш хамрагдаж дундаж гүйцэтгэл 62,8 хувьтай шалгагдсан байна. Энэ шалгалт багш нарын мэргэжлийн түвшинд өгсөн гарааны үнэлгээ бөгөөд энэхүү үнэлгээнд тулгуурлан 2018-2019 онд хангалтгүй үнэлгээ үзүүлж буй багш нарт чиглэсэн мэргэжлийн сургалт, зөвлөн туслах ажлуудыг зохион байгуулна.

-“УВС-ӨВ СОЁЛ” соёлын ажилтны анхдугаар зөвлөлгөөнийг 4-р сарын 30-аас 5 сарын 31-нд зохион байгууллаа. Зөвлөлгөөнд 19 соёлын төв, мэргэжлийн урлагийн 3 байгууллага, ЕБС, цэцэрлэгийн хөгжим, технологийн багш нар, аймгийн ЗДТГ, БСШУСЯ-ны Соёл урлагийн газар, СУИС-ийн төлөөлөл гэх мэт 200 гаруй хүн оролцож, аймгийн, соёл, урлагийн байгууллагуудын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, хөгжлийн цаашдын чиг хандлагын талаар 3 салбар хуралдаанаар хэлэлцүүлэг өрнүүлж зөвлөмж гаргалаа. Зөвлөлгөөний хүрээнд монгол бий биелгээний баярыг зохион байгуулж, 18 сумын 1000 гаруй бийчдийг хамруулсан нь олон хүний талархал хүлээсэн томоохон арга хэмжээ байлаа.

-“Хүүхэд бидний гэрэлт ирээдүй” сургуулийн өмнөх боловсролын ажилтны 2-р зөвлөлгөөнийг 5 сарын 28-29-ны өдрүүдэд зохион байгууллаа. Зөвлөлгөөнд аймгийн СӨБ-ын 33 цэцэрлэг, аймгийн ЗДТГ, сумдын ЗДТГ, ЭМГ, ГБХЗХГ, Онцгой байдлын газар зэрэг төрийн байгууллагын төлөөлөл 180 гаруй хүн оролцож, сургуулийн өмнөх боловсролын сургалтын агуулга, орчны стандарт, хүүхдийн төлөвшил, эцэг эх иргэдийн оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлж зөвлөмж гаргасан. Энэ удаагийн зөвлөлгөөний онцлог нь 2018-2019 оны хичээлийн жилд заавал эзэмшүүлэх 15 дадлыг аймгийн бүх цэцэрлэгийн хүүхдүүдэд эзэмшүүлэх зорилтыг дэвшүүлж, арга зүйн зөвлөмжийг гаргасан явдал байлаа.

-ЕБС, цэцэрлэгийн  багшийн үндсэн болон түр ажлын байранд орох иргэдээс авах мэргэжлийн шалгалтыг 2 дахь удаагаа зохион байгууллаа. Энэ удаагийн шалгалтад 29 байгууллагаас ирүүлсэн 47 ажлын байранд 9 мэргэжлээр 159 гаруй хүн шалгалт өгсөн бөгөөд шалгалтын  босго оноог давсан 80 шалгуулагч ажлын байранд зуучлагдсан байна.

-Боловсрол, соёл, урлагийн газраас санаачлан “Багш сурагчийн гэрт” аяныг 2 дахь жилдээ зохион байгуулсан нь ард иргэдийн хүсэн хүлээсэн, сургууль эцэг эх багш нарын үйл ажиллагаа оролцоо нэмэгдсэн ажлын нэг боллоо. Уг аянд аймгийн ЕБ-ын 30 сургууль, 31 цэцэрлэг  оролцсон байна. Аймгийн хэмжээнд нийт 30 сургуулийн 750 багш 9500 өрх буюу 11000 хүүхэдтэй хамтран ажиллаж, аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүд орон нутгийн МВС, УВС  телевизээр нийт 10 шууд нэвтрүүлэг буюу “Багш-сурагчийн гэрт” аян хэрхэн явагдаж байгаа талаар мэдээ мэдээлэл, сурвалжлага өгч, эцэг эхчүүдийн санал сэтгэгдлийг дамжуулсан байна.

-2017 оны 11 сард аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас аймгийн ИТХ-ын ажлын алба,  сумдын ИТХ-ын төлөөлөгчтэй хамтран аймгийн 29 сургуулийн нийт 348 бүлгийн 8499 сурагчаас 13 төрлийн хичээлээр мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авсан. Энэхүү шалгалт нь 2017 оны 2 сард зохион байгуулсан гарааны үнэлгээнээс стандарт хангалт 18,8 хувь, чанар 8,4 хувь, даалгаврын гүйцэтгэл 9.6 хувиар ахисан үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдлага сургалтын чанарыг сайжруулах чиглэлд 2017 онд тодорхой ажлуудыг зохион байгуулж, бодит үр дүнгээ өгчээ гэж дүгнэж болохоор байна.

-2018 онд Солонгос улсын соёлын сангаас санхүүжүүлэн хийсэн “Баярлалаа Бяцхан номын сан” төслийн хүрээнд  Өлгий, Баруунтуруун, Хяргас сумдын сургууль болон Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулиудад номын сангийн засвар тохижилт, ном нийлүүлэх зэрэг тус бүр 80  сая төгрөг, нийтдээ 320 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

 

 

 

 

 

Аймгийн багш нарын урлагийн бага наадам

 “Боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн 4.2.16-д заасны дагуу “Багш нарын урлагийн бага наадам”-ыг 2018 оны 6-р сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Урлагийн бага наадамд 11 цэцэрлэг, 15 сургуулийн 170 гаруй багш, ажилтнууд долоон төрлөөр оролцож, эхний байрт шалгарсан баг, хамтлагуудад БСУГ-ын 60 жилийн ойн концертод урилгаар оролцох эрх олгоод байна.

 

“Хүүхэд бидний гэрэлт ирээдүй” аймгийн зөвлөлгөөн

   Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх оновчтой арга замыг хамтран дэвшүүлж, аймгийн сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог эрчимтэй, хариуцлагатай, үр ашигтайгаар хөгжүүлэх зорилгоор “ХҮҮХЭД БИДНИЙ ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ” аймгийн хоёрдугаар зөвлөлгөөнийг 2018 оны 5-р сард амжилттай зохион байгууллаа. Зөвлөлгөөнөөр “Бага насны хүүхдэд заавал эзэмшүүлэх 15 зүйл”-ийг боловсруулж аймгийн хэмжээнд СӨБ-ын салбарын түвшинд аргазүйг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

 

“УВС-ӨВ СОЁЛ” зөвлөлгөөн

   Аймгийн 2018 оны Нийгэм эдийн засгийн зорилт, Боловсрол, соёл урлагийн газрын 2018 оны жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд аймгийн соёл, урлагийн ажилтны “УВС-ӨВ СОЁЛ” зөвлөлгөөнийг 2018 оны 4-р сарын 30-аас 5-р сарын 1-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн 500 гаруй хүүхэд, багш, ажилчид, 18 сумын 500 гаруй соёлын ажилтан, ардын авьяастнууд, нийтдээ 1000 бийчид оролцсон урлагийн тоглолт зохион байгуулсан. Мөн сумдын Орон нутаг судлах танхимд хадгалагдаж байгаа сор үзмэрүүд болон одоо үед ажиллаж, амьдарч байгаа 30 гаруй гар урчуудын бүтээлээр үзэсгэлэн гаргаж иргэдэд сурталчилсан.

  “Аймгийн соёл, урлагийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид орон нутгийн тогтвортой хөгжилд соёл урлагийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт нэгдсэн хуралдаан, салбар хуралдаануудыг зохион байгуулж 200 гаруй төлөөлөгчийг хамруулсан. Тус зөвлөлгөөнөөс 6 зүйл анги бүхий 27 заалттай зөвлөмж гарган соёл, урлагийн байгууллагуудад хүргүүлэн, үр дүнг тооцон ажиллаж байна.