Гурван Тамирын хөндийгөөр аяласан айрагтай, найрагтай өдрүүд минь /Аян замын тэмдэглэл/

   Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн орон нутгийн сэтгүүлчид болон гадаад дотоод мэдээний албаныхан, удирдлагын бүрэлдэхүүн, бусад хэлтэс албадын төлөөллийг оролцуулсан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн сарын сүүлчээр арын сайхан хангайд саатан мориллоо.

   Бидний энэ удаагийн аялал Гурван Тамирын Хөндийгөөр буюу Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Батцэнгэл сумдаар үргэлжилсэн юм. Хэдийгээр миний бие Увсаас Улаанбаатар хооронд оюутан болсон цагаасаа хойш өдгөө хүртэл олонтоо зорчихдоо Архангай аймгаар өчнөөн дайран өнгөрч байсан ч байгалийн сайхан болоод бас бус зүйлсийг нь төдийлөн сайн мэддэггүй байжээ. Ерөнхийдөө энэ удаагийн аялал нүдийг минь нээж, олон сайхан зүйлсийг үзэж харсан, өчнөөн сайхан хүмүүстэй уулзаж танилцсан үр дүнтэй сайхан аялал боллоо.

   Биднийг аяны замд Архангай аймгийн Онцгой байдлын албанд шинээр ирсэн улаан машин тосон авч Хотонт сумын нутаг дахь Хар балгас хотын туурин дээр хөтлөн очсон. Монгол газар нутагт 745-840 оны хооронд оршин тогтнож байсан Уйгарын хаант улсын нийслэл Хар балгас хотын туурийг Монгол Улсын Засгийн Газар 2002 онд хамгаалалтанд авчээ. Эдүгээ Архангай аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөртөө тус газрыг хамруулснаар гадаад дотоодын жуулчид гийчдийн очих дуртай газрын нэг болсон байна.

   Эндээс Ойрадын Галдан бошгот хааны хайрт хатан Ануг онголсон Хотонт уул алсын зэрэглээн дунд алган дээр минь буух шиг болсон. Баруун Монголчууд бид манж чин гүрэнтэй олон жил баатарлагаар тулалдсан ойрадын Галдан бошгот хаанаараа бахархаж, бардамнадаг ард түмэн билээ. Одоогийн Төв аймгийн нутаг дахь Элсэн тасархай орчимд Галдан бошгот хаан манжуудтай шийдвэрлэх тулаан хийж, улмаар бүслэгдэхэд хайрт хатан Ану нь цөөхөн цэрэгтэй дайран орж зам тавьж өгөөд өөрөө манжуудын гарт амиа алдсан түүхтэй. Ану хатныг төрөлх нутагтаа аваачиж онголох хүчин мөхөсдсөн авааль нөхөр нь одоогийн Архангай аймгийн нутаг дахь Хотонт сумын нутагт онголсон гэдэг. Ийнхүү хатныг онголсон уулыг Хатант уул хэмээн нэрийдэх болжээ. Монгол бичгээс крилл рүү Хатант уулыг хөрвүүлэн бичихдээ Хотонт болгон өөрчилсөн хэмээн зарим түүхчид үздэг байна. Ямартай ч энэ уул надад үнэхээр дотно, сайхан санагдаж байсан юм.

   Архангай аймгийн Хотонт сум айргаараа алдартай аж. Жил бүр айргийн баяр хийж, найман төрлийн тэмцээн зохион явуулдаг байна. “Булганы Сайхан сумынхан хүртэл манайхаас ирж айрагны эхээ авдаг юм” хэмээн Тамгын газрын дарга А.Оюун онцолж байсан. Агь таана амтагтаад үнэхээр сайхан айраг байж билээ. Цаашлах тусам айраг олон таарсан ч Хотонтын айргийг гүйцэх нь ховорхон байсан даа.

   Бид тэндээсээ Архангай аймгийн газар тариалангийн гол бүс нутгийн нэг болсон Төвшрүүлэх суманд очсон. Тус сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга, байгууллагуудын дарга, багийн дарга гээд албан тушаалтнуудын ихэнх нь хүүхнүүд байв. “Үеийн үед л эмэгтэй даргатай байдаг сум даа” хэмээн аймгийн дарга нар нь хүртэл дуугарч байсан. Мэдээж хэрэг эмэгтэй хүн удирдсан сум эмх цэгцтэй, элдэв муу зүйлгүй, хаана л очно гял цал, гоё ганган байсан гэхэд худлаа болохгүй. Цаг давчуу байсан болохоор бид олон газраар орж чадаагүй. Гэхдээ Төвшрүүлэх сумын Соёлын төвийн тохижилтыг хараад хөдөө орон нутагт ийм боловсон үйлчилгээний газар байдаг аа хэмээн алмайрсан даа. Үнэндээ бид хэдэд бараг гишгэх газар олдохооргүй тийм цэвэрхэн, цэмцгэр, тав тухтай орчин угтсан билээ.

   Тус сумын нутагт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот “Хүрээ” нэртэй байхдаа суурьшиж байсныг илтгэсэн чулуун хөшөөг Нийслэлийн ИТХ-аас босгосон байх агаад бид уг хөшөөний дэргэд түр саатсан юм.

   Эхний өдрийн аялал ийнхүү шувтарч Архангай аймгийн төвөөс 4 км орчимд байрлах “Майдар сан” жуулчны баазад бид хоноглосон юм.

   Маргааш өглөө нь мандахын улаан нарнаар босцгоон МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар Багшийн их сургуулиар зочиллоо. Биднийг тус сургуулийн захирал Г.Батсуурь угтан авч сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулсан юм. Тус сургуульд Увс аймгаас үеийн үед олон арван оюутнууд суралцаж, аймгийнхаа болон улс эх орныхоо боловсролын салбарт ажиллаж ирсэн билээ. “Нэг үеэ бодвол Увсаас суралцах хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд харьцангуй цөөрсөн” хэмээн Г.Батсуурь захирал онцолж байсан. Ямартай ч Архангайн багшийн сургуулийн босгыг элээсэн хүмүүс Увсад олон бий. Бас зарим нь тэндээ бэр, хүргэн болсон явдал ч цөөнгүй гэдэг.

   Тэндээсээ бид Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбатын өрөөгөөр зочилсон юм. Тэрбээр аймаг орон нутгийнхаа цаг үеийн ажил болоод хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Увс аймгийн хувьд Архангай аймгаас авах хамгийн сайн жишээ бол цэцэрлэгийн асуудал байсан. Тус аймаг цэцэрлэгийн асуудлыг үнэхээр оновчтой шийдвэрлэж чадсанаар хүүхэд нэг бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж чадсан байна. Аймгийн төвдөө гэхэд бараг хориод цэцэрлэгтэй юм байх. Барилга орон сууц барьж байгаа компаниудын газрыг үнэ төлбөргүй өгч оронд нь нэг давхрыг нь төр цэцэрлэгийн зориулалтаар бариулан худалдаж авсан байна. Ингэснээр төр тэрбум гаруй төгрөгөөр барих ёстой цэцэрлэгээ үсрээд л 250-300 сая төгрөгөөр бариулсан аж. Дээрээс нь тус орон сууцны оршин суугчид хүүхдээ чирч хол ойр явахгүй, доошоо буугаад л оруулаад өгчихнө. Харин барилгын компаниудын хувьд хамгийн том тулгамдсан асуудал болох газраа үнэгүй шийдүүлжээ. Бас дээр нь нэг давхраа зарах гэж зовохгүй, шууд төр худалдаад авчихсан. Үүнийг л жинхэнэ ухаалаг төрийн бодлого гэх байх даа. Манай аймагт бол барилгын компаниудад газар үнэгүй өгсөн хэрнээ Архангай шиг ашиглаж чадаагүй. Зүгээр л барилгажилтыг дэмжсэн үйл ажиллагаа болоод өнгөрсөн төдий.

    Үүнээс гадна Улаангом сумын “Тэмүүлэл” 8-р цэцэрлэг байгуулагдсан цагаасаа хойш буюу таван жил түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Сардаа 1,2 сая, жилдээ 15 сая гээд тооцвол таван жилийн хугацаанд 75 сая төгрөг хувийн компаниад түрээс гэж өгөөд байгаа. Цаашдаа хэдэн жил түрээс төлөхийг бүү мэд. Эцэст нь төр мөнгө ч үгүй, байр ч үгүй үлдэх нь тодорхой. Намар болохоор л хүүхдээ яаж цэцэрлэгт оруулна гэдэг асуудал эцэг эхчүүдийн хувьд шүдний өвчин бодог. Улаангом сумын хэмжээнд гэхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 2000 гаруй хүүхэд бий гэсэн судалгаа байна. Тэгэхээр манай дарга нар ядаж Архангайгаас туршлага судлаад цэцэрлэгийн асуудлаа шийдээсэй билээ.

   Монгол Улсын хэмжээнд “Гудамж” төсөл хэрэгжсэн гуравхан аймгийн нэг нь Архангай. Нөгөө нэгд нь Увс бас ороод байгаа.  Архангайн аймгийн ИТХ-ын даргатай уулзаж суутал самар түүдэг, самарын бизнес эрхэлдэг хүмүүсийн төлөөлөл болсон 50 гаруй иргэн орж ирсэн юм. Тус аймагт энэ жил арвин их самар ургасан тул толгойтой тоот самарнд явж, бас зарим нь худалдан авч дамлан зарж байгаа аж. Гэтэл самар түүх хугацаа дууссан хэмээн тус аймгийн Цагдаагийн газраас самарын ченж нарын амбаар савыг түгжиж, лацдаж ломбодон самар нэмж авахыг хоригложээ. Ингэсээр гурав хоног өнгөрсөн тул самар муудаж хэнд ч хэрэггүй хог боллоо, түүнээс өмнө лац ломбыг нь яаралтай авмаар байна гэсэн хүсэлтийг тус иргэд тавьж байлаа. Энэ асуудалд Архангайн удирдлагууд шуурхай арга хэмжээ авч, нааштайгаар шийдвэрлэхээр болсон юм. Улс орон маань санхүүгийн хямралд өртөөд буй энэ цаг үед байгаль хайр хишгээ харамгүй хайрлаж байхад ядарсан ард иргэд хураан авч амьдрал ахуйдаа ашиглахгүй өнгөөрвөл мунхаг хэрэг болох биз ээ. Самар түүж зараад оюутны сургалтын төлбөрөө хийсэн, өр зээлээ төлсөн гэх иргэд тэдэн дунд олон байлаа. Дээдсүүд маань аливаа хууль тогтоомж гаргахдаа ул суурьтай хандаагүйн бодит жишээ тус аймгийн иргэдийн амьдрал дээр ийнхүү тод харагдаж байсан юм.

   Сүүлийн жилүүдэд Архангай аймаг малын тоогоороо улсдаа тэргүүлэх болсноос гадна хүн ам нь ч их өсч байгаа аж. “Увсын сэтгүүлч байвал битгий уурлаарай, танай аймгаас хүмүүс их шилжиж ирж байгаа шүү” хэмээн Ч.Мөнхбат дарга хошигноод авч билээ.

   Тэндээсээ бид Эрдэнэбулган сумын ЗДТГ болон Архангай аймгийн ус суваг ашиглалтын “Ундарга” компаниар орж ажил байдалтай нь танилцсан юм. Аймгийн төв болох Эрдэнэбулган сумын хувьд бусад 18 сумаасаа мэдээж хэрэг илүү хөгжсөн нь харагдаж байв. Харин усны хувьд "Монголдоо номер нэг цэвэр ус ашигладаг" хэмээн "Ундарга" компанийн захирал онцолж байсан. Тэр өдөртөө бид Булган хайрхан уулын энгэр дэх хүндэтгэлийн тавцан дээр гарч, Арын сайхан хангайн шүтээн болсон ууланд залбирсан даа. Энд 108 шат хийснээс гадна гол хэсэгтээ Бурхан багшийн сэрэг дүрийг босгосон байлаа. Мэдээж хэрэг Булган уулын тухай энд дурсаад баршгүй. Сайхан сүрлэг баян хайрхандаа залбирая даа.

   Аялалын дараагийн өдөр бид Архангай аймгийн төв дэх Заяийн гэгээний хийд болон тус аймгийн музейгаар зочилсон юм. Заяийн гэгээний хойд дүр хэмээн таван дүр тодорсноос хоёрынх нь занданшуулсан шарилыг Заяын гэгээний хийдэд залжээ. Тэндэхийн лам нар хэлэхдээ манайхан Итгэлт хамбад очиж мөргөнө гээд их явж байна. Уг нь бол Итгэлт хамбын багш нь Заяийн гэгээн шүү дээ гэж байсан. Монголчууд бид гадны юмыг шүтэхдээ гаргууд улс хойно нутагтаа байгаа багшид нь биш, харийн нутагт байгаа шавьд нь очиж мөргөхөөр зардал чирэгдэл болж байгаа нь үнэхээр харамсалтай. Аялалын багийнхан маань Заяийн гэгээний занданшуулсан шарилд цугаараа мөргөж, ажил амьдрал, ар гэрээ даатгацгаасан даа. Тэндэхийн музейн үзмэрүүд ерөнхийдөө Заяийн гэгээнтэй нэлээд их холбогдох бөгөөд шашины, түүх дурсгалын зүйлс болон түүхэн хүмүүсийн зураг, байгалийн уран зургууд ихээхэн байлаа.

   Тэндээсээ бид Архангай аймгийн Эрдэнэбулган сумын малчин Н.Эрхэмбаярынд зочилсон юм. Аймгийн сайн малчин цолтой тэрбээр хоёр туслах малчинтай аж. Гэр орон нь цэвэр цэмцгэрийн дээр сүү цагаан идээ хийж байгаа нь үнэхээр сайхан. Ийм л ажилсаг, хичээнгүй малчидтай юм чинь Архангай аймаг айраг, цагаан идээгээрээ алдартай байхаас ч өөр яахав. Саалийн хувинтай сүүнүүд, хатаасан хуруудууд, хэвийн ааруулуудыг ёстой л музейн үзмэр мэт цэвэр нямбай өрсөн байв. Аялалын багийнхан маань айраг, сүү цагаан идээгээр дайлуулахын зэрэгцээ амттайхан хорхог идсэн дээ. Ер нь бол бид Архангайд очсон газар бүртээ хорхогоор дайлуулж, айргаар даруулж явсан даа.

   Дараа нь бид Архангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газар Тайхар чулуун дээр очсон юм. Холоос л харж байсан болохоос яг дэргэд нь би очиж байгаагүй. Хажууд нь очоод харахад үнэхээр үзэсгэлэн төгс сайхан хайрхан байв.

   Аялалын дараагийн зогсоол Батцэнгэл сумын Улсын сайн малчин Л.Айлтгүйбаатарынх байлаа. Түүний аав, мянгат малчин Лхагвасүрэнгийнх зургаан хүүхэдтэй бөгөөд хамгийн том нь Улсын сайн малчин Айлтгүйбаатар аж. Дараачийн дүү нар нь аймгийн арслан Л.Үйтүмэн, Л.Шинэбаатар нар. Харин  отгон хүү нь саяхан болсон жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бужигнуулж, хүрэл медаль хүртэн улсынхаа нэрийг гаргасан Л.Отгонбаатар байна. Эднийх хоёр охинтой бөгөөд нэг нь улсын харцага Д.Гончигдамын гэргий аж.

   Ийм л мундаг айлаар бид зочилсон доо. Архангай аймгаар аялах хөтөлбөрт малчин Лхагвасүрэнгийнд зочилж  гэр бүлийн хөгжилтэй нь танилцана гэж байсныг сэтгүүлчид бид анх хараад дор бүрнээ л жиг жуг хийн одоо байтлаа Архангайд ирж гэр бүлийн хөгжил судлах нь байна шүү гэлцэж байсан. Гэтэл үнэхээр судлахаас өөр аргагүй сайхан гэр бүл байсан даа.

   Архангай аймгийн Батцэнгэл сум болон миний төрсөн нутаг Увс аймгийн Тэс сум хоёр бөхчүүдээрээ улсдаа алдартай билээ. Энэ л сайхан нутагт төрж өссөн болохоор эрчүүд нь эртэй бяртай, аагтай омогтой байхаас ч өөр яалтай гэмээр Батцэнгэл сумын үзэсгэлэнт байгаль  нүдний өмнө илхэн тодрох мэт. Таван Тэсийн сав газар өдийд мөн л ийм байдаг сан.  Ай сайхан нутаг минь.

   МОНЦАМЭ агентлагийн Архангай аймаг дахь сурвалжлагч, бидний энэхүү аялалыг санаачлан зохион байгуулсан гол хүн болох Л.Булган ах маань “Цэв цэнхэр морийг туурай сайтай гэдгийм Цэнхэрийн голын хүүхнүүдийг сэтгэл сайтай гэдгийм” хэмээн дуулсаар биднийг угтаж, энэхүү бадгаа гурван өдрийн турш аяласаар үдсэн дээ, хөөрхий минь.

   Маргааш өглөө нь бид Улаанбаатар хотын зүг хүлгийн жолоо залав. Замдаа алдарт Хархириноор дайрч 108 хийдэд мөргөхөө бас мартаагүй гэж байгаа.

   Монголын хоймор болсон арын сайхан хангайгайгаар ийнхүү гурван өдөр дурсамжтай, дурдатгалтай сайхан аялалаа.

   Сэтгүүлч миний хувьд Монгол орны баруун хязгаар Увс аймгаас Улаанбаатар хот хүртэл 1400 орчим км, эргээд Архангайн нутгаар 1200 орчим км аялаж хот ороод, улмаар гэртээ ирэх хүртэл нийтдээ арав хүрэхгүй хоногийн дотор 4000 гаруй км автобусаар аяласан даа.

   Урт холын замдаа “Цэв цэнхэр морийг туурай сайтай гэдгийм Цэнхэрийн голын хүүхнүүдийг сэтгэл сайтай гэдгийм” гэж дуулсаар Увс нуурынхаа хаяаг харж билээ.

Увс аймаг Б.Батхүү