Оны онцлох хүмүүсийг шагнаж урамшууллаа

   Аймгийн ЗДТГ-аас 2018 онд ажиллаж буй салбартаа амжилт гарган, хамт олноо хошуучлан манлайлсан дараах хүмүүсийг “Оны онцлох хүн”-ээр шалгаруулан 12-р сарын 31-нд болсон “Цэнхэр хязгаарын мөнгөн шөнө” харшийн сүлд модны наадам дээр гардуулан өгсөн юм. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарын оны онцлох хүн”-ээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч эмч Нямаагийн Гансүх,  “Боловсролын салбарын оны онцлох хүн”-ээр Улаангом сумын ЕБС-ийн 6-р сургуулийн сургалтын менежер Эрхэмбаярын Бат-Эрдэнэ, Соёл, урлагийн салбарын оны онцлох хүн”-ээр “Ойрад” ХЖТ-ын Хөөмийч Дамдинсүрэнгийн Басан, Спортын салбарын оны онцлох хүн”-ээр Улсын тэргүүний 2-р сургуулийн 12-р ангийн сурагч Дамжины Батрдэнэ, “Төрийн тусгай албаны оны онцлох хүн”-ээр Онцгой байдлын газрын эрэн хайх аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Баян-Очирын Түвшинжаргал, “Үйлчилгээний салбарын оны онцлох хүн”-ээр Хот тохижилт, үйлчилгээний газрын цэцэрлэгчин Надмидын Мөнхбат нар тус тус шалгарлаа.

Энэ үеэр мөн нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон үйл ажиллагааг зохион байгуулсан, олон хүнийг ажлын байраар хангасан, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэгдүүлсэн, улсад ахиу татвар төлсөн, үйлвэрлэлийн цар хүрээгээ өргөжүүлсэн зэргийг үндэслэн дараах байгууллагуудыг “Оны онцлох байгууллага”-аар тодруулан шагнаж урамшууллаа. Тодруулбал, “Оны онцлох жижиг дунд үйлдвэрлэгч”-ээр “Тэргүүн арвижих” ХХКомпани, “Оны онцлох татвар төлөгч байгууллага”-аар “Увс Хүнс” ХКомпани, “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр “Увс Мах маркет” ХХКомпани тус тус шалгарсан юм.

   Ийнхүү 2018 он Увсчуудын хувьд ололт амжилт дүүрэн, бүтээн байгуулалт өрнөсөн, салбар салбартаа амжилтаа ахиулсан жил болж өнгөрлөө.