УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан Америкийн тайзнаа Өрнө-Дорнын сонгодог аялгуут хос жүжгийг тоглоно

Увс аймгийн уугуул, УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан Америкийн тайзнаа Өрнө-Дорнын сонгодог аялгуут хос жүжгийг энэ сарын 19-нд тоглох гэж байна.

Тэрээр УГЗ Б.Баатарын найруулсан, Украйны зохиолч Нина Мазурын "Эдит Пиaф" орчин үеийн сонгодог аялгуут жүжиг болон СГЗ, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Галааридын  "Тэнгэрийн аялгуу" аялгуут жүжгийг тоглох юм.

 Энэхүү жүжиг нь эхдээ хаягдаж эцгийн хатуу гараар Эдит гудамжны амьдралаас хэрхэн дуучин болж гарч ирснээр эхлэх бөгөөд түүний дуулсан L Hy mne al amour, La Vie en rose, Non, je ne regrette rien, Padam... Padam..., Marseillaise зэрэг дууг дуулж, Mon Lugionnaire, L accordioniste, Sous le ciel de Paris дуунууд хэрхэн төрөн гарсан тухай өгүүлнэ. 
Эдит Пиафын дуунууд нь түүний дурлалт залуус, бүтэлгүй хайрын түүхүүдээс сэдэвлэн төрөн гарч байжээ. Тэрээр 47-хон наслахдаа хүнд бэрх амьдралыг даван туулсан бөгөөд хайр дурлалгүйгээр тэрний амьдралыг төсөөлөхийн аргагүй юм. Түүний дуунууд нь өөрийнх нь хайр дурлалын нэг хэсэг бөгөөд амьдралын гол үндэс нь болж байжээ.

МУСТА Ц.Баясгалан 1997 оноос эхлэн УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд “Нууц амраг чинь болъё” жүжгийн Шүр, “Хайрын виз” жүжгийн Ану, “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн Сарнай, “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Лис, Розина нарын дүр, “Солиотой жүжиг”-ийн Жанна, “Домогт Ану хатан” жүжгийн Ану хатан, “Эсрэг дурлал” жүжгийн шивэгчин зэрэг 50 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг тайзнаа амилуулжээ.