“Охидоо хамтдаа хамгаалъя” хэлэлцүүлэг боллоо

   Өнөөдөр тохиож байгаа Олон улсын Охидын өдрийг тохиолдуулаад Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Увс аймаг дахь салбараас холбогдох байгууллагуудтай хамтран “Охидоо хамтдаа хамгаалъя” уулзалт хэлэлцүүлгийг “Ойрад” театрт зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн төвийн зургаан сургуулийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл, зарим сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтан, багш нараас гадна аймгийн ИТХ, ЗДТГ, шүүх, прокурор, цагдаа, хүүхдийн байгууллагын ажилтан албан хаагчид гэх мэт нийтдээ 470 гаруй хүн оролцсон юм.

   Эхний хэлэлцүүлгийн сэдэв нь “Өсвөр үеийнхний өнөөгийн байдал, охидын эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн асуудал” байсан бөгөөд энэ тухай аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Нансалмаа, ЭХАШШ-ийн шүүгч Б.Мөнхзаяа, Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Б.Алтангэрэл нар өөр өөрсдийн хариуцсан чиглэлээр мэдээлэл хийлээ. Ялангуяа өсвөр насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал жилээс жилд өсөх хандлагатай байгаа бөгөөд хүчирхийлэл үйлдэгч нь ихэвчлэн хамаатан садан, ойр дотны хүмүүс байдгаас энэ төрлийн гэмт хэрэг нуун дарагдах, удааширч замхрах, цаашлаад гэмт этгээдэд ял завших боломж олгодог байна. Харин охидын таньж мэдэхгүй этгээдийн үйлдсэн хүчирхийллийн хэрэг хурдан илэрч, шуурхай шийдэгддэг аж. Охидын хүчирхийллийн гэмт хэрэг ихэвчлэн ангийн багш, нийгмийн ажилтан, сургуулийн эмч гэх мэт төрийн байгууллагын ажилтнуудын тусламжтайгаар ил болж, улмаар хуулийн байгууллагууд шалгаж шийдвэрлэдэг байна. Гэхдээ энд хамгийн их анхаарах ёстой зүйл нь хүчирхийлэлд өртсөн охидыг хэний хэн гэдгийг нь цахим орчинд ямар ч нууцлалгүйгээр ил тод зарладагаас болоод тухайн охид хүчирхийллийн дарамт дээрээ нэмээд сэтгэл санааны дарамтад давхар орж амьдралд итгэх итгэл алдардаг байна. Иймээс энэ төрлийн мэдээллийг олон нийтийн сүлжээ болоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацахдаа тухайн хүүхдийг аль болох нууцлаж, болгоомжтой хандах хэрэгтэй байна.

“Охидоо хамтдаа хамгаалъя” хэлэлцүүлгийн дараагийн сэдэв нь “Өсвөр үеийнхний дуу хоолой” илтгэл байсан бөгөөд энэ талаар аймгийн Охидын зөвлөлийн тэргүүн Ш.Ариунзаяа, Хөвгүүдийн клубын ахлагч Б.Бумбаяр нар илтгэл тавьсан юм. Үе тэнгийн андуудынхаа тавьсан  илтгэлийг театрт цугласан хүүхдүүд чих тавин сонсож байлаа. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд энэхүү хэлэлцүүлэгт оролцож, өөрийн санал бодлоо илэрхийлсэн юм. Тэрбээр хөдөө орон нутгаас аймгийн төвд ирж суралцаж байгаа дотуур байрны болон айлд “тавиул байдаг” охидын асуудлыг хөндсөн нь анхаарууштай зүйл байлаа.

Төгсгөлд нь энэ ондоо багтаад “Охидоо хамтдаа хамгаалъя” уриан дор өсвөр насны охид, хөвгүүдийн дунд олон нийт рүү хандсан ажил хийх гурван баг томилогдон ажиллахаар болж, батламжаа гардаж авсан юм. Мөн “Охидоо хамтдаа хамгаалъя” хэлэлцүүлгээс гарсан уриалгыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн ИТХ-ын Э.Насанбатад аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Эрдэнэсүрэн гардууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс МЭХ-ны Увс аймаг дахь салбарын хамт олон охидын хүчирхийллийн асуудлыг хөндөж, тэдний дуу хоолойг сонсох, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, охидын эрхийг хамгаалах асуудалд олон нийтийг татан оролцуулах ажлыг санаачлан хийж байгаад талархсанаа илэрхийлж байлаа.

Монголын ирээдүй болсон цэцэг цэврүү шиг охид маань элдэв төрлийн хүчирхийлэл, дарамтгүй орчинд сурч хүмүүжин, ирээдүйдээ итгэл төгс амьдрах болтугай.

Увсын өнгө