С.Анхбаяр: Манай 11-р баг улсын хэмжээнд жишиг баг болно

   Улаангом сумын 11-р багаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Сайнбилэгийн Анхбаяртай ярилцлаа. Түүний хувьд өнгөрсөн сонгуульд бие дааж нэр дэвшсэн бөгөөд өдгөө аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байна. Фасевуук, твитер гээд цахим орчинд түүнийг танихгүй хүн ховор байх. Улс орны болоод аймаг орон нутагт өрнөж байгаа үйл явдал, нэн ялангуяа улс төрийн асуудлаар өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, дуу хоолойгоо гаргаж ирсэн нь түүний  онцлог тал гэлтэй. Ямартай ч дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй нь сэтгүүлч С.Анхбаярын хамгийн авууштай чанар юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа уншигч та бүхэндээ хүргэе.

-Аймгийн ИТХ-д сонгогдоод гурав дахь жилдээ ажиллаж байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд өөрийн тойрогтоо ямар ажил хийж амжуулав? 

-Өнгөрсөн сонгуулиар аймгийн ИТХ-д бие дааж нэр дэвшээд ялалт байгуулсан. Түүнээс хойш мөрийн хөтөлбөртөө багтсан ажлаа хийхийн тулд өөрийн дуу хоолойгоо гаргаж, санал санаачлага дэвшүүлэн ажиллаж ирлээ. Улсын төсвийн хөрөнгөөр болон төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгээр баг дээрээ тодорхой ажлуудыг хийсэн. Манай багт байрлах Хоёрдугаар цэцэрлэг нь 1976 онд яслийн зориулалтаар баригдсан. Түүнээс хойш цэцэрлэгийн зориулалтаар ашиглах болсон ч урлаг заалгүй, өргөтгөлгүй, агааржуулалт муу, гадна пасадны засвар хийгдээгүй, цонхны дулаан алдалт их гэх мэт олон зүйл учир дутагдалтай байсан. Энэ асуудал дээр аймгийн ЗДТГ-тай хамтран ажилласны хүчинд Турк улсын ТИКА төслийн 80 сая төгрөгийн хөрөнгөөр Хоёрдугаар цэцэрлэгийн дээврийг засуулсан. Ус ордог, цахилгааны монтаж ил задгай, гал гарах өндөр эрсдэлтэй байсныг ийнхүү тус төслийн хөрөнгөөр засаж тохижуулснаар цэцэрлэгийн багш ажилчид, хүүхэд багачууд аюул эрсдэлгүй, амар тайван орчинд ажиллаж, суралцаж байна.

   Тус цэцэрлэгийн өргөтгөлийн асуудлаар манай багаас УИХ-д сонгогдсон гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбатад хандсан. Хэдийгээр улсын төсөвт суулгах боломж хомс байгаа ч гадаадын төсөл хөтөлбөрт хандаад 150 хүүхдийн ортой өргөтгөл барих ажил төслийн хэмжээнд явж байна. Дараа жилээс энэ ажил эхлэх байх. Мөн тус цэцэрлэг аймагтаа анх удаа хөл бөмбөгийн талбайтай болсон. Гадна тоглоомыг цогцоор нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдэж өгсөн. Яагаад гэвэл манай багт хар зам баригдсанаар хүүхэд багачууд тоглох газаргүй болж зам дээр тоглох болсон. Энэ бол Улаангом сумын гэр хорооллын хувьд нийтлэг асуудал. Зам дээр тоглож байгаа хүүхдүүд эрсэлд орох өндөр магадлалтай. Хүүхдүүд аюулгүй орчинд тоглох хэрэгтэй тул хаалгыг нь битгий цоожлоорой, эвдрэх зүйл байвал хамаагүй эргээд засчихна, хамгийн гол нь хүүхдүүдийг чөлөөтэй тоглуулаарай гээд цэцэрлэгийн эрхлэгчтэй нь ярьж тохирсон байгаа.

   Мөн манай багаас сонгогдсон Улаангом сумын ИТХ-ын дарга Н.Ганцогтын санал санаачлагаар Гиваан баатарын талбайд Гэрэлт гудамж байгуулагдсан. Гэрэлт гудамжны цаана байгаа сагсны талбайтай, ногоон байгууламжтай хэсгийг 2016 онд Д.Цэндсүрэн даргын гарын үсгээр хувь хүнд Жүдогийн ордон байгуулна гэсэн нэрийдлээр өгсөн байсан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноосоо хойш энэ газрыг шүүхдэж байгаад төрийн мэдэлд буцааж авсан. Энэ газар дээр 280 сая төгрөгөөр хүүхэд, залуучууд амарч зугаалах зориулалт бүхий ногоон цэцэрлэг байгуулахаар ажиллаж байна. Гар утсаа цэнэглэнгээ тоглодог, усан оргилууртай, сагсны талбайтай, шаардлага хангасан орчин нөхцөл бий болгохоор зураг төсөв нь хийгдээд ирэх онд тендер нь зарлагдахаар болсон.

Үүнээс гадна энэ онд манайх шинэ багийн төвтэй болсон байгаа. Тохижилтын ажлыг дулаарахаар хийнэ.

-Танай багийн өмнө тулгамдаж байгаа өөр ямар асуудлыг шийдвэрлэхээр болсон бэ?

-Манай багт хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол нийтийн дэд бүтэц. Халуун дулаан, бохир,  цэвэр усны асуудал гэсэн үг. Энэ ажлыг аймгийн удирдлагууд, хурлын төлөөлөгчидтэй хамтарч хөөцөлдсөн. Манайхаас сонгогдсон үе үеийн УИХ-ын гишүүдтэй ажлын хэсэг гарч уулзсан. Үүний үр дүнд 9 тэрбум төгрөг энэ оны төсөвт орон нутгийн хөрөнгө оруулалтаар орж ирсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын багцаас 750 сая төгрөг гаргаад “Хөгжлийн хөтөч төв” хөтөлбөрөөр зураг төсвийг цогцоор нь хийлгэсэн байгаа. Энэ ажил маань Улаангом сумын хэтийн хөгжлийн төлөвлөгөөг харж хийсэн, 100 жил хөдлөхгүй хөрөнгө оруулалт болж үлдэх юм. Төв зам дагсан шугамуудаа 2,70-ын өндөртэй цутгамал хонгилуудаар хийнэ. Газар доорх хот баригдана гэсэн үг. Энэ хонгилууд дээр бүх хоолойнуудаа суулгаж өгөх бөгөөд эвдрэл гэмтэл гарвал дотор нь ороод сольчих боломжтой баригдана. Үндсэндээ Улаангом сумын 4, 5, 6, 7, 11-р багт хийгдэж байгаа энэ ажилд ойролцоогоор 42 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдэг урьдчилсан тооцоо гарсан.

   Төв зам дагуу хонгил явна. Айлууд руу салаалсан шугам явна. Манай багт 35 айлын хашаа шугам дээгүүр явж таарсан. Аймгийн хэмжээнд энэ таван баг дээр 100 гаруй айлын хашаа шугам дээр таарч байгаа. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар Улаангом сумын удирдлагатай хамт явж шугам дээгүүр хашаа нь дайрч байгаа айлуудын эзэдтэй уулзсан. Энэ 3 м газар доогуур шугам явна, та бүхэн энэ газар дээр юм барихгүй чөлөөтэй байлгаж өгч чадах уу, ойрхон худаг гаргаж өгье, дэд бүтцэд холбогдох боломж бүрдэнэ, зөвшөөрч байна уу гэсэн гарын үсэг авахад иргэд 98 хувьтай зөвшөөрсөн.

   Ямартай ч энэ ажил 3-4 жил үргэлжилнэ. Ирэх жил сонгуулийн өмнөх жил гээд ахиухан төсөв тавибал илүү богино хугацаанд дуусгах боломж бүрдэнэ. 2020 он гэхэд Улаангом сумын 5 багийн гэр хорооллын айлууд дэд бүтцэд холбогдоод хашаандаа халуун хүйтэн устай, хаус хороолол үүсэх хэмжээнд очих байх. Мөн Польшийн засгийн газрын дэмжлэгтэйгээр бохир цэвэрлэх байгууламж ирэх жилээс баригдах юм. 

-Сонгогдсон багийнхаа цаашдын хөгжлийн чиг баримжааг юу гэж харж байна? Цаашдын зорилго чинь юу вэ?

-Манай баг улсын хэмжээнд жишиг баг болно. Хөрөнгө оруулалт татахад хамгийн боломжтой, төвд ойрхон, ард иргэд нь ч дээр үеийн сэхээтэн голдуу хүмүүс хэдэн үеэрээ амьдарч ирсэн баг. Хэдийгээр бие даагч бүлэггүй төлөөлөгч гэдгээрээ олонхийн шийдвэрт нөлөөлөх боломж надад хомс байгаа ч С.Анхбаяр гэдэг хувь хүний хувьд бусадтай харилцах харилцаа байна. Зарим хүмүүстэй ах дүү болно, заримтай нь дайсан болно. Ямар ч байсан өнөөгийн аймгийн удирдлагууд бие даагч гэж хайрсангүй, тэргүүлэгч болгоод, багт хөрөнгө тавих асуудлыг ялгаварлахгүйгээр хуваарилаж ирсэн. АН-ын таван төлөөлөгчийн хувьд ч гэсэн адилхан тойрогтоо хөрөнгө хуваарилуулаад явж байна. Эцсийн эцэст нам хамаагүй, тухайн тойргийн ард иргэдээ л бодсон шийдвэр гаргах хэрэгтэй шүү дээ.

-Багийнхаа талаар товч танилцуулаач?

-Манай баг 628 өрх, 2218 хүн амтай. Хүн ам шигүү, газар нутаг багатай, Улаангомын хамгийн анхны багуудын нэг. Зураач, урлаачид, багш нар анх энд нүүж ирж хашаа хатгаж бууж байсан. Одоо ч тэр хүмүүсийн үе удам хашаагаа өвлөж аваад амьдарч байна. 1945 онд манайх энэ хашаанд бууж байсан гэж хэлэх хүн ч байдаг.

  Одоогоор манай багийн өмнө тулгамдаж байгаа асуудал гэвэл замын гэрэлтүүлэг байна. Хот тохижилт, үйлчилгээний газартай яриад урд талын хар зам дагуу гудамжны гэрэлтүүлгийг асааж байгаа. Харин шинээр барьсан хар зам дагуух гэрлийг асааж өгөхийг аймгийн удирдлагуудад тавьж уламжилдаг. Нэг км нь 3,5 тэрбум төгрөгөөр барьсан энэ замын төсөв мөнгийг яаж шийдсэн нь тодохойгүй байдаг. Өөрөөр хэлбэл, компанийн эзэмшилд байгаа зам дээр гэрэлтүүлэг тавьж болохгүй гацаа үүсээд байна. Гэрлийг нь асаах гэхээр  нийтдээ 18 тэрбум төгрөгийн өрөнд уначих гээд байгаа.

-Сонгогчдоос хувийн гуйлт хэр зэрэг ирдэг вэ?

-Жил бүр айл өрхүүдээр явж ард иргэдтэй уулздаг. Мэдээж хувийн асуудлыг би шийдэж чадахгүй. Хүн ажилд оруулаад өгөөч гэж гуйж ирдэг хүмүүс байдаг. Хурлын төлөөлөгчийн ажлын чиг үүрэгт тийм зүйл байхгүй. Би иргэдээ төлөөлж нийтийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ гэж боддог. Энэ зарчмаа ч барьж явдаг. Манай багийн иргэд дэд бүтцийн асуудлыг шаардаж байсан. Энэ ажил маань 2-3 жилийн хичээл зүтгэлийн ачаар ажил хэрэг болж эхэллээ.

 Иргэдэд хандсан ажлыг аль болох төсвийн мөнгөөр хийхийг зорьдог. Улс төрчид хувиасаа мөнгө гаргаад асуудал шийдэж өгөөд байдаг. Энэ буруу тогтолцоо. Тэр хүн хувиасаа мөнгө гаргаад өгсөн тохиолдолд эргээд санал өг гэнэ. Энэ бол зарчимгүй үйлдэл. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарт жил бүр 5 сая төгрөгийн зардал хуваарилагдаж ирдэг. Эндээс тусламж шаардлагатай иргэддээ өгдөг. Ер нь бол мөнгө тарааж өгөхөөсөө илүү ирээдүй хойч үедээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй л дээ. Миний хувьд энэ жил оюутан сурагчдын дунд тэтгэлэгт уралдаан зарласан. Харамсалтай нь оюутнууд хойрго хандсан. Манай баг 100 гаруй оюутантай тул ядаж л 10 гаруй материал ирэх боловуу гэсэн чинь таван ширхэг материал ирсэн. Ямартай ч ирсэн материалыг үнэлж үзээд урамшуулал олгоё гэж бодож байна. Мөн олимпиадад амжилт гаргасан багш, сурагчдаа урамшуулдаг.

-Аймгийн ИТХ дахь залуу төлөөлөгчдийн нэгний хувьд одоогийн залуусын идэвх оролцооны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Миний  хувьд фасебуук, твитер идэвхтэй хэрэглэдэг. Энэ нь залууст өөрийн хийж байгаа ажлаа хүргэх, саналыг нь сонсоход чухал нөлөөтэй байдаг. Багийн хурал дээр очихоор дандаа тэтгэврийн насныхан ирдэг. Манай ахмадууд нийгэмдээ залуучуудаас илүү оролцоотой байгаа нь сайн хэрэг. Ирээдүй, үр хүүхдийнхээ төлөө санаа зовж байна, багийнхаа бүтээн байгуулалтын төлөө санаа тавьж байна. Гэтэл амралтын өдөр багийн хурал хийгээд ч залуучууд ирдэггүй. Энэ залуус хаана байна цахим орчинд байна. Иймээс байгаа газарт нь тааруулж мэдээлэл өгөхөөс өөр аргагүй. Миний хувьд сэтгүүлч мэргэжил давуу тал болдог. Би өөрөө ил тод байна гэсэн уриатай гарч ирсэн. Энэ уриагаа аймгийн удирдлагуудад ч тавьж шахаж шаардаж байгаа.

-Аймгийн ИТХ-ын  ээлжит хуралдаанаар төсөв хэлэлцэх үед зарим асуудал дээр хатуу байр суурьтай байж, яагаад дэмжихгүй талаараа өөрийн фасебуук хуудсаараа болон хурал дээр үгээ хэлж байсан. Энэ талаараа  тодруулж яриач?

-2018 оны төсөв дээр том маргаан болсон. Аймгийн Засаг даргын зөвлөлөөс маш муу төсөв оруулж ирсэн. Ганц гэлтгүй бие даагч эсэргүүцвэл болдог л юм байна лээ. Битүү зах барина, чацарганы үйлдвэр байгуулна гэсэн санал оруулж ирсэн. Төрийн хөрөнгөөр барьсан зүйлийг аль нэг намд долигнож байсан нөхдүүд эзэмшчихээд нийтийн өмчийг өөрийн мэт аашладаг тал бий. Төр хэзээ ч хувийн хэвшлийн салбар луу орж болохгүй. Одоо байгаа захын түрээсийг гурван жил тогтмол барьж байна. Метр квадрат нь сард 12 мянга хүрч түрээс нэмэгдээд мөнгө угааж байсан газар. Одоо бид ороод анхаарал хяналт тавиад өөр болсон. Наймаачид захын эзний боол шиг загнуулаад байж байсан. Одоо хүмүүс мартсан байх. Гэтэл наймаа эрхлэгчид нь гурван жилийн дараа захын удирдлагаа загнаад сууж байна. Болохгүй бол удирдах зөвлөлд чинь хэлнэ шүү гэдэг болсон.

   Лоббины саналаар улс, орон нутгийн төсвийг үргүй зүйлд зарцуулж болохгүй. “Увс хүнс” компани  чацарганы үйлдвэрээ жилийн нэгхэн сард ажиллуулдаг гэж байхад хажуугаар нь төр уралдаад чацарганы үйлдвэр барих хэрэггүй л байхгүй юу. Битүү зах байхад төр дахиад зах барьж яах юм. Төр айлын хашаанд юм барьдагаа болих хэрэгтэй. Нямаагийн хашаанд барьсан битүү захын төлөө 700 сая төгрөг нэхэхэд бид яаж ч чадахгүй байна.

 Төр эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг аюул авааргүй, боломжийн түвшинд ажиллахад нь дэмжлэг үзүүлэхээс биш хажуугаар нь уралдаж зах, үйлдвэр барих шаардлагагүй. Төр хувийн хэвшлээр оролдохоор хувийн хэвшлээ ч дампууруулаад, тэр салбараа ч дампууруулаад дуусдаг. Гэхдээ төр муу менежер биш, сэтгэлтэй хүмүүс удирдвал ахиж дэвшиж болдог гэдгийг зарим салбар харуулж байгаа.

  Тэгсний хүчинд 2018 онд Увс аймаг нэг ахмадын ордон, нэг цэцэрлэгтэй болж үлдсэн.

-Ирэх сонгуулиар дахиад бие дааж өрсөлдөх үү?

-Ганц хүн айл болохгүй ганц мод гал болохгүй гэж үг байдаг. Ойрын хэдэн жил аймаг орон нутагт энэ хоёр нам ээлжилж төр барих нь ойлгомжтой байна. 21 бие даагч гарч иртэл өдий байх. Улс төр бол олонхийн тоглоом. Хамгийн гол нь энэ хоёр нам нэгдээд хамгийн сайн боловсон хүчин, улс төрчдөө авчраад 2040 он хүртэл аймгийнхаа хөгжлийн төлөвлөгөөг гаргаж түүнийхээ төлөө явах хэрэгтэй. Ардын нам гэр хорооллын дэд бүтэц гээд явуулж байтал АН гарч ирээд шал өөр юм хийгээд явдагаас болж төрийн нэр хүнд унадаг. Үүнийг л болих хэрэгтэй байгаа юм.

-Сүүлчийн хоромыг өөрт чинь үлдээе?

-Манай 11-р багийн хувьд энэ жил төрийн үйлчилгээг хүргэх шинэ багийн төвтэй боллоо. Багийн төв маань хажуудаа залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх спорт заалтай байгаа. Та бүхний намайг сонгосон итгэлийг алдахгүйн тулд мөрийн хөтөлбөрт багтсан ажлаа бүрэн хийхийг зорьж байна. Мөн аль болох ил тод мэдээлэлтэй байж, айл өрхөөр орж гарч, сонгогчидтойгоо ойр дотно байхыг хичээж байгаа. Энэ нь дахин сонгогдох нэр хүнд олох гэхээсээ илүү төрд сонгогдсон залуу хүмүүс ард иргэдийн итгэлийг  үүрч дааж чаддаг юм шүү гэдгийг харуулахыг зорьж байна. Шат шатны төлөөлөгч нартайгаа хамтран ажиллаж, Улаангом сумын 11-р багаа улсын хэмээнд аймгийн төвийн баг ямар байх ёстой тэр жишигт хүргэхийн төлөө зорьж ажиллаж байна. Энэ дашрамд аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын дарга С.Батжаргал болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нартаа нэг зорилгын дор нэгнээ нам эвсэл, бие даагчаар ялгахгүй, орон нутгийнхаа хөгжлийн төлөө нэгдмэл байр суурьтай явдагт талархсанаа илэрхийлье.

 -Баярлалаа. Амжилт хүсье.

Увсын өнгө