“Нархан” 3-р цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийгдэнэ

2018-2019 оны хичээлийн жилд Улаангом сумын “Нархан” 3-р цэцэрлэг 360 хүүхдийг 7 бүлэгтээ сурган хүмүүжүүлж байна. Үүнээс хоёр бэлтгэл бүлэгт 80 хүүхэд суралцаж байгаа аж. Энэ жил тус цэцэрлэгийн ар талд залгаад өргөтгөлийн барилга баригдахаар болсон байна. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн санхүүжилтын асуудлыг хөөцөлдөж, улсын төсвөөс 770 сая төгрөг батлуулж өгсөн байна. Ингэснээр ирэх хичээлийн жилээс эхлэн тус цэцэрлэг 9 бүлэгтэйгээр ажилладаг болох нь ээ.

“Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдсанаар манай тойргийн бүх хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болно. Ер нь бол манай цэцэрлэгийн анги дүүргэлт улсын хэмжээнд хамгийн өндөр байгаа. Өргөтгөлийн барилгыг цэцэрлэгийн ар талд залгаад барих бөгөөд коридороор холбогдох юм.

Манай цэцэрлэгт арга зүй, ур чадвараараа аймагтаа танигдсан олон шилдэг багш нар ажилладаг тул цэцэрлэгийн анги дүүргэлт жил бүр өндөр байдаг. Цэцэрлэгийн зүгээс хүүхэд багачуудынхаа сурах хүсэл эрмэлзлэлийг дэмжиж, авъяас, ур чадварыг нээн илрүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажилладаг. Мөн чанар сайтай, илчлэг өндөртэй эрүүл хоол хүнсээр байнга хангаж ирсэн. Үүнээс гадна хүүхэд багачуудынхаа эцэг эхчүүдийг идэвхжүүлэх зорилгоор олон төрлийн тэмцээн уралдаан, үйл ажиллагаануудыг тогтмол зохион явуулдаг. Тухайлбал, аавуудын дунд Кофены баяр,  ээжүүдийн дунд “Би ээжтэй хайртай” өглөөлөг зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг” хэмээн “Нархан” 3-р цэцэрлэгийн эрхлэгч З.Ууганбаяр хэллээ.

Тус цэцэрлэгийн зүгээс өнгөрсөн 3-р сард хүүхдүүдийнхээ дунд “Бигээс бүжиг, бийчнээс бүжигчин” сэдэвт цэнгээнт бүжгийн уралдааныг зохион явуулсан байна. Өнгөрсөн жил цэцэрлэгийн бүх сурагчид баруун монгол ардын бий биелэгээг хийж сурсан бол энэ хичээлийн жилд цэнгээнт бүжиг бүжиглэхээр бэлдэж байна.

Увсын өнгө