Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монголд

/Асуудал дэвшүүлсэн өгүүлэл/

Сүүлийн жилүүдэд дэлхий ээж маань уурлан хилэгнэж олон ааш гаргах болжээ. Үүний шалтгаан юу вэ? Хэрхэн дасан зохицох вэ? Гэсэн олон асуулт дэлхийн хүн төрөлхтний толгойг өвтгөсөөр. Агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн агууламж өнгөрсөн хагас зуун жилд ч тохиолдоогүй хэмжээ, хурдаар ихэссээр байна. Уур амьсгалын өөрчлөлтөд өмнө нь байгалийн хүчин зүйлс нөлөөлж байсан бол сүүлийн 50 жилд дэлхийн хүн амын өсөлт, үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжил, эрчим хүчний хэт их хэрэглээ зэрэг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хий, утаа тоосонцор голлох нөлөөтэйг эрдэмтэд тогтоосон.

Дэлхий дээр жил бүр 12 сая гектар буюу Швейцарийн газар нутгийг гурав нийлүүлсэнтэй тэнцүү газар цөлжилтөд өртжээ. Дэлхийн дулаарал гэгч энэ зүйл цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож улмаар 5 тэрбум хүн, 110 оронд шууд нөлөөлж байна. 2011 оны есдүгээр сард хуралдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалтаар дэлхийн удирдагчид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн талаар хэлэлцэж 2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1990 оны түвшнээс 25-40 дахин бууруулах, агаарын хэмийн өсөлтийг 2 хэм дотор барих, 2020 он гэхэд жилд 250 тэрбум долларын хөрөнгийг босгож уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарцуулахаар ярилцаж тохирсон байна. Гэвч улс орнууд энэ мэтийн арга хэмжээ авсаар байгаа хэдий ч дорвитой ажил болж өгөхгүй байгаа нь хэн бүхэнд ил зүйл.

Монгол орон бол дэлхий гэгч айлын нэг эд эс нь учраас энэ асуудал тойрч гарсангүй. Харин ч хүндээр нөлөөлж байгааг судлаачид тогтоосоор. Ард түмэн өөрсдөө нүдээрээ харж, чихээрээ байгаа байдлыг сонсож байгаа хэдий ч өдрөөс өдөрт байгаль дэлхий хувьсан өөрчлөгдсөөр аль хэдийнээ энэ асуудал бүрхэн авчээ. Сүүлийн хэдхэн арван жилд Монголын газар нутгийн бүрхэвч ихээхэн өөрчлөгджээ. Тодруулбал, 1992, 2002 оны газрын бүрхэвчийн ангиллын хиймэл дагуулын зургийг харьцуулахад цөлийн бүсийн талбай ихэсч, ойн сан багасч газар нутгийн 78.2 хувь нь дунд болон түүнээс дээш зэрэглэлд багтахаар цөлжилтөд өртжээ. Ингээд зогсохгүй нийт нутгийн 60 хувиас илүүг эзэлдэг мөнх цэвдэг хайлж эхэлсэн байна. Ер нь сүүлийн 30 жилийн өөрчлөлтөөс харахад өндөр уулын мөстөл эрчимтэй хайлж буйгаас гол мөрөн, нуурын усны төвшин, нөөцөд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Үүний нотолгоо нь Монгол Алтайн нурууны Хархираа, Түргэн, Мөнххайрхан, Цамбагарав, Сайр уулсын мөстлийн талбай аравхан жилийн дотор 30 хувиар багассан гэх үзүүлэлт. Энэ бүхэн дээр нэмэрлэвэл усны нөөцийн хомсдол аюулын харанга дэлдэнэ. Угаас манайх усны нөөц багатай орны тоонд багтдаг. Гадаргын усны хамгийн сүүлийн тооллогоор 5128 гол, горхиос 852 нь, 9306 булаг, шандаас 2274 нь, 3747 нуур, тойрмоос1181 нь, 429 рашаанаас 60 нь ширгэсэн дүн гарчээ. Гэтэл уур амьсгалын энэ бүх өөрчлөлтийн улмаас байгалийн гамшгийн давтамж ихэссэн байна. Ийн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бидний амьдрах орчин улам бүр хэцүүхэн болсоор байна.

Ийм байдлаар дурьдаад байвал асуудал дуусахгүй юм. Энэхүү асуудлууд юунаас болж үүсэж байгаа шалтгаан, яаж багасгах вэ?, яаж сэргийлэх вэ? Гэсэн хариулт нь тодорхойгүй асуултуудад улс орнууд хариулах гэж оролдож байна. Манай орны хувьд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Киотогийн протоколд нэгдэж, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр боловсруулан баталсан.  Уур амьсгалын үндэсний хороог байгуулж, Үндэсний хөгжлийн цогц бодлогод мөн л энэ асуудлаар тодорхой зорилтууд дэвшүүлсэн ажиллаж байна. Гэхдээ энэ хөтөлбөр, конвенцид нэгдлээ гээдасуудал шийдэгдэхгүй байгаа нь тодорхой. Асуудал хэтэрхий овоорч гамшгийн байдалд хүрэхийн наана байгаа учир энэ байдлаар жил бүр асуудлууд даамжирч ирээдүйдээ үлдээх ус, газар нутаг, мал ахуйгүй хагсаж ангасан цөл, хар утаанд бүдийсэн аврал эрсэн газар нутаг л үлдэхвий дээ. Ядаж наад зах нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах чиглэлээр даацтай ажил зохион байгуулах нь нэн тэргүүний асуудал юм. Тухайлбал, Байгаль орчинд хор хохиролгүй технологийг бүх салбарт нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулахын тулд эдийн засаг болон татварыг хөшүүргийг ашиглах, хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэрэглээг багасгах гээд л. Хүмүүс бид өөрсдөө энэ бүх асуудлын буруутан. Их хөгжлийн цаана гарсан хэдий ч юмыг хөнгөвчилж хялбар болгох гэж техник технологийг хэтэрхий ашигласнаас байгаль дэлхий яаж байгааг мартчихсан бололтой. Юутай ч монгол инженерүүдийн ур ухаан шингэсэн эко автобусуудыг нэвтрүүлж, унадаг дугуйн зогсоол тавих гэх мэт ажилууд хийж байгаа нь дээрх ажлын эхлэл байх. Том зүйлийн эхлэл нь өчүүхэн зүйлээс үүдэлтэй байдаг шүү дээ.

 

Б.Отгонпүрэвээ