О.Сэндэгмаа: Нутгийнхаа хүүхнүүдэд хамгийн сайн, чанартай бүтээгдэхүүн хэрэглүүлэхийг зорьж ажилладаг


“Хатагтай” булангийнхаа энэ удаагийн зочноор “Титэм” худалдааны төвийн захирал Отгоны Сэндэгмааг урьж ярилцлаа. Улаангом хотынхоо өнгө үзэмжийг чимсэн томоохон худалдааны төвийн захирал энэ бүсгүй Увс нутгийнхаа охид хүүхнүүдийг гоо сайхан, өнгөлөг царайлаг, үзэмж төгс байлгахын төлөө сүүлийн 20 гаруй жил хөдөлмөрлөж явна.  Түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг уншигчиддаа хүргэе.

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач?

-Би 1969 онд Улаангомд төрсөн. Намайг хоёр настай байхад аав маань Баруунтурууны сангийн аж ахуйд агрономичоор томилогдож, манайх тийшээ шилжсэн юм. Долдугаар анги төгстлөө Баруунтуруунд амьдарсан бөгөөд бага насны маань нандин дурсамж бүхэн Баруунтуруун сумтай салшгүй холбоотой.
   1994 онд УБИС-ийг Сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн.
  Одоо “Титэм-Увс” ХХК-ийн захирлаар ажиллаж байна.
-Гоо сайхны бизнесээ хэдийнээс эхлүүлсэн бэ?
-Сургуулиа төгсөөд  мэргэжлээрээ хэсэг ажиллаж байгаад Чех явсан. Зах зээлийн нийгэм эхэлчихсэн, ажлын байр олдохгүй, олдсон ч гэсэн цалин мөнгө нь цагтаа буудаггүй хүндхэн үе байлаа шүү дээ. Ерөнхийдөө хүмүүс гадаадад гарч ажиллах сонирхолтой байсан тэр үед Чех явж байлаа. Тэндээ 4 жил орчим болж байтал аав ээж хоёр маань чи одоо гадаадад олон жил боллоо, амьдрал ахуй чинь оройтлоо, нутагтаа ир гэж дуудсан. Тэр дагуу энд ирэхэд аав ээж хоёрын маань нас нэлээд ахичихсан байсан тул хажууд нь харж хандаж баймаар санагдаад  буцаж яваагүй. Хотод очоод мэргэжлээрээ ажиллаж болох байсан ч нутагтаа байя, аав ээж хоёрынхоо дэргэд амьдаръя гэж шийдсэн.
   Чехээс ирээд сар гаруй хоночихоод ажилд оръё гэж бодоод Боловсролын хэлтэс дээр очиход ажлын байр бэлэн байгаагүй. Тэр үед би ажил хайгчдын нэг байлаа шүү дээ. Ажил хийе гэхээр ажлын байр байхгүй, худалдаа наймаа хийе гэхээр мөнгө байхгүй, хэдийгээр гадаадад яваад ирсэн ч гэсэн надад хуримтлуулсан мөнгө төгрөг байгаагүй. Тэр үед чинь залуу байсан болохоор ирээдүйдээ огт санаа зовдоггүй, идэж ууж, өмсөж зүүгээд л явж байлаа. Монголд ирэхэд хүмүүс намайг янз янзын харцаар харж байсан. Энэ гадаадад олон жил болсон гэсэн их мөнгө хийсэн болов уу, яасан бол гээд л. Гэтэл надад хийсэн мөнгө байхгүй, нэг л их сайхан тайван орчинд идээшээд дасчихсан хүн байсан. Анх ирэхэд их сонин, шал өөр орчинд ороод ирчихсэн юм шиг санагддаг байж билээ.
 Тухайн үед одоогийнх шиг бизнес эрхлэгчдийг дэмждэг зээл тусламж, төсөл хөтөлбөр байгаагүй. Банкнаас зээл авах гээд очсон чинь танд барьцаалах байр, машин байгаа юу гэж асуусан. Гэтэл надад аль аль нь байхгүй тул мухардалд ороод буцаж байсан удаатай.
Аз болж Чехээс хэдэн гутал авч ирснийхээ талыг нь хүмүүст бэлэглээд тал нь үлдсэн байсан юм. Арга буюу түүнийгээ хот авч яваад нагац эгч Б.Батзулынхаа тусламжтайгаар сар гаруйн хугацаанд уйгагүй гүйж байж зарж борлуулан 300-гаад мянган төгрөгтэй болсон.
   Тухайн үед хамт сургууль төгссөн зарим нэг найз маань таараад маш их гайхаж билээ. Ангийн дарга хийдэг, сурлага сайтай хүүхэд байсан болохоор намайг том ажилтай мундаг хүн болсон гэж боддог байсан биз. Тухайн үед чинь хувийн бизнес хөгжөөгүй, ажил мэргэжилгүй хүн л наймаа хийдэг гэсэн ойлголттой байсан цаг шүү дээ.
   Хэдэн гутлаа борлуулчихаад гоо сайхны бизнес хийе гэтэл мөнгө маань багадаад болдоггүй.  Тэгтэл харин манай нэг танил хүүхэн орифлеймын бизнес хийгээч гэсэн санал тавьсан. Энэ нь надад маш их олз болж билээ. Сүлжээний бизнес чинь их боломжийн, өөрөө бараг мөнгөгүй шахам байж хүмүүсээс захиалга аваад тэр мөнгөөрөө барааг нь захиалж өгдөг. Тэр дундаас ашиг унах боломжтой. Тэгээд л Орифлейм компанитай түншийн гэрээ байгуулж, хэдэн катологи цүнхлээд, 300 гаруй мянган төгрөгөөрөө Орифлеймын бүтээгдэхүүн аваад Увсад ирж байлаа. Манай дүү О.Минжигмаа багш Хөдөө аж ахуйн дэлгүүр дотор лангуу түрээслэж хувийн бизнесээ хийдэг байсан бөгөөд дүүгийнхээ лангуун дээр бараагаа тавиад зарахын зэрэгцээ хүмүүсээс захиалга авдаг болсон.
   Увсын хүүхнүүд маш их сонирхож, ямар гоё бүтээгдэхүүн бэ хэмээн ам сайтай хүлээж авсан. Би бас түүнийгээ үнэн сэтгэлээсээ тайлбарладаг бөгөөд ажилдаа их дуртай байсан. Тухайн хүнийхээ арьсыг тодорхойлоод онцлогт нь таарсан бүтээгдэхүүн санал болгодог байлаа.
   Орифлеймын нэг дүрэм нь багаар ажиллах шүү дээ. Би тэр дүрмээр ажиллах гэж үзсэн боловч чадаагүй. Баахан хүн элсүүлээд захиалга хийж мөнгийг нь авчихсан. Гэтэл бараа маань Москвагаас газраар явж ирдэг тул маш их хоног хугацаа алддаг. Бараа нь ирэхгүй болохоор элссэн хүмүүс маань уурлаж загнаад бөөн юм болно. Тиймээс сүүлдээ өөрөө бүтээгдэхүүнээ захиалж ирүүлээд бэлэн байлгаж байгаад зардаг болсон. Бас сүүлдээ зөвхөн орифлеймын бүтээгдэхүүн биш өөр олон брэндийн бүтээгдэхүүн оруулж ирсэн дээ.
-“Титэм” худалдааны төвийг хэзээ үүсгэн байгуулсан бэ?
-Орифлеймын бизнес маань түрээсийн нэг өрөөний талаас эхлэж байсан бол дараа нь тал өрөө маань бүтэн болсон. Бизнес маань улам өргөжсөн тул түрээсийн байрнаасаа гарч 2007 онд 64-ын байрыг худалдаж аваад өөрийн гэсэн “Титэм” дэлгүүрээ нээсэн. Увсын хүүхнүүддээ хамгийн сайн, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх зорилгоор тэргүүлэх гэсэн утгатай “Титэм” гэсэн нэрийг дэлгүүртээ өгч байлаа. 2013 онд “Титэм” худалдааны төвөө нээсэн дээ. Одоо бид бичиг хэрэг, бэлэг дурсгалын бараа, гоёл чимэглэл, гоо сайхан гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
-Увсын хүүхнүүд маань гоё сайхан, өнгөлөг царайлаг байхад таны оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Мэдээж хэрэг олон хүүхнүүд танд баярлаж талархсанаа илэрхийлдэг биз дээ?
-Эрс тэс уур амьсгалтай, алслагдсан хязгаарт амьдарч байгаа нутгийнхаа хүүхнүүдийг гоё царайтай, арьсаа зөв арчилдаг, чанартай бүтээгдэхүүн хэрэглэдэг болгохын төлөө энэ он жилүүдэд анхаарч ажиллаж ирсэн. Хамгийн гол нь боломжийн үнээр, болж өгвөл Улаанбаатар хотод зарагдаж байгаа үнээр нь брэнд бүтээгдэхүүнийг Увсын хэрэглэгчиддээ хүргэхийг зорьдог.
   Хамгийн сүүлд Японы Краши, Сизайн брэндийн бүтээгдэхүүнийг оруулж ирээд худалдаалж байна. Монголд албан ёсны эрхтэйгээр “Мild” косметикс оруулж ирдэг бөгөөд манайх гэрээ байгуулаад хамтран ажиллаж байна. Брэнд бүтээгдэхүүнд чанар шингэсэн байдаг тул үнэтэй талдаа байдаг. Гэхдээ энэ бүтээгдэхүүний хувьд боломжийн үнэтэй, бусад брэндээс дутахгүй чанар сайтай тул хүүхнүүд маань маш их талархан хүлээж авч байна. Арьсанд нь ч гэсэн сайн таарч байгаа. Хуучин бол гоо сайхны бүтээгдэхүүнүүд тестгүй ирээд шууд л зарагддаг байсан бол сүүлийн үед ирж байгаа бүтээгдэхүүнүүд дандаа тесттэй учраас давуу талтай. Хэрэглэгчид маань бүтээгдэхүүний тестийг газар дээрээ хэрэглэж үзээд, эсвэл гэртээ туршиж үзээд худалдан авалт хийх боломжтой болсон.
-Бизнес эрхлэдэг хүмүүст “шатах” үе цөндөө байдаг. Танд тийм эрсдэл тохиолдож байсан уу?
-Байлгүй яахав. Бизнесээ эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч, эргэлтийн хэдэн төгрөгтэй бас ч гэж гайгүй болоод ирсэн чинь Хөдөө аж ахуйн дэлгүүрийн цонхоор хулгай орж нөгөө хэдэн тосыг маань бүгдийг нь хамаад явчихсан. Орифлеймын бүтээгдэхүүн чинь овоо хэдэн төгрөг шингэсэн бараа байдаг. Нэг өглөө ажилдаа иртэл  хэдэн сормуусны будаг, хумсны лак, уруулын будаг маань талаар нэг тарчихсан, цонх онгорхой, бүтэн жил хөдөлмөрлөсөн ажлын минь талыг нь хамаад явчихсан байж билээ. Тэр үед ёстой уйлмаар санагдсан. Цагдаад мэдэгдсэн ч хулгайч нь олдоогүй.
  Өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй, зорьж ирдэг хүмүүстэй байсан тулдаа л тэр хүмүүсийн дэмжлэгээр бизнес маань цааш нь явсан даа.
   Бизнесээ өргөжүүлэхсэн, ажилтай амьдралтай байхсан гэж маш их хүсч эрмэлзэн, шантралгүй, залхууралгүй, уйгагүй хөдөлмөрлөж, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг байсны хүчинд өнөөдрийн энэ амжилтанд би хүрч чадсан. Бас зөвхөн мөнгө олохыг урьтал болгоогүй. Хүмүүст янз бүрийн таардаг, таардаггүй бүтээгдэхүүн шахаж байгаагүй. Тэр хүний арьсанд тохирсон, боломжид таарсан бүтээгдэхүүн сонгож өгөөд явуулчих юмсан хэмээн аль болох үйлчлүүлэгчээ боддог байсан учраас миний бизнес өргөжин тэлсэн. Хэрвээ мөнгө салгаж авахын төлөө байсан бол би хол явахгүй байлаа.  Худалдан авагчдад борлуулалт хийхийн төлөө биш, хамгийн гол нь тэр хүндээ зөвлөгөөг нь сайн өгч, сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн сонгоход нь туслаарай хэмээн зөвлөхүүддээ би одоо ч гэсэн хэлдэг. Тэр хүн худалдан авалт хийхгүй ч байж болно. Хамгийн гол нь зөвлөгөө сайн өгөөрэй гэдэг. Манай төвийн ажилчид одоо 13-уулаа болсон. 2001 онд би өөрөө ажилгүй, ажлын байр хайгаад явж байсан бол одоо нөхөртэйгээ хамтдаа хөдөлмөрлөсний хүчинд 11 хүнийг ажлын байраар хангаад ажиллаж байна. Өнгөрсөн онд аймгийнхаа “Хамгийн олон ажлын байр бий болгосон хамт олон”-оор шалгарсан.
-Бараа бүтээгдэхүүнээ өөрөө явж татдаг уу?
-Нэг үе байнга өөрөө явдаг байсан бол одоо юм хөгжөөд ихэвчлэн интернэтээр захиалдаг болсон. Хааяа л нэг явж байна.
-Энэ хугацаанд таны болон танай төвийн гаргасан амжилт гэвэл?
-2013 онд “Титэм” худалдааны төвийг байгуулсны дараа аймгаас “Шинэчлэлийн баатар” өргөмжлөлөөр шагнасан. 2010 онд би Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны “Топ women” шагналаар шагнагдсан. Мөн 2015 онд аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс “Хамгийн олон ажлын байр бий болгосон хамт олон”-оор шалгаруулсан бол Татварын хэлтсээс “Тэргүүний татвар төлөгч иргэн”-ээр өргөмжилсөн.
   Одоо аймгийнхаа Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчээр ажиллаж байна. Мөн саяхан аймгийнхаа Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүнээр элссэн.
-Орон нутагт бизнес эрхлэх орчин нөхцөл, боломж хэр таатай байна вэ?
-Бизнесийн чиглэлийн янз бүрийн төсөл хөтөлбөрүүд их хэрэгждэг болсон нь сайн хэрэг. Төр засаг болоод аймаг орон нутгаас жижиг дунд үйлдвэрлэлд их анхаардаг юм шиг санагдсан. Худалдаа үйлчилгээний салбарт маш олон хүн ажиллаж амьдарч байгаа. Эдгээр хүмүүст чиглэгдсэн сургалт ховор байдаг. Үйлчилгээний байгууллагуудыг сургалт мэдээллээр хангах, шинээр үүссэн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллах тал дээр төрөөс анхаармаар байна.
  Ер нь бол сүүлийн үед худалдаа наймаа эрхлэж байгаа хүмүүст янз бүрийн дарамт шахалт их ирж байна. Ард иргэдийн хэрэгцээт зүйлсийг хол ойроос дөхүүлээд ирж байгаа хүмүүсийг дэмждэггүй юмаа гэхэд элдэв дарамт шахалт багатай байвал зүгээр юм.
  Манай компанийн хувьд  орон нутагтаа нэг ч гэсэн ажлын байр бий болгоё, худалдааны төв ямар стандартын дагуу ажиллах ёстой юм тэр хэмжээнд ажлаа чанартай хийе гэж зорьж ажилладаг.
-Танайх ам бүл хэдүүлээ вэ? Гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Миний ханийг Д.Тэгшжаргал гэдэг. Манай нутгийнхан Тэгшээ гэхээр андахгүй мэднэ. Бидний хүү Тэмүүжин маань одоо Цогцолбор 2-р сургуулийн 6-р ангид сурдаг.
   Амьдрал надад сайн хань, сайхан үр хүүхэд заяасан. Тэгшээ маань надад маш их түшигтэйгээс гадна асар их ажилсаг, хөдөлмөрч хүн байгаа юм. Одоо  бизнесийн маань гол хамтран зүтгэгч болсон.
-Таны аав, Гавъяат агрономич, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ц.Отгон агсаныг Увсынхан андахгүй. Охин нь мэдээж ааваараа их бахархдаг байх даа?
-Тэгэлгүй яахав. Аав маань маш их хөдөлмөрч, хичээнгүй, хариуцлагатай хүн байлаа. Бага байхад аавын минь хэлж байсан сургааль үгнүүд амьдралд маань их хувь нэмэр болсон. Барьж авсан ажлаа чанартай сайн хийж сурсан маань аав ээжийн минь сургааль юм даа.
   Миний ээжийг Б.Юүзэн гэдэг. Түргэн сумын харъяат. Олон жил боловсон хүчин хийж, маш олон хүнтэй ажиллаж байсан болохоор хүний арга эвийг олох, хүн таних тал дээр гаргууд сайн. Надад хүртэл зөвлөгөө өгдөг. Ээж маань Баруунтурууны болон Хархираагийн сангийн аж ахуйд боловсон хүчнээр ажиллаж байсан.
-Таны сонирхол?
-Байгалийн сайханд аялах, ном унших дуртай. Уран зохиолын номноос гадна өөрийгөө хөгжүүлэх, амжилтанд хүрэх чиглэлийн ном сэтгүүл их уншдаг байлаа. 2001 онд бизнесээ анх эхлэж байхдаа өдөржин ном уншиж, тэмдэглэл хөтлөдөг байсан. Одоо бол ном унших зав гарахаа больсон. Хааяа интернэтээс хэрэгтэй зүйлээ олж уншдаг.
-Та биеэ үлгэр жишээ авмаар их сайхан авч явдаг. Эмэгтэй хүн гоо сайхан байхын тулд юунд анхаарах ёстой вэ?
-Баярлалаа. Хүүхнүүд бид эмэгтэй хүн болж төрснөөрөө бахархах ёстой. Амьдралын нөхцөл байдал, ажлын орчноос шалтгаалаад өөртөө анхаарч чадахгүй байж болох юм. Гэхдээ л эмэгтэй хүн өөрөө өөртөө ямагт анхаарч, хэзээ ч өөрийгөө хаяж болохгүй. Бас гадаад өнгө үзэмж гоё байхаас гадна дотоод сэтгэл нь ч гэсэн сайхан байх хэрэгтэй.
   Миний хувьд биеийн жингээ барих гэж янз бүрийн юм хэрэглэдэггүй. Ерөнхийдөө дуртай зүйлээ идэж уугаад явж л байдаг. Ажлын ачаалал ихтэй, зүгээр суудаггүй, байнга хөдөлгөөнтэй байдаг учраас таргалддаггүй байх. Мэдээж хэрэг арьсаа арчилдаг.
   Ер нь бол бүсгүйчүүд маань арьсаа тогтмол арчилж, нарны тос байнга хэрэглэх хэрэгтэй. Хүйтрэх тусам арьс чийгээ алдан хуурайшиж, үрчлээтдэг  тул өвлөөс нь эхлэж арчлах хэрэгтэй. Тэгвэл аяндаа хавар, зун, намрыг даваад гарчихаж чадна. Арьс арчилгааны наад захын асуудал бол энэ юм.  
   Эмэгтэйчүүд бид үр хүүхдээ хүмүүжүүлэх, эр нөхрөө халамжлах, аав ээж, ах дүүсээ ачлах гээд өчнөөн их үүрэг хариуцлага хүлээдэг. Тэр бүх үүргээ ухамсарлаж, сайн сайхан амьдрах хэрэгтэй.
-Удахгүй сонгууль болох гэж байна. Танд намуудаас нэр дэвших санал ирсэн үү?
-Би аль нэгэн намын гишүүн биш. Улс төр сонирхдоггүй болохоор нэр дэвших бодол ч алга. Гэхдээ аймаг орон нутгаа, Монгол улсаа гэсэн бодол байлгүй яахав. Иргэн хүнийхээ хувьд улс эх орон болоод аймаг орон нутагтаа болж байгаа үйл явдлуудыг харж зарим зүйлд  шүүмжлэлтэй ханддаг.
-Увсынхандаа хандаад та юу гэж хэлэхсэн бол?
-Орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүс бид зөвхөн орон нутгийнхаа хэмжээнд сэтгэхгүйгээр улс орондоо, цаашлаад гадаадад гарах хэмжээний брэнд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг бий болгомоор байна. Одоо цагт интернет хөгжсөн тул бүх юм нээлттэй, боломжтой болсон.
   Увс нутгийнхандаа хандаад энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бас залуучууддаа хандаад хүн бүр дор бүрнээ хичээж, хийсэн ажилдаа эзэн болж, төрөөс хайр халамж хүлээлгүй, өөрийнхөө гараар бүхнийг хийж бүтээе гээд зориглоод зүтгэвэл бүх зүйл бүтдэг юм шүү гэдгийг хэлэх байна.
-Танд баярлалаа. Ажилд тань амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсье.

Увсын өнгө