Гар аргаар алт олборлогчдын ухсан нүхнүүдийг булж нөхөн сэргээжээ

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны ажилтнууд өнгөрсөн сарын 22-нд тохиосон "Биологийн олон янз байдлыг хамгаалах өдөр"-өөр хөдөө орон нутагт ажилласан байна. Тэд энэ үеэр Түргэн сумын нутагт орших Саалинч хэмээх газарт нөхөн сэргээлтийн ажил хийжээ. Учир нь тухайн бүс нутгийн нэг га орчим газарт гар аргаар алт олборлогчид олон тооны нүх ухаж алт олборлосны улмаас газрын хэвлий хөндөгдөж, сэндийлэгдсэн байна. Иймээс тус Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар өөрсдийн хүчээр тухайн нэг га газрыг нөхөн сэргээжээ. Гар аргаар алт олборлогчдын ухаад орхисон нүхнүүдэд мал, амьтан унаж үрэгдсэн байдалтай байсныг ийнхүү цэвэрлэж нөхөн сэргээсэн байна.