О.Ганцоож: Орон нутагт залуусыг татах гол хөшүүрэг бол ажлын байр, орлого юм

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Ус эрдэнэ жимс”, “Ус эрдэнэ дриллинг” компанийн захирал, аймгийн МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны тэргүүн Очирбатын Ганцоожтой ярилцлаа. Түүний хувьд Японд суурь болон дээд боловсрол эзэмшсэн чадварлаг залуу боловсон хүчин хэдий ч эх орондоо, тэр дундаа бүр алс баруун хязгаар төрөлх Увс аймагтаа ажиллаж, амьдарч байгаа нь хамгаас сайшаалтай хэрэг юм. Тэрбээр 2008 оноос аймагтаа ирж, аав ээжийнхээ үүсгэн байгуулсан “Ус-Эрдэнэ” компанийг удирдан жолоодож, улмаар “Ус эрдэнэ жимс”, “Ус эрдэнэ дриллинг” компани болгон өргөжүүлээд байна. О.Ганцоож нь өмнөх дөрвөн жилд Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан бол энэ дөрвөн жилд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Улаангом сумын 7-р багаас сонгогдон ажиллаж байна. Аливаад нухацтай, ирээдүйд илүү ихийг хийж бүтээх урам зориг ундарсан, зорилгодоо үнэнч түүнтэй ярилцахад сайхан байлаа. Тэрчлэн Увс аймгийнхаа хүүхэд залуусын төлөө Япон улсаас удаа дараа хөрөнгө оруулалт татаж чадсан нь бахархууштай байв. Ингээд олныг эс нуршин ярилцлагаа хүргэе.

-Юуны өмнө өөрийгөө уншигчдад танилцуулаач?

-Би 1985 онд Улаангом хотод төрсөн. Аавыг маань Хорхойн Очирбат гэдэг. “Ус-Эрдэнэ” компанийг үүсгэн байгуулсан, аймгийн Байгаль орчны газрын даргаар олон жил ажилласан хүн байгаа. Ээжийг маань Цэзэнгийн Оюун гэдэг. Халамжийн газарт ажиллаж байсан, бас Аудитын газарт олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн бий. Одоо манай компанийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Манайх дөрвөн залуутай бөгөөд би хоёр дахь залуу нь юм. Миний хувьд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

  Хүүхэд байхдаа Кёкүшюзан хөгжил сангийн шугамаар Япон улс руу явсан. Японы сургуулиуд 4-р сараас эхлэж хичээл нь ордог тул анх явахдаа 8-р ангиа төгсөлгүй дундаас нь хаяад явж байлаа. Японд ахлах сургуулиа төгсөөд 50 хувийн хөнгөлөлттэй сурах эрхээр их сургуульд элсэн орж Үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Оюутан байхдаа ажил хийж сургалтын төлбөрөө олдог байлаа.

Өнгөрсөн жил Япон улсад чацарганы чиглэлээр судалгааны ажил хийхээр жилийн хугацаатай суралцаж, төрийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалаад ирсэн. Сэдэв нь “Чацаргана-2” хөтөлбөрийг орон нутагт хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдэг судалгааны ажил байсан. Миний хувьд Япон улсад орон нутгийн брэндүүдийг яаж хөгжүүлсэн юм, туршлага нь юу байв гэдэг тал дээр түлхүү судалгааны ажил хийсэн бөгөөд чацарганыг орон нутгийн брэнд болгоход бид юуг анхаарах ёстой вэ гэдэг талаар олон зүйлийг сурч мэдсэн.

-Улаангом сумын 7-р багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Тэгэхээр тойрогтоо ямар ажлууд хийж хэрэгжүүлэв?

-Миний хувьд 2012-2016 онд 7-р багаас Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. 2016 оны сонгуулиар багаасаа аймгийн ИТХ-д нэр дэвшихэд ард иргэд маань итгэл хүлээлгээд дахин сонгосон байгаа. Энэ итгэлийг алдаж болохгүй. Манай багт хүмүүс аятай тухтай орчинд ажиллаж, амьдрах ёстой гэсэн зорилгыг өмнөө тавьж, аль болох суурь асуудлуудыг шийдэхийн төлөө ажиллаж байна.

Одоогоор улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цогцолбор 1-р сургуулийн дотуур байрны ар талд Хүүхэд залуучуудын парк байгуулагдаж байна. Долдугаар багт нийтийн эзэмшлийн талбай маш бага, бүгд хувийн эзэмшил болчихсон. Иймээс нийтийн эзэмшлийн чиглэлээр хөрөнгө оруулалт татах гэхээр газар талбай байхгүй гэдэг асуудал гараад байдаг. Ямар ч байсан паркын газрыг шийдсэн болохоор манай багийн хүүхдүүд очиж тоглох тоглоомын талбайтай болж байна.

Энэ жилээс иргэдийн олон жил хүсч мөрөөдсөн хэд хэдэн ажил эхлэхээр болж байна. Манай баг ганцхан цэцэрлэгтэй бөгөөд энд маань 3-р багийн хүүхдүүд нэмэгдчихдэг тул хүрэлцээ маш муу байдаг. “Нархан” цэцэрлэгийн өргөтгөлийн асуудлыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн шийдэж өгсөн. Үндсэндээ 75 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын зураг төсөв өнгөрсөн онд шийдэгдсэн бөгөөд одоо энэ ондоо барилгын ажил эхлэнэ.

  Сүүлийн жилүүдэд “Дэвшил-Увс”, “Ундарга констракшн” компаниуд манай багийн нутаг дээр шинээр орон сууц барьснаар Улаангомын бусад багуудаас шилжин ирэгсэд их нэмэгдэж байгаа. Одоо гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажил эхлэхээр айл өрхүүдийн маань амьдах орчин сайжрах, хашааны үнэлгээ өсөх гээд олон давуу тал бий болох юм. Эхний ээлжинд Ерөнхий боловсролын 3-р сургуулиас дээш эргэсэн хорооллууд болон Цогцолбор 1-р сургуулийн доод талд байрлах айлууд холбогдохоор зураг төсөв хийгдэж байна. Харин хуучин өндөр цагаан худгийн чиглэлийн айлууд руу дэд бүтцийн төлөвлөлт хийгдээгүй бөгөөд яаж холбох талаар судалж байна. Төлөвлөлт хийгдээгүй үлдсэн шалтгаан бол халаалтын эх үүсвэр нь хуучин дулаан бөгөөд төлөвлөлт хийх үед хуучин дулаанаас техникийн тодорхойлолт гаргаж өгөөгүй  тул тоцоолол хийх боломжгүй болж хоцорсон тал бий. Энэ асуудлын шийдлийг хайж аймгийн удирдлагууд болон мэргэжлийн хүмүүсээс санал авч, УИХ-ын гишүүдэд хүргүүлэхээр ажиллаж байна.

-Аймгийн ИТХ дахь залуу төлөөлөгчийн хувиар хийж хэрэгжүүлж буй ажил гэвэл?

-Бусад залуусыг ийм тийм байгаасаа гэхээсээ илүү би өөрөө ямар байх ёстой вэ гэдэг талаар их боддог. Манлайлах хэмжээнд өөрөө зөв зүйлийн төлөө явах ёстой. Би өөрөө гардаж аваад хийж байгаа ажил гэвэл “Чацаргана-2” хөтөлбөр байна. Орон нутагт залуусыг татах гол хөшүүрэг бол ажлын байр, орлого юм. Орлоготой ажлын байр Увс аймагт юу байж болох вэ? гэдгийг бодсоны эцэст чацаргана тариалах явдал гэж үзсэн. Иймээс “Чацаргана-2” хөтөлбөр боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулах ажлын хэсэгт орж ажиллаж байна. Мөн яаж хэрэгжүүлвэл болох вэ гэдэг үүднээс судалгааны ажил хийж, үүгээрээ Японд магистрийн ажил хамгаалаад ирсэн. Одоо энэ ондоо багтаж хөтөлбөрөө эцэслэн батлуулаад зорилтоо хэрэгжүүлээд явах шаардлагатай байна.

  Нэг иргэн нэг га газар эзэмшээд тэндээ стандартын дагуу чацаргана зөв тариалж чадвал жилдээ 10 тн ургац авах боломжтой. Одоо иймэрхүү ургац аваад явж байгаа хүмүүс ч байгаа. Тэгэхээр 10 тн чацаргана гэдэг маань одоогийн ханшаар нэг кг нь 3500 төгрөг гээд бодохоор нэг иргэн жилдээ 35 сая төгрөгийн орлоготой ажиллах боломжтой гэсэн үг. Төрийн албанд ажилтай хүн сардаа сая төгрөгийн цалинтай бол жилдээ 10 гаруй сая төгрөг л олж байна. Тэгтэл чацаргана тариалалтыг үр дүнтэй хийж чадвал жилд 35 сая хүртэл орлого олох боломж байна. Гол нь аймгаас энэ тал дээр зөв чиглүүлдэг байх хэрэгтэй. Эхний гурван жил ургац авахгүй бөгөөд тэр алдагдлыг яаж нөхөх талаар бодлого гаргах шаардлагатай юм.

Чацаргана тариалж байгаа зарим хүмүүс ашиггүй байна гэж ярьдаг. Тодруулбал, нэг кг жимсийг 1000 төгрөгөөр түүлгээд 2500 төгрөгөөр зардаг. 1500 төгрөг нь ашиглалт, үйл ажиллагааны зардал болж байна гэдэг. Мэдээж хэрэг тариалалтын салбараа ашиггүй байлгаад байвал тариаланчид энэ салбараас гараад явчихна. Тэгвэл энэ салбар уналтын байдалд орно шүү дээ. Иймээс тариалалтын салбараа орлоготой байх талаас нь анхаарах шаардлагатай. Үйлдвэрлэгчид хангалттай байгаа тул боловсруулалт болон үйлдвэрийн асуудлыг хойш нь тавьж болно. Үүнээс гадна манайхан 2500 төгрөгөөр жимсээ зарж байдаг, гэтэл гаалийн мэдээг аваад үзэхээр 1 кг жимс 1500 төгрөгөөр орж ирж байна гэдэг. Оросоос тийм хямд үнэтэй орж ирж байгаа жимстэй бид яаж өрсөлдөх билээ. Иймээс “Увсын чацаргана”-ыг брэнд болгох талаар түлхүү анхаарч ажиллах шаардлагатай. Дэлхийд танигдсан брэнд болоход шилмэл сорт, органик байх гэх мэт олон шалгуурууд гарч ирнэ. Одоо бол хяналт багатайгаар аймгийн хэмжээнд их хэмжээгээр бордоо, хор хэрэглэж байна. Энэ байдлаар органик брэнд болж чадахгүй. Бордоогоо органик болгох, хортон шавьжтайгаа зөв тэмцэх хэрэгтэй байна. Чацарганыг орон нутгийн органик брэнд гэдэг тал руугаа хөгжүүлж байж бид гадны хямд үнэтэй чацарганатай өрсөлдөх боломж үүснэ. Одооноос энэ арга хэмжээг авахгүй бол хямд үнийн өрсөлдөөнд ороод тэсч үлдэхэд бэрх болно.

-Танай компани “Жинхэнэ” гэдэг брэндтэй билүү?

-Би 2008 онд Японоос ирсэнээс хойш өөрийн компанийн бүтээгдэхүүнийг брэнд болгох ажлыг зохион байгуулж ирсэн. Манай компани “Жинхэнэ” гэдэг брэндтэй. Манайх бүтээгдэхүүнээ гадаадад экспортлох талаар олон удаа ажил хийж үзсэн боловч тогтвортой ханган нийлүүлэлт хийж чадахгүй гэдэг шалтгаанаар татгалзсан хариу авдаг. Манай аймаг жилдээ 500 тн чацарганы ургац авч байгаа. Энд ойролцоогоор 17 сорт холилдсон байдаг. Гадаад руу экспорт хийх гэхээр цаанаас тавих шаардлага нь нэг сортынх байх ёстой, бас 300 тн-оос дээш түүхий эдийн нөөцтэй байх хэрэгтэй гэдэг шаардлага тавьдаг. Гэтэл бид тэр шаардлагыг хангаж чаддаггүй. Иймээс 7-10 жилийн дараачийг төлөвлөж одооноос ажиллаж эхлэхгүй бол болохгүй байгаа. Тогтвортой тариалалт бий болсон цагт үйлдвэрлэгчид маань IPO хийх, зээл авах зэргээр үйлдвэрлэлээ сайжруулаад экспорт хийх боломжийг үүсгэх боломж нь аж ахуйн нэгжүүдэд байгаа. Гол нь тариалалтын суурийг зөв бэлтгэхгүй бол болохгүй юм гэдгийг л энд дахин дахин хэлмээр байна. Иймээс хөтөлбөрөө энэ тал дээр илүү анхаарч боловсруулах шаардлагатай байгаа.

Тэрчлэн чацарганы модондоо тайралт, таналт хийдэггүй тул манайхан модоо их өндөр ургуулдаг. Түүнээсээ болж ургац их алддаг. Тайралт, таналтыг хэрхэн зөв хийх талаар өнгөрсөн намар Германаас мэргэжилтэн авч ирж 14 хоног ажиллуулаад бусад тариаланчдын талбайгаар явуулж үнэ төлбөргүй зөвлөгөө өгүүлсэн. Тэр хүнээсээ авсан зөвлөмжөөр гарын авлага бэлтгэж байгаа. Энэ хавраас малын баасыг малчны хотонд биобордоо болгох талаар ажиллана. Казакстанд хонины хорголыг биобордоо болгосон туршлагатай эрдэмтэн байгаа. Тэр хүнийг ирэх 4-р сард энд урьж авчраад 14 хоногийн хугацаатай ажиллуулахаар болсон. Үндсэндээ малчид хотондоо биобордоо хийж, түүнийг нь тариаланчид маань очиж авдаг болох юм. Энэ нь нэг компани хонины хоргол аваад боловсруулж байснаас илүү их хямд өртөгтэй гарах боломжтой.

-Сүүлийн жилүүдэд Увс аймагт Япон улсаас тусламж дэмжлэг их ирж байна. Мэдээж энэ замыг нээж өгсөн хүн бол яах аргагүй О.Ганцоож гэдэгтэй хэн ч маргахгүй байх?

-Сүүлийн таван жил Японы Ойто мужийн Ротари клубтай хамтарч ажиллаж байгаа. Энэ клубын дэмжлэгтэйгээр аймгийн төвийнхөө ЕБС-иуд болон хөл бөмбөг сонирхогч хүүхдүүдэд зориулсан хандивын арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Эхний жил аймгийн төвийн зургаан сургуульд байгалийн ухааны хичээлийн хэрэглэгдэхүүн ирсэн. Глобус, микроскоп, телескоп гэх мэт хичээлийн хэрэглэгдэхүүнээр сургуулиудыг хангасан. Мөн хөл бөмбөгийн хувцас хэрэглэл ирсэнийг сургууль, сургуульд нь хүлээлгэж өгсөн байгаа. Хоёр дахь жилд нь Улаангомын багуудтайгаа хамтарч ажиллаад амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, цүнх өгсөн. Нэг багаас 10 өрх гэж үзээд Улаангомын хэмжээнд 300 гаруй хүүхдэд Японд үйлдвэрлэсэн цоо шинэхэн хичээлийн хэрэглэл хүргүүлсэн. Өнгөрсөн жилийн хувьд манай тойргийн сургууль болох Цогцолбор 1-р сургуулийн шинээр байгуулагдсан Физикийн кабинетэд тус хичээлийн хэрэглэгдэхүүнийг өгсөн байгаа. Нийтдээ зургаан сая төгрөгийн өртөг бүхий долоон төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүн ирсэнийг 1-р сургуулийн  Даваадорж багшид  хүлээлгэж өгсөн.

 Ротари клубын дэргэд Интеракт гээд хүүхдийн клуб бас байдаг. Тэр клубтай хамтраад япон хүүхдүүдийн хэрэглэж байсан багадсан хөл бөмбөгийн хувцас, хичээлийн хэрэглэл зэргийг цуглуулж нааш нь авахуулаад Улаангом сумын 200 гаруй хүүхдэд хүргүүлсэн. Мөн өнгөрсөн намар Интеракт клубын шугамаар Ойто мужийн хүүхдүүд хэрэглэж байсан пүүзээ явуулсаныг бас шаардлагатай хүмүүст нь хүргүүлж байгаа. Хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчид дотор маань амьжиргааны түвшин тааруу айлын хүүхдүүд таардаг. Тэдэндээ Японоос тусламжаар ирсэн өмсгөл хэрэглэлээ өгөх явдал их байдаг.

-Ротари клубтай анх хэрхэн холбоо тогтоосон бэ? 

-Японд төгссөн их сургуулийн маань нэг багш Ротари клубын гишүүн байсан бөгөөд намайг тэдэнтэй холбож өгсөн юм. Хөгжилтэй орнууд ядуу буурай улс орнуудад нийгмийн үйлчилгээ үзүүлэх явдал их байдаг. Тухайн үед тус клубын хувьд гадаад улс руу харилцаа холбоо муутай байсан юм билээ. Тэгээд л таван жил хамтарч ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэ хугацаа маань 2018 онд дуусгавар болсон. Цаашдаа харилцаагаа өргөжүүлэхийн тулд Увс аймагтаа Ротари клубын салбар нээх шаардлага тулгарч байгаа. Энэ асуудлаар би хөөцөлдөж байна. Хоёр Ротари клуб хоорондоо харилцдаг болчих юм бол удаан хугацааны гэрээ хийгдэж, албан ёсны үйл ажиллагаа эрхлэх боломжтой болох юм. Өнгөрсөн таван жилийн ажил маань нэг ёсондоо төсөл хөтөлбөр шиг хэрэгжсэн.

-Чиний ачаар Увс аймагт хөл бөмбөгийн спорт эрчимтэй хөгжиж байна. Яг хэдийнээс тоглож эхлэсэн бэ?

-Би 2001 онд Японд очсоноос хойш хөл бөмбөг тоглох болсон. Японы 10 жилийн сургуулийн систем нь нэг хүүхэд нэг спортод бүртгэлтэй байх ёстой гэдэг. Энд байхдаа хөлбөмбөг тоглодог байсан. Тэр сонирхлоороо хөлбөмбөгийн клубт нь орж хичээлэх болсоноор жинхэнэ хобби болсон. 2008 онд төгсөж ирээд Цогцолбор 1-р сургуулийн дэргэд хөлбөмбөгийн дугуйлан нээж, тоглох сонирхолтой хүүхдүүдийг элсүүлж хөлбөмбөг заадаг болсон. Үүнийг маань үеийн найзууд дагаж, мөн 1980 онд Увс аймагт хөл бөмбөг хөгжиж байсан тэр үед тоглож байсан ахмадууд дэмжээд тэдэнтэйгээ хамтраад 2010 онд аймгийн Хөлбөмбөгийн холбоог анх байгуулсан. 2008 оноос хойш дугуйланд явсан хүүхдүүд маань Улсын аваргаас хоёр мөнгөн медаль, нэг хүрэл медаль, өнгөрсөн жил бүр алтан медаль авсан байгаа. Энэ алтан медаль нь аймгийн анхны багийн спортын алтан медаль гэж явдаг. Дөнгөж саяхан буюу энэ сарын 4-нд Увс аймгийн “Баруун Од” клубт тулгаарласан 16 хүртэлх насны шигшээ багийн тамирчид маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Футзалны “Үндэсний цом”-оос алтан медаль хүртсэн сайхан мэдээ хүлээж аваад сууж байна. Энэ бүхэн бол цор ганц миний хичээл зүтгэл биш, маш олон хүний дэмжлэг туслалцаа, мөн манай холбооны гишүүдийн идэвх чармайлт, тамирчдын маань хичээл зүтгэл бүгд нийлээд ийм үр дүнд хүрсэнд баяртай байгаа. Сүүлийн дөрвөн жилийн амжилтыг маань Монголын Хөлбөмбөгийн холбоо үнэлээд энэ онд Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр 20:40-ын харьцаатай ногоон зүлгэн талбай манай аймагт байгуулж өгөхөөр болсон. Энэ талбайг Ерөнхий боловсролын 3-р сургуулийг түшиглэн байгуулах юм. Цаашдаа иймэрхүүү байдлаар зөвхөн улсын төсөв харахгүйгээр гадны санхүүжилт, тусламж дэмжлэгээр сургуулиудаа түшиглэн хөлбөмбөгийн талбай байгуулах ажлуудыг шат дараатай хийгээд явах төлөвлөгөөтэй байна.

Хүүхэд багачуудыг хөлбөмбөгөөр хичээллүүлсэн маань бодитой амжилтаас гадна эргээд аймаг орон нутагт хөрөнгө оруулалт болж буцаж ирж байгаад баяртай байгаа.

-Саяхан аймгийн МАН-ын хорооны дэргэдэх НАМЗХ-ны тэргүүнээр сонгогдсонд чинь баяр хүргэе?

-Баярлалаа. Цагаан сарын дараахан аймгийн МАН-ын хорооны дэргэдэх НАМЗХ-ны хурал болж, даргаар нь би сонгогдсон. Намын дэргэдэх залуучуудын холбоо гэдэг утгаар нь намтай нягт холбоотой ажиллаж, бас намын боловсон хүчин ямар байх ёстой юм, тэр нөөцийг бүрдүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллана. Энэ жилийн хувьд сонгуулийн өмнөх жил тул намынхаа бодлого шийдвэртэй уялдуулаад сонгууль угтсан бэлтгэл ажлуудыг залуучуудтайгаа хамтраад хийнэ. Манай холбооны төлөвлөгөөнд энэ жил 14 төрлийн ажил хийхээр тусгагдсан байгаа.

Эхний ажил нь таксины үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийг холбох зорилготой суурин утсыг “Бэлбулаг” худалдааны төвийн өмнөх таксины зогсоол дээр байршуулаад байна. Энэ дагуу иргэд такси дуудлагын 7045-5995 дугаарт холбогдож үйлчилгээ авч эхэлсэн. Ингэснээр таксины жолооч нарын орлого нэмэгдэж, үйлчлүүлэгч хайж дэмий явах шаардлагагүй амар болсон. Мөн такси үйлчилгээнээс хол, алслагдсан багт амьдардаг болон яаралтай такси үйлчилгээ авах шаардлагатай болсон иргэд энэ утас руу дуудлага хийж байгаа. Энэхүү дугаар нь ямар нэгэн тусгай дугаар биш тул иргэд өөрийн утаснаасаа энгийн утас руу ярих тарифаар дуудлага хийхээс гадна үйлчилгээний хөлсөө тухайн такситайгаа тохирох боломжтой.

Энэ дашрамд багийнхаа иргэдэд хандаад 7045-5995 дугаараар такси дуудаж үйлчлүүлээрэй гэж хэлэх байна.

-Сонгогдсон багтаа өөр ямар ажил хийхээр төлөвлөөд байгаа вэ?

-2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөн дээр бусад төлөөлөгч нартайгаа хамтраад хийхээр төлөвлөсөн ганц нэг ажил бий. Тухайлбал, Цогцолбор 1-р сургууль болон “Нархан” цэцэрлэг орчимд машин замыг тусгаарласан хаалт хийхээр болсон. Хичээл орох үеэр хүүхдүүд их явдаг, мөн машины хөдөлгөөн ч их байдаг. Иймээс бага насны хүүхэд машины зам руу орох эрсдэл өндөр байгаа тул Онцгой байдлын газрын дэргэдэх тойрог орчимд хийсэнтэй адил хашилт хийхээр болсон.

Ажил олгогч эздийн холбооны чиглэлээр би бас ажилладаг. Төрийн худалдан авалтыг орон нутаг руу чиглүүлэх зорилгоор орон нутгийн байгууллагуудын дунд “Увсад үйлдвэрлэв”-ийг дэмжие уралдаан зарлан явуулж байна. Манай аймгийн үйлдвэрлэгчид эдийн саван, ажлыг гутал, хувцас, тавилга, хүнс гээд маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Саяхан “Цахилгаан түгээх сүлжээ” компанийхан маань “Баруун загвар” компаниас ажилчдынхаа гутлыг авсан. Иймэрхүү маягаар ажиллах боломж байгаа ч аж ахуйн нэгжүүд маань хотоос бараа бүтээгдэхүүнээ татаж авчихаад байгаа тал бий. Хамгийн тод жишээ гэхэд манай аймагт 00 -ын цаасны үйлдвэр орж ирсэн боловч борлуулалт байхгүй тул үйлдвэр нь одоо ажиллахгүй байгаа. Гэтэл Увс аймагт 00-ын цаасны хэрэглээ байгаа л шүү дээ. Энэ мэтээр худалдан авалтыг нь дэмжээд өгвөл дотоодын үйлдвэрлэл хөгжих, мөнгөний урсгал гадагшаа биш дотооддоо үлдэх давуу тал бий. Иймд төрийн байгууллагуудын дунд дотоодоосоо худалдан авалт хийх сэдлийг төрүүлэх үүднээс уралдаан зарласан. Жилийн туршид хамгийн их дотоодын худалдан авалт хийсэн компанийг шалгаруулаад мөнгөн шагнал хүртээх юм.

-Компанийхаа талаар яриач?

-Аав ээжийн минь үүсгэн байгуулсан “Ус-Эрдэнэ” компанийн хувьд худаг усыг засварлах, шинээр гаргах, усалгаатай газар тариалан, жимс жимсгэнэ тариалах, түүнээсээ гарсан бүтээгдэхүүнийг боловсруулах, худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Жимсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд татварын хөнгөлөлтөд хамрагдах болсонтой холбоотойгоор өнгөрсөн жилээс компаниа хоёр болгож зохион байгуулалтыг нь өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, худаг усны чиглэлээр “Ус эрдэнэ дриллинг”, жимсний чиглэлээр “Ус эрдэнэ жимс” гээд тусдаа хоёр компани болж, захирлаар нь би ажиллаж байна.

-Сүүлчийн мөчийг өөрт чинь үлдээе?

-Аймаг орон нутгийн хөгжилд залуу хүмүүс үүрэг оролцоо ихтэй байх ёстой. Гэтэл залуус маань аймагтаа тогтдоггүй. Их сургууль төгсөөд сайн нь тэндээ үлдэнэ, бүр сайн нь гадагшаа яваад өгнө, буцаж ирэхгүй. Энэ нь юутай холбоотой вэ? гэхээр орон нутагт ажлын байр байхгүй, орлогын зөрүү их байгаагаас болдог. Хотод хувийн компанид сайн ажиллавал сарын 2 сая төгрөгийн цалин авдаг. Гэтэл аймаг орон нутагт үсрээд л сая төгрөгийн цалин авч байна. Энэ мэт орлогын зөрүүнээс болоод залуучууд орон нутагт тогтохгүй байна. Иймээс нэг га газрыг зөв арчлаад нэмэлтээр орлого олох орчин нөхцлийг орон нутагт бүрдүүлж өгөх хэрэгтэй байгаа. Залуу боловсон хүчнүүд маань эндээ тогтоод өгвөл Увс аймгийн хөгжилд хувь нэмэр болох юм. Тиймээс залуучуудыг ажилтай, орлоготой болгох талд анхааран ажиллах болно гэж амлах байна.  Мөн улс, аймгийн төсөв харж суухгүйгээр аймагт орон нутагтаа хөрөнгө оруулалт татах тал дээр анхаарч ажиллаж байгаа, цаашдаа ч хичээж ажиллах болно.

 Энэ дашрамд Улаангом сумын 7-р багийн ард иргэддээ эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Баярлалаа.

  Увсын өнгө