Томск мужаас орос хэлний багш ирж хичээл зааж байна

ОХУ-ын Томскийн улсын их сургуулийн орос хэлний танхимын доцент багш Анна Владимировна Хизниченко Увс аймгийн хүүхэд багачууд, ард иргэд, орос хэлний багш нарт сургалт явуулж байна. Тэрбээр нийтдээ таван группын 100 гаруй хүнд орос хэлний анхан шат болон заах аргазүйн чиглэлээр хичээл заах аж. Орос хэлний сургалт энэ сарын 29-ээс аймгийн БСУГ-ын сургалтын танхимд эхэлсэн бөгөөд өдөр бүр явагдах юм байна.

Увс аймаг ба ОХУ-ын Томск мужийн хамтын ажиллагааны хүрээнд Томск мужийн захиргаанаас Увс аймгийн Орос хэлний төвийн үйл ажиллагааг дэмжих, орос хэлний сургалтыг дэмжих зорилгоор 2018 онд тус мужаас 2300 гаруй орос хэлний ном, сурах бичгийг ирүүлж байсан юм. Мөн үүний зэрэгцээ тус мужийн захиргаанаас 3 дахь жилдээ Томскийн улсын их сургууль болон багшийн их сургуулиас орос хэлний багш нарыг Увс аймагт илгээж байгаа нь энэ юм.