М.Мөнхөө: Монголчууд усны хомсдолд ороогүй болохоор усаа хайрлаж гамнахгүй байна

Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд Дэлхийн усны өдөр тохиодог билээ. Энэ өдрийг тохиолдуулан Увс аймгийн НААҮ-ний “Чандмань-Увс” компанийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Мягмарын Мөнхөөтэй ярилцлаа.

-Юуны өмнө танд Дэлхийн усны өдрийн мэнд хүргэе.

-Баярлалаа. Увс нутгийн зон олондоо дэлхийн усны өдрийн мэнд хүргэе. Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд Дэлхийн усны өдөр тохиодог уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон ус хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, санал бодлыг сонсох, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.

-Дэлхийн усны өдрийг хэдийнээс тэмдэглэх болсон бэ? Монголчууд хэзээ нэгдсэн юм бол?

-Анх 1992 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байдаг. Улмаар 1993 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлажээ. Харин манай улсын хувьд 2005 оноос хойш тэмдэглэж байгаа. Жил бүр энэ өдрөөр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулж ирсэн.

   2015 онд Дэлхийн усны өдрийг “Ус ба тогтвортой хөгжил”, 2016 онд “Сайн ус-сайн ажлын байр”, 2017 онд “Бохир ус”, харин 2018 онд “Байгальд ээлтэй усны шийдэл” гэсэн уриан дор тус тус тэмдэглэн өнгөрүүлж байна. Эдүгээ Монгол Улсын хэмжээнд 5000 гаруй хүн ард түмэндээ цэвэр ус олборлох, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээ эрхэлдэг бөгөөд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

-Монголчууд усыг “хар ус” хэмээн үзэж хэзээ ч шавхагдашгүй элбэг дэлбэг зүйл гэж бодож ирсэн. Энэ байдал одоо ч үргэлжилсээр байгаа шүү дээ?

-Манай дэлхийг цэнхэр нүдэн гараг гэдэг. Дэлхийн гадаргуугийн гуравны хоёр нь усаар бүрхэгдсэн байдгаас ийнхүү нэрлэжээ. Энэ байдлаас харвал энэ их далай тэнгис байхад яагаад усны дутагдалд орох билээ гэж бодох нь лавтай. Гэтэл өнөөдөр дэлхий дээр 7 хүн тутмын нэг нь цэвэр усны дутагдалтай нөхцөлд амьдарч байна. Дэлхий дээрх усны нийт нөөцийн 97,5 хувийг далай тэнгисийн давстай ус эзэлж, үлдсэн хувийн талаас илүүг нь хойд, урд туйл, Гренландын арал, Гималай, Анд, Альп зэрэг өндөр уулсын цас мөс эзэлдэг аж. Ингээд ганцхан хувь нь бид бүхний “Чандмань эрдэнэ” хэмээн нэрийдэх цэвэр ус байдаг.

   Өдгөө дэлхийд 1,1 тэрбум хүн цэвэр усны байнгын хомсдолтой нөхцөлд амьдарч байгаа статистик байна. Өдөрт 4500 хүүхэд, жилд 1,8 сая буюу хорин секунд тутамд нэг хүүхэд усны гачигдлын улмаас хорвоог орхиж буй эмгэнэлтэй мэдээ байна. Энэ эрсдэл хөгжил буурай Африкийн орнуудад ихэвчлэн тохиолддог байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд усны хомсдол, түүнээс үүдсэн өвчин эмгэг зөвхөн Африкийн улсууд гэлтгүй нийт хүн төрөлхтний өмнө тулгарах болсон. Хамгийн ойрын жишээ гэвэл манай урд хөрш болох БНХАУ-ын цөөнгүй муж усны хомсдолд орж, улмаар 2008-2011 онд гурван сая гаруй иргэнээ зөвхөн бохир уснаас үүдэлтэй өвчин эмгэгээр алдсан байна. Хүмүүс бид амьсгалах агааргүйгээр 10 секунд, усгүйгээр 78 цаг, хоол хүнсгүйгээр 136 цаг байж чаддаг байна. Нийт хүн төрөлхтний оршин байх үндэс нь ус байдаг. Тиймээс ч “Ус- Чандмань эрдэнэ”, “Ус амьдралын эх булаг” гэсэн үгс гарсан биз ээ. Гэхдээ бид эдгээр үгсийг төдийлөн тоолгүй, усыг ёс төдий хэрэглэсээр өнөөг хүрсэн. Учир нь Монголчууд усны хомсдолд ороогүй, усаар гачигдаагүй болохоор усаа хайрлаж гамнахгүй байна. Хүн бүр ус хэрэглэдэг ч ариг гамтай хэрэглэдэг нь тун цөөхөн байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 2030 он гэхэд дэлхийн нийт хүн амын гуравны нэг хувьд л ундны ус хүрэлцэнэ гэсэн статистикийн судалгаа гаргасан байна лээ. Үүнээс харвал ердөө 12 жилийн дараа усны хомсдол нийт хүн төрөлхтний өмнө тулгарахаар байгаа. Мэдээж энэ асуудал бидэнд ч хамаатай.

 Уг нь бол манай улс шиг газар нутагтай, хүн ам цөөнтэй ард түмэн цэвэр агаараар амьсгалж, цэнгэг усаар ундаалж болмоор санагдана. Гэтэл агаарын бохирдол, хөрсний бохирдол, ундны усны бохирдол гээд хүний эрүүл амьдралын гурван суурь хүчин зүйл нь эрсдэлтэй байдалд байсаар байна. Цэнгэг усны багавтар нөөцтэй 22 орны нэг нь манайх бөгөөд дэлхийн нийт цэвэр усны нөөцийн 0,00004 хувь нь байдаг. Монгол орны нийт усны нөөц 600 км3, үүнээс 381 км3-ийг нь Хөвсгөл нуур эзлэдэг. Цэвэр усны нөөц говьд дэлхийн дунджаас 10 дахин бага, хангайд дэлхийн дунджаас 4 дахин их байдаг харилцан адилгүй тархалттай орон юм.

-Хөгжилтэй орнууд газрын гадаргын усаа түлхүү ашиглаад гүний усаа нөөцөлдөг гэсэн. Гэтэл манай улсад эсрэгээрээ газрын гүний усаа бүхий л зүйлд ашиглаад байдаг нь харамсалтай санагддаг?

-Манай улсын нийт хүн амын 80 гаруй хувь нь газрын доорх ус, 20 орчим хувь нь гадаргын усаа хэрэглэдэг. Гэтэл нийт усны нөөцийн 80 хувийг гадаргын ус эзэлж байгаа нь анхаарах асуудлуудын нэг юм. Жил ирэх тусам бидний усны хэрэглээ нэмэгдэж байгаа ч эсрэгээрээ гол горхи нь ширгэсээр байгаа. Тухайлбал, манай улсын хот, суурин газрын орон сууцны дундаж хэрэглээ өдөртөө 200-250 литр байдаг гэх судалгаа гарсан. Усны хэрэглээгээрээ Улаанбаатар хот тэргүүлж байгаа бол Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотууд удаалж байна. “Оюу толгой” компани өнөөдрийн байдлаар 860 л/с ус хэрэглэж байна. Ирэх жилүүдэд бүрэн чадлаараа ажиллавал 1200-1600 л/с ус хэрэглэхээр тооцоо байгаа нь говийн бүс нутагт энэ төслийн хувьд хамгийн тулгамдсан асуудал болж байна.

   Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хийсэн гадаргын усны тооллогоор бид 5000 гаруй гол горхио адсан гэх судалгаа байгаа. Хөдөөгүүр ус нь ширгэж сайр болсон газрыг хаанаас л бол хаанаас харж болно. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлс нь Монгол орны газарзүйн байрлал, өндөржилт, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэргээс шалтгаалж усны горим, нөөц, чанарт өөрчлөлт орж, цэвэр ус хомсдож байна. Мөн хүний буруутай үйл ажиллагаа, байгаль орчинтойгоо зүй бусаар харьцах, усны зохисгүй хэрэглээ, уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас манай орны гадаргын болон гүний усны нөөц багасч, улмаар гол мөрөн ширгэхэд хүргэж байна. Энгийн жишээ хэлэхэд ой мод, газрын гадаргыг ихээр сүйтгэж байгаа нь газрын гадарга дээр тусах нарны илчийг нэмэгдүүлнэ. Энэ нь борооны үүлийг багасгана гэсэн үг. Энэ мэтчилэн үлэмж хэмжээгээр хорогдох ногоон ургамлаас гадна агаарын болон усан тээврийн үсрэнгүй хөгжил ч ус татрах гол хүчин зүйлсийн нэг болж байна. Хатаж хуурайшсан газрыг усаар тэтгэх ёстой борооны үүлийг аварга хөлөг онгоцнуудын утаа сарниадаг. Сүүлийн 50 жилийн хугацаанд хөлөг онгоцны түлшний хэрэглээ 4 дахин өссөн судалгаа гарсан байна. Мөн дэлхийн хүн амын өсөлтийн хурд сүүлийн жилүүдэд бага зэрэг буурах хандлагатай ч XXI зуунд даруй 2 тэрбумаар нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарчээ. Үүнтэй зэрэгцэн усны нөөцийн хомсдол ч 2 дахин ихсэх урьдчилсан прогноз байна. Бид өдөр ирэх тутам үйлдвэрлэл болон ахуйдаа санаанд оромгүй их хэмжээний усыг тогтмол хэрэглэдэг. Тухайлбал, 0,5 л кола үйлдвэрлэхэд 3, нэг кг төмс тарихад 250-500, бие гүйцсэн нэг үхрийг амьдралынх нь туршид ундаалахад 5-20 мянга, нэг машин үйлдвэрлэхэд 400 мянга, нэг гулдмай алт боловсруулахад 8 сая литр ус тус тус зарцуулдаг байна. Хотжилт үйлдвэрлэл газар тариалан эрчимтэй хөгжихийн хэрээр цахилгаан болон дизель мотороор гүний усыг зогсолтгүй соруулж, гол гольдролыг өөрчлөн урсгаж байна. Ингэснээр бидний усны хэрэглээ байгалийн усны эргэлтийн хурдыг хол хаяж түрүүлснээс усны хомсдлыг бий болгож буйг хүн төрөлхтөн анхаарлынхаа төвд авах цаг нь аль хэдийнэ болжээ.

-Та өөрийнхөө удирддаг “Чандмань-Увс” компанийн талаар яриач?

-“Чандмань-Увс” ХХК нь 1951 оноос хойш өнөөг хүртэл Улаангом хотын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна. 1986-1987 онд ОХУ-ын инженер техникийн ажилчдын тусламжтайгаар төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын систем, цэвэрлэх байгууламж ашиглалтад орж байжээ. Тухайн үед цэвэрлэх байгууламж нь бохир усыг 90 орчим хувьтай цэвэрлэж, цэвэрлэсэн усанд нь загас амьдарч байсан түүх байдаг. 1990-2000 оны шилжилтийн үед ус хангамжийн байгууллагын санхүүгийн чадавх суларч цахилгаан эрчим хүч болон ашиглалтын зардлаа дийлэхээ байж, алдагдалд орсны улмаас Увс дулааны станцын дэргэдэх цэвэр усны 3-р өргөлтийн станц болон цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа зогссон байна.

2001 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цэвэрлэх байгууламжийн технологи ажиллагаа өөрчлөгдөж картын системд шилжиж одоогийн цэвэрлэх байгууламж ашиглалтад оржээ. Уг цэвэрлэх байгууламж нь ашиглалтын зардал бага, эдийн засгийн хувьд ээлтэй ч бохир усны цэвэршилтийн түвшин хангалтгүй, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл ихтэй байгаагаас үүдэн 2018-2019 онд Улаангом хотод Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр орчин үеийн шинэ цэвэрлэх байгууламж баригдах болсныг дуулгахад таатай байна. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усны цэвэршилтийн түвшин дээшилж, байгальд ээлтэй хаягдал усыг гаргах, саарал усыг эргүүлэн ашиглах, газар тариалан, хөдөө аж ахуйд бордоо байдлаар ашиглах, (CH4) метан гаргаж авах зэрэг дэвшилтэт ажлуудын эхлэл тавигдана гэж үзэж байгаа.

   Усан хангамжийн эх үүсвэр, барилга байгууламжийн хувьд 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ус хангамжийн шинэ эх үүсвэр хотынхоо дээд талд Гашууны голын сав газрын дагуу баригдаж ашиглалтад орсноор Улаангомчууд бид ус хангамжийн 2 талын эх үүсвэртэй болж, ойрын 20 жил Улаангом хотыг ус хангамжаар хангах байгууламжтай болсон. Өнөөдрийн байдлаар ус хангамжийн нийт хүчин чадлынхаа гуравны нэг хувийг ашиглаж нийтийн орон сууцны 1800 өрх, 220 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгж, 10 гаруй худаг усан сангаар дамжуулан гэр хорооллын иргэдийг усаар хангаж, хоногт 1200-1400 м3 усыг олборлон түгээж, мөн ийм хэмжээний усыг татан зайлуулж цэвэрлэж байна. Нийт усны зарцуулалтын 70 орчим хувийг нийтийн орон сууц зарцуулж байгаа бөгөөд нэг хүнд ойролцоогоор 300 л ус ноогдож байна. Энэ нь дэлхийн дунджаас 2 дахин их байгаа юм. Гэтэл гэр хороололд нэг хүн хоногт 8-10 л ус зарцуулж байгаа нь дэлхийн дунджаас 15 дахин бага байна. Усны үнэ тарифын хувьд орон сууцны айл өрхөд 1 л усыг 42 мөнгөөр, гэр хорооллын айл өрхөд 2 төгрөгөөр худалдах тариф үйлчилж байна.

-Тэгэхээр орон сууцны айл өрхүүд хамгийн их ус хэрэглэдэг атлаа хамаагүй хямд өртөг төлдөг байх нь ээ?

-Тиймээ. Энэ бүхэн усны тоолууржуулалт хангалтгүй, усны  зохистой хэрэглээ хэвшээгүй, усны үнэ цэн хэт бага, усны алдагдал их зэрэг хүчин зүйлээс хамааралтай байгаа. Бид хэдий их ус хэрэглэнэ тэр хэмжээгээр байгалийн баялаг дундарна, мөн төдий хэмжээгээр байгаль дэлхийд хаягдал ус ачааллана гэдгийг иргэн бүр ухаарах учиртай. Ирэх жилүүдэд цэвэрлэх байгууламж ашиглалтад орохтой холбогдуулан одооноос цэвэр, бохир усны тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг зориуд тэмдэглэн хэлмээр байна. Учир нь механик болон биологийн цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор цахилгаан эрчим хүч, дулаан хангамж, ажиллах хүчний зардал, урвалж бодис гэх мэт ашиглалтын зардал үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ. Мөн ус хангамжийн байгууллагын ажилтан, ажиллагсдын дундаж цалин өнөөгийн байдлаар 480 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа юм. Иймд эдгээр зардлыг шингээсэн усны үнэ тарифын уян хатан бодлого барьж ажиллах нь энэ салбарын хэвийн үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтойг онцолмоор байна.

-Ус хангамж, ариутгах татуургыг сайжруулах чиглэлээр аймаг орон нутагт ойрын үед ямар дорвитой ажлууд хийгдэх гэж байна?

-2018 онд Орон нутгийн хөгжлийн сангаас 180 сая төгрөг гаргаж цэвэр усны шинэ эх үүсвэрийн эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсэд байрлалтай айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, хамгаалалтын хашаа хайсыг сэргээхэд зарцуулна. Мөн 2018-2020 он хүртэл гэр хорооллын худаг, усан санг ухаалаг үйлдлийн системтэй болгох, цэвэр усны эх үүсвэр дээр ус ариутгах төхөөрөмж суурилуулах, дотооддоо цахилгаан эх үүсвэртэй болох, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, өндөр насжилттай шугам хоолойг шинэчлэн солих зэрэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Цаашид бид хөрсний эрүүл ахуйн байдалд онцгой анхаарах шаардлагатай байгаа. Учир нь хөрс эрүүл байвал хэвлийд нь байгаа ус эрүүл, агаар мандалд байгаа агаар эрүүл, хөрсөн дээр нь хөрвөөж байгаа хүн зон нь эрүүл байдаг жамтай. Иймд гэр хорооллыг дэд бүтэцжүүлж, ариутгах татуургын шугам сүлжээний цар хүрээг нэмэгдүүлж, нүхэн жорлон, муу усны нүхний тоог цөөрүүлэх бодлого, шаардлага, гүйцэтгэл юу юунаас эрхэм байна. 

-Сүүлчийн асуулт. Усаа ариг гамтай зарцуулахын тулд бид юу хийх ёстой вэ?

-Хүний хэрэглээ хязгааргүй. Ус хэдийгээр нөхөн сэргээгддэг байгалийн баялаг ч зүй зохисгүй ашиглавал шавхагддаг байгалийн баялаг юм. Монгол Улсын иргэн бүр хоногт 1 литр усыг хэмнэвэл 3 сая литр ус, сард 90 сая литр, жилд 1080 сая литр усыг хэмнэнэ. Энэ нь ирээдүй хойч үедээ үлдээж байгаа юутай ч зүйрлэмгүй үнэт эрдэнэ бөгөөд унасан газар угаасан усаа унаган төрхөөр нь байлгахад иргэн таны оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг санах хэрэгтэй. “Хүнд буян хийе гэвэл тархинд нь мэдлэг өг, байгаль дэлхийд буян хийе гэвэл хэвлийд нь ус тогтоо” гэсэн мэргэдийн үгээр энэхүү яриагаа өндөрлөе.

  Ус бол амьдрал, ус бол шингэн алт, ус бол цэнхэр алт тул хайрлая, хамгаалъя.

-Танд баярлалаа.


Увсын өнгө