Жил ирэх тусам Улаангом хотын агаарын бохирдол эрс нэмэгдэж байна

 Аймгийн Байгаль орчны шинжилгээний лабораториас Улаангом хотын агаарын төлөв байдалд азотын давхар исэл, хүхэрлэг хийн 660 сорьц, угаарын хийн 576 сорьц, тоосны 90 сорьц авч шинжилгээ хийсэн байна. Жил ирэх тусам Улаангом хотын агаарын бохирдол эрс нэмэгдэж байгаа нь шинжилгээгээр харагджээ. Агаарын чанар, төлөв байдлын судалгаагаар ид галлагааны үеэр агаарын бохирдол их ажиглагддаг байна. Тухайлбал, өглөө 7-8 цаг, орой 19-20 цагийн үед агаарын бохирдол их байдаг бол шөнийн 3 цагаас хойш утаа багасдаг аж.

“Улаанбаатар хотын утаатай харьцуулбал Улаангом хотын утааны асуудал ярих сэдэв биш мэт санагдавч өвлийн улиралд өглөө оройд Улаангом хот утаа униартсан дүр зурагтай байна. Хоёр дулааны станц  үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд гар галлагаатай томоохон аж ахуйн нэгж байгууллагуудыг нэгдсэн халаалтад холбох, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлмээр байна. Тэгвэл Улаангом хотын утаа униар багасан агаарын бохирдлоо бууруулах  боломжтой юм” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн ажилтан Г.Оюунчимэг хэллээ.