Иргэдийн хадгаламж энэ оны хагас жилийн байдлаар 18 тэрбум төгрөгөөр өсчээ

  Увс аймаг дахь Монголбанкны салбар болон арилжааны банкууд нь Монголбанкнаас явуулж буй стратеги үйл ажиллагааны хүрээнд төрийн мөнгөний бодлогыг орон нутагт тууштай хэрэгжүүлж, орон нутгийн нөхцөлд зохицсон уян хатан бодлогыг барьж ажиллаж байна. Үүний үр дүнд өргөн олон харилцагчдын дэмжлэгтэйгээр банкны тогтолцоо эрүүлжиж, тогтвортой ажиллах чиг хандлага бий болсон. Өнөөдөр Увс аймагт арилжааны таван банк үйл ажиллагаа явуулж, хязгаар нутгийн ард иргэдэд хүрч үйлчилж байна. Ингээд та бүхэндээ 2018 оны 2 дугаар улирлын банк санхүүгийн эдийн засгийн үзүүлэлтийг товч танилцуулъя.

Аймгийн дүнгээр нийт зээлийн багц 170,6 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4,3 хувь буюу 7,0 тэрбум төрөгөөр өссөн байна. Нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээл 12,1 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,4 хувь буюу 0,4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй, иргэдийн орлого тогтмол бус байгаатай холбоотой юм.

Татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу иргэдийн харилцах хадгаламж 117,3 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18,1 хувиар буюу 18,0 тэрбум төгрөгөөр  өссөн.

Монголбанкнаас 2017-2018 онд “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аян, “Санхүүгийн боловсрол” аян, “Монгол алт” аян , “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” аян,  “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аянуудыг зохион байгууллаа. Эдгээр аянуудын үр дүнг дурдвал:

  1. Иргэдийн мөнгөн тэмдэгтэд хандах хандлагад ахиц гарсан,
  2. Иргэдийн санхүүгийн боловсрол сайжирч хуримтлал, хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн,
  3. Иргэд, аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанкинд тушаах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн,
  4. Банкууд харилцагчдынхаа эрх ашгийг хамгаалж ажиллаж байгаа зэрэг ахиц дэвшил гарч байгааг тэмдэглэхэд таатай байна.

Төв Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар зээлийн ангилалд шилжсэн иргэдийн зээлийн түүхийг зээлийн мэдээллийн сангаас чөлөөлөх шат дараалсан 3 удаагийн арга хэмжээ авсан. Үүнд:

2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 25621 зээлдэгч

2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 41085 зээлдэгч

2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 14170 зээлдэгч

Нийт 80876 зээлдэгчийн зээлийн мэдээллийг зээлийн мэдээлийн сангаас чөлөөлж  зохицуулсан нь санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хүрээнд авагдаж байгаа арга хэмжээ юм. Энэ нь санхүүгийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээх ач холбогдолтой.

“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны хүрээнд Монголбанк өнөөдрийн байдлаар 11,5 тн алт худалдаж аваад байна. Энэ нь өнгөрсөн оны үетэй харьцуулбал таван хувиар өссөн үзүүлэлт юм. Монголбанк 2018 онд 22 тн алт худалдаж авах зорилт тавьсан бөгөөд энэ нь биелэх боломж өндөр байна.

Увс аймгийн Тариалан сумын Борхавцал, Өмнөговь сумын Орлогын голын чиглэлд алт олборлож байгаа 300-гаад иргэдэд Увс аймаг дахь Монголбанкны салбараас өнгөрсөн сард сургалт сурталчилгааны ажлыг хийсэн.

  Увс аймгийн Тариалан сумаас олдсон 915,30 грамм байгалийн төрц алтыг Монголбанкны Эрдэнэсийн сан 10 хувийн нэмэгдэл үнээр энэ сарын 4-нд худалдан авсан байна.

Увс аймаг дахь Монголбанкны салбар