УЦУОШТ-ийн барилгын тендэр шалгаруулалтад мониторинг хийжээ

ЛЭОС-гийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн байгууллагын төсөв, санхүүгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, Тендер худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн хяналтыг сайжруулах зорилгоор энэ оны 3-р сарын 10-ны өдрөөс 5-р сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн хоёр давхар барилгын ажлын тендер шалгаруулалтын үйл явц, чанар, үр дүн, гүйцэтгэлд мониторинг хийсэн байна. Барилгын зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчин М.Оюунцэцэг, сантехникийн зөвлөх инженер Ш.Батцэнд, цахилгааны зөвлөх инженер Ү.Амгалан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг эрхийнхээ хүрээнд тус барилга угсралтын болон ашиглалтын чанар байдлыг зураг төсөв болон бичиг баримттай тулган мониторинг хийж дуусгажээ. Аймгийн УЦУОШТ-ийн барилгын ажлын тендер шалгаруулалтад мониторинг хийсэн ажлын хэсгийн гишүүдийн зүгээс уг тендер нь хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Уг барилга нь улсын төсвийн 1 тэрбум 230 сая төгрөгөөр баригдсан бөгөөд гүйцэтгэгчээр “Дүрт уул” компани ажиллажээ. Өнгөрсөн оны 7-р сарын дундаас эхлэсэн тус барилгын ажил 11-р сарын сүүлчээр дуусч, улмаар ашиглалтад орсон байна. Гэвч сар бололгүй зарим өрөөний хана, тааз нь мөөгөнцөртөж, цонхны шил нь цуурж, бас ганц хоёр паар хагарч, өрөө тусгаарласан ханануудад цууралт өгч эхэлсэн байна. Иймэрхүү байдалтайгаар аймгийн УЦУОШТ-ийн ажилчид шинэ байрандаа ажил үйлчилгээгээ явуулан энэ өвлийг давжээ.

Аймгийн ЛЭОС-гийн Увс аймаг дахь салбараас энэ оны 3-р сарын 10-аас эхлэн тус барилгын тендер шалгаруулалтад мониторинг хийхээр холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлж, бичиг баримт бүрдүүлж эхлэхтэй зэрэгцэн “Дүрт уул” компанийн зүгээс тус барилгад үүссэн эвдрэл гэмтлүүдийг засч эхэлсэн байна. Одоогоор зарим өрөөний цуурсан цонхийг сольж, хана, таазнуудын мөөгөнцөрийг хусч арилган, дахин янзлаад байна. Бас нээгддэггүй байсан гражийн хаалга нээгддэг болжээ. Цаашид төв замаас тухайн барилга хүртэлх дэгэн догонтой, чулуутай замыг зургийнх нь дагуу тэгшилж янзлаад, гадна орчинд нь зүлэг ногоо тарьж, барилгын дотор талын цуурсан хэсгүүд болон дутуу үлдээсэн ажлуудаа гүйцээх шаардлагатай байгаа юм.

Тендер шалгаруулалт удааширч, цаг алдсанаас болж барилгын ажлыг богино хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд энэ нь барилгын чанарт муугаар нөлөөлсөн байна.  

Увсын өнгө