Н.Золзаяа: Увс аймгийнхаа нэрийг улсын хэмжээнд гаргахыг хүсдэг

 “Увсад үйлдвэрлэв” булангийнхаа энэ удаагийн зочноор “Өнөр Урлал” ХХК-ийн захирал Найдангийн Золзаяаг урьж ярилцлаа. Үндэсний дээл хувцасыг төрөл бүрээр нь урлаж, бас дээр нь европ загварын даашинз, хослол, хүрэм, өмд зэргийг оёж үйлдвэрлэж буй “Марал” салоныг Увсынхан андахаа байжээ. Тэр бүү хэл Улаанбаатар хот, зарим аймгуудаас хүртэл захиалга тогтмол ирж байна. Хувцас захиалгын чиглэлээр орон нутагтаа цахиур хагалан гарч ирсэн “Өнөр Урлал” компанийн “Марал” салоноор үйлчлүүлээгүй хүн Увсад цөөхөн гэхэд худлаа болохгүй. Ингээд олон зүйл нуршихгүйгээр авьяаслаг, чадварлаг Н.Золзаяа захирлын ярианд та бүхний анхаарлыг хандуулъя.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?
-Би 1982 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Наймдугаар анги хүртлээ сумынхаа 10 жилийн сургуульд суралцаад 9-р ангидаа Улаангомд ирж Арван жилийн 1-р сургуульд орж байлаа. Улмаар СУИС-ийн кино драмын ангид элсэн суралцаж жүжигчин мэргэжил эзэмшсэн. Манай аавыг Увсынхан андахгүй байх. Монгол Улсын гавьяат багш Жамьянгийн Найдан гэж хүн бий. Харин ээжийг маань Лхамсүрэнгийн Шура гэдэг. Аав, ээж хоёр маань насаараа боловсролын салбарт ажилласан бөгөөд одоо өндөр насныхаа тэтгэвэрт сууцгаасан.
   Эцэг эхээс дөрвүүлээ. Том эгч Н.Лхамжав Цогцолбор 1-р сургуулийн дуу хөгжмийн багш. Дараагийн ах Н.Ганхуяг Ахлах 3-р сургуулийн дуу хөгжмийн багш. Дараагийнх нь би, СУИС-ийн кино драмын анги төгссөн. Отгон дүү Н.Алтангэрэл Программист мэргэжилтэй. Улаанбаатар хотноо ХААН банкны ID-гээр ажиллаж байна.
-Чамайг их л багаасаа урлагаар явсан гэдэг?
-Урлагийн алтан тайзан дээр анх гурван настайдаа гарсан. Монголын бүх ард түмний урлагийн их наадамд аавынхаа зааж өгсөн дуугаар оролцоод алтан медаль хүртсэн. Тухайн үед Бүх ард түмний урлагийн их наадам гэж нүсэр юм болдог байлаа. Түүнээс хойш урлагаар жинхэнэ явж өгсөн дөө. Дуулна, бижиглэнэ, хөгжимдөнө гээд урлагийн бүх төрлөөр хүчээ сорих болсон.
-Урлагийн их наадамд оролцож байсан үеэ санадаг уу?
-Хааяа нэг бүүр түүр юмаа санана уу гэхээс биш бүгдийг нь ч санана гэж байхгүй л дээ. Бусад юмыг аав ээж хэлж өгч байгаа юм. Ам аягүй их цангаад ээжийнхээ мөөмийг хөхөж байснаа санадаг. Тэгэхэд дүү төрчихсөн байсан болохоор дүүгийнхээ хоолыг идсэндээ их гэмшиж билээ. Аав надад дуу зааж байсныг бас мартдаггүй. Хоолны ширээн дээр гаргаад суулгачихсан, хажууд нотоо тавьчихаад “Эрвээхэй эрвээхэй эргэн эргэн нисээрэй” гээд заана. Тэр үед би үгээ гүйцэд хэлж чадахгүй эврээхэй эврээхэй гэж дуулдаг байж. Сүүлдээ ядраад ааваас зугатаад нуугдах газар олдохгүй болохоор нь морин хуурын ард ороод сууж байснаа сайн санадаг.
-Чи багадаа их сэргэлэн цовоо, өхөөрдөм хүүхэд байж билээ?
-Одоо ч хэвээрээ шүү. /Инээв./ Бага байхад манай гэр бүлийн тоглолт их болдог байсан. Нэг удаа Драмын Чука ах /одоо бурхан болсон/ тоглолтыг найруулсан юм. Тэрээр: “Золоог нэг харахад дуулаад, нэг харахад бүжиглээд, эсвэл хөгжим тоглох юм. Чамд хийж чаддаггүй зүйл байна уу” гэж асууж байсан. Ер нь бол бүхий л юмыг хийж сурах гэж тэмүүлдэг, би чадна гээд зүтгэдэг хүүхэд байсан. Тэр чанараараа хүүхэд байхдаа улсын хэмжээний томоохон уралдаан тэмцээнээс хэд хэдэн алтан медаль хүртсэн. Бас мөнгө, хүрэл медалиуд ч бий. Увс аймгийн “Оны тэргүүний сурагч”-аар шалгарч байснаас гадна аймгийн “Авьяас” наадмаас дуу, бүжиг болон хөгжмөөр алт, мөнгө, хүрэл медаль өчнөөн хүртсэн дээ.
-Яагаад урлагаар явсангүй вэ?
-Хар багаасаа л урлагийн хүн болно гээд бодчихсон байсан. Бага байхдаа ч тэр, оюутан болоод ч тэр тувт л урлагаар явсан. Гэтэл одоо дизайн талдаа буюу үйлийг урлах чиглэлээр ажиллаж байна. Хүссэн мэргэжлээрээ явахгүй болохоор зарим хүмүүс гуньж гутран шантардаг байж болох юм. Надад бол тийм мэдрэмж төрдөггүй. Яагаад гэхээр би багадаа бас оёж шидэх дуртай хүүхэд байсан. Энэ тухай ярихын тулд эмээгээ дурсахгүй байж болохгүй. Манай аавын ээж Лхайжав гээд нутаг усандаа алдартай уран хүн байсан. Эмээ маань намайг 6 дугаар ангид байхад монгол дээл оёхыг зааж өгсөн. Эмээгээсээ л монгол гутал, буриад гутал, жанжин малгай, монгол дээл, лоовуузан малгай, тоорцог яаж оёхыг сурч байлаа. Юм оёход их ухаан зарахаас гадна асар их тэсвэр тэвчээр шаарддаг. Хүн бүхэн оёж чадна. Хамгийн гол нь хүмүүс хөдөлмөрлөдөггүй. Миний хувьд юм оёх сонирхолдоо хөтлөгдөөд одоохондоо урлагаа түр хойш нь тавьчихсан байгаа. Яс, маханд маань шингэчихсэн юм болохоор урлагийг надаас хусаад ч арилахгүй. Нас залуу байна, тэгж байгаад урлагаар явна гэж боддог.
-Эзэмшсэн мэргэжил, удам дагасан авьяас байгаа юм чинь урлаг руу буцаад ороход оройтохгүй л дээ. Мэргэжлээрээ ажилласан уу?
-СУИС төгсчихөөд 2003 онд УДЭТ-т туслах жүжигчнээр орсон. Дараа нь МҮОНРТ-д болон “Шинэ үе” продакшинд жүжигчнээр ажиллаж байлаа. Анхны хүүхдээ гаргасны дараа бие өвдөөд урлагаас түр хөндийрсөн. Удалгүй гадаадыг зорьсон бөгөөд хамгийн анх Чех улс руу оёдлын чиглэлээр виз гаргуулж явсан. Очоод хоёр сар ажиллаад тэнд байгаа монголчуудтайгаа уулзаж, жүжигчин Болдбаатар ах, дуучин Бобо, Мөнгөө нартай нийлж урлагийн бригадаар явдаг байлаа. Тухайн үед хийдэг ажил маань урлаг байсан хэрнээ сонирхол маань оёдол руу явах болсон. Янз бүрийн сургалт дамжаанд сууж, европчууд хувцасыг яаж хийдэг юм байна, том үйлдвэрүүд нь хэрхэн ажилладаг юм байна гэдгийг судлаж эхэлсэн. Өөр өөр хотын том үйлдвэрүүдэд очиж ажиллаад 2-3 сар болоод гардаг байлаа. Зарим үйлдвэр лүү сонирхлын журмаар найз нөхдөөрөө дамжуулан орж үзсэн. Европын брэнд үйлдвэрүүдээр яваад байх тусам монголдоо ийм сайхан үйлдвэртэй болох юмсан гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Тэгээд их том зорилго тавьж Монголдоо ирсэн дээ.
   Тэр хооронд монголдоо нэг удаа ирсэн бөгөөд нутагтаа ирэхээр буцаж явмааргүй санагддаг юм билээ. Ямар сайндаа л хоёр сарын хугацаатай визээ үхүүлж байхав. Ирээд 3-4 сар болж байсан чинь миний ажиллаж байсан үйлдвэрээс нэг өдөр залгаад зардлыг чинь төлөөд чамайг авъя гэж ярьсан. Энэ чинь хүний итгэл шүү дээ. Харь орноос над руу яриад ирж ажиллаач гэсэн санал тавиад, зардал мөнгийг нь даагаад буцаагаад авч байна гэхээр би тэдэнд үнэлэгдсэн байгаа биз. Очсон хойноо хүний итгэлийг алдахгүй гэж бас их хичээж ажилласан. Надад ааваас мань уламжлагдсан хурд гэж нэг зүйл бий. Хурдтай ажиллахаар ажил маш эрчтэй явдаг. Европ хүүхнүүдийн өдрийн ажлыг би хагас өдөрт хийчихдэг байсан. Тиймээс дараагийнхаа ажлыг аваад бужигнуулдагсан. Жирийн оёдолчны сарын цалинг гурав нугалж авдаг байлаа.
-Гадаадаас хэзээ ирсэн юм бэ?
-Таван жил ажиллаад овоо хэдэн төгрөгтэй болж, баахан брэндийн гоо сайхны бараа бүтээгдэхүүнтэй исрэн. Түүнийгээ талын нэг цацаад дуусгасан даа. Өөрт юм байвал хүнд өгчих гээд байдаг талтай. Тэгээд л мөнгөгүй болчихсон мөртлөө салонтой болох юмсан гээд мөрөөддөг байлаа.
   Монголд ирсэн жилээ МҮОНРТ-ийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлэгт мэргэжлээрээ ажилд орчихов оо. Хааяа нэг зурганд явчихаад Бямбаа багшийн оёдлын салоноор  байнга орно. Намайг гадаадад байх хугацаанд монгол үндэсний хувцасны хэв маяг, загвар асар их хөгжчихсөн байж билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн томчууд болон урлаг, спортын одуудын дээл хувцасыг оёдог Бямбаа багшийн шавиар орж энэ бүхнийг хийж сурсан даа. Бараг жил гаруй дагалдангаар явж байж үндсэн ажилтнаар орсон.  2012 онд намайг Увс руу явахад багш маань “Чи хаана ч очоод салон нээгээд ажиллуулах чадвар эзэмшсэн шүү” гэж хэлж билээ.
-Тэгээд л мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн үү?
-Манай компанийн хамгийн анхны хөрөнгө оруулалтыг аав маань хийсэн. Үндсэндээ сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд түүгээр нь би оёдлын болон хэрээсний машин, уурын индүү, торго даавуу, утас зүүгээ авч байлаа. 2012 онд ганцаараа гэртээ оёдол хийж байсан бол 2013 оноос “Өнөр урлал” компанийг үүсгэн байгуулсан. Одоо манайх үндсэн 5 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Увс аймаг төдийгүй, Улаанбаатар хот, Ховд, Завхан, Баян-Өлгий, Төв, Баянхонгор аймгийн ард иргэдээс захиалга авч үйлчилдэг.
   Манайд Х.Баттуул гээд УБИС-ийн Хөдөлмөрийн багшийн анги төгссөн охин ажиллаж байна. Бас А.Цэвээндулам гээд Улаангом политехник коллежийн оёдлын анги төгссөн охин бий. Өнгөрсөн оны 9-р сард аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран манай компани зөөлөн оёдлын чиглэлээр үйлдвэр дээрх сургалт зохион байгуулсан юм. Тэр сургалтанд сайн суралцсан А.Бизъяа гээд охиныг мөн оёдолчноор авч ажиллуулж байна. Мөн миний хань Д.Өлзийсайхан гээд залуу бий. Бид тавуулаа энэ компанийг авч явж байна. Ажлын ачаалал ихэдсэн үед сургалтанд хамрагдсан охидоо дуудаж гэрээгээр ажиллуулдаг.
   Одоо манай ажилчид надаас дутахааргүй сайн оёдог болсон. Нэг мм-ийн зайгүй оёх ёстой гэсэн шаардлагыг би тавьдаг. Зарим үйлчлүүлэгчид цагт нь хэтэрхий тулгаад хувцас хийлгэхээр хүрээд ирнэ. Тэр үед уйлах хэцүү, инээх хэцүү болдог. Намайг гээд зориод ирсэн хүний ажлыг амжуулж өгөхөөс өөр аргагүй. Тэгээд л цагт нь амжуулахын төлөө ханцуй шамлан ажилдаа орж гэр, хоол хоёроо умартдаг. Ер нь тэгээд байнга л яарч сандран өнөөдөр үүнийг, маргааш түүнийг гээд хуваарилчихаад охидтойгоо хамт зэрэгцээд л уралдана шүү дээ. Байнга захиалагчтай байдаг болохоор бидэнд цаг зав ч ховорхон гарна.
-Компаниа өргөжүүлэх тал дээр бодсон зүйл байна уу?
-Цаашдаа Увс аймагтаа байхгүй тансаг гоё салоноор нутгийнхандаа үйлчлэх юмсан гэж хүсч мөрөөдөж явдаг. Манай хувцасны хаяг дээр “Made in Mongolia Uvs” гэчихсэн байгаа. Алслагдсан хөдөө орон нутагт үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхол, хэв маягт тааруулан нарийн нандин, чамин ганган хувцасыг яагаад үйлдвэрлэж болохгүй гэж. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг маань ганцхан Увс аймаг гэлтгүй, улс даяараа хэрэглэж, Увс аймагт ийм салон байдаг шүү гэдгийг хүн бүр мэдээсэй гэж хүсч байна. Иймээс улсын чанартай томоохон  уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцож, Увс аймгийнхаа нэрийг Монгол улс даяар гаргая гэж боддог. Нууцгүй хэлэхэд улс, аймгаас нь дэмжээд өгвөл илүү хурдан хугацаанд амжилтанд хүрэх боломжтой.
   Би туслах ажилтнаа хамгийн багадаа гурван сар, үндсэн оёдолчноо хоёр жил дадлагажуулдаг. Тэгсний үндсэн дээр үндсэн ажилчид бий болдог. Тиймээс аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран сургалт хийх нь хамгийн зөв алхам юм. Манай сургалтанд хамрагдахыг хүссэн маш олон хүн байна. Одоо чинь эр, эм гэлтгүй бүгдээрээ өөрсдөө дээл хувцасаа оёж өмсөх хүсэл сонирхолтой болсон байна лээ.
-Гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Миний хань Дэмчигийн Өлзийсайхан гээд халх нутгийн ханагар сайхан залуу бий. Том хүү Ө.Тэлмэн маань Цогцолбор 1-р сургуулийн 6-р анги төгссөн. Дараачийн охин Ө.Маралжингоо одоо гурван настай. Харин бага хүү Ө.Алтанбагана маань одоо 4 сартай. Нөхөр маань УБИС-ийг биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Одоо банк санхүүгийн чиглэлээр сурч байгаа. Бас дээр нь 3-р зэргийн тогооч бөгөөд маш гоё хоол хийдэг. Манай компанийн бүхий л гадуур дотуур ажлыг гүйцэтгэдэг, бодлого барьдаг гол хүн нь байгаа юм.
  Ар гэр нь амгалан тайван, үр хүүхэд нь инээд хөөртэй, аав ээж нь өвчин зовлонгүй, эрүүл саруул байвал хүн эрч хүчтэй сайн ажиллана шүү дээ. Миний амьдрал ийм болохоор ажил маань үргэлж бүтэмжтэй, өөдрөг байдаг. Ер нь тэгээд хүний урагшлах ганц гол зарчим бол гэр бүл шүү дээ. Иймээс хань ижил сайн байх ёстой. Би хувьдаа хань, аав, ээж гурвынхаа энгэрт нь наалдаж, бас эгч, ах, дүү гуравтаа эрхэлж амьдардаг. Гэр дотроо хамгийн эрх танхил нь.
-Чи их ганган. Бүх  хувцасаа өөрөө исгээд оёчихдог уу?
-Багаасаа чамирхах дуртай хүүхэд байсан. Ээжийгээ ажилдаа явсан хойгуур өсгийтэй гутлуудыг нь гэртээ өмссөөр байгаад дуусгасан даа. Ер нь бол юм оёж сурахад нөлөөлсөн бас нэг хүчин зүйл бол чамин ганган хувцас өмсөх хүсэл сонирхол минь юм. Оюутан байхдаа Их дэлгүүр ороод 125 мянгын үнэтэй хослол өмсөж үзсэн чинь үнэхээр их таалагдсан. Тэгээд л өмсөж үзэж байхдаа ийм исгүүртэй, тийм оноотой гэдгийг нь тогтоож, хурдхан гарч цаасан дээр буулгаад Хархорин зах орж өөртөө байсан долоон мянган төгрөгөөрөө материал аваад яг адилханыг оёж өмсөж байлаа.
-Компанийнхаа амжилтаас?
-2014 онд Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын баруун бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын төвөөс зохион байгуулсан үзэсгэлэнгээс “Шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөл, мөн ондоо “Дэлхийн бизнес инкубаторын өдөр-7” арга хэмжээнээс 2014 оны шилдэг бойжигч, “Алтан өндөг” цом, өргөмжлөл хүртсэн. Түүнчлэн, “Увс түншлэл-2015” үзэсгэлэн худалдааны шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч Гран при шагнал авч байлаа. Өнгөрсөн онд Увс аймгийн Шилдэг эмэгтэй буюу “Top women” шагналыг хүртсэн. Энэ хугацаанд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Манжуур хотноо болон ОХУ-ын Тува улсын Кызыл хотноо зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцсон.
   Бизнес инкубатор төвийн “Алтан өндөг” цомыг Монгол Улсын хэмжээнд жилдээ гуравхан компанид өгдөг юм билээ. Увс аймгийн Марал салон “Алтан өндөг” цомын эзэн боллоо гээд заал дүүрэн цуурайтахад үнэхээр их баярлаж омогшсон. Бас илүү ихийг хийж дараа дараагийн олон шагналыг Увс аймагтаа аваачих юмсан гэж мөрөөдсөн.
-Уншигчдад юу хэлэх вэ?  
-Монгол хүн үндэсний хувцасаа өмсөхгүй, түүгээрээ бахархахгүй, гоёхгүй өөр яах билээ. Ард иргэдийнхээ хүсэл сонирхолд тааруулан шинэлэг хийц, хэв маягийг агуулсан бүтээгдэхүүнийг хувь хүний биений онцлогт тааруулан урлаж өгдөгөөрөө манай салон бусдаас давуу талтай.
  Ингээд манай салоны үйлчлүүлэгчид болон Увс нутгийнхаа зон олонд баярласан талархсанаа илэрхийлж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Ажилд чинь амжилт хүсье.
Увсын өнгө

Хаяг: Улаангом сумын 3-р баг. 55 айлын орон сууцны 1-р давхарт “Марал” салон байрлаж байна. Утас: 88015649