Гар аргаар алт олборлогчдыг албадан буулгана

Энэ сарын 10-нд Тариалан сумын Бор хавцал хэмээх газарт гар аргаар алт олборлохоор 300-гаад нинжа нэгэн зэрэг дайран орж ажиллаж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тухайн газарт аймгийн МХГ, БОАЖГ-аас хамтарсан ажлын хэсэг очиж ажиллаад иржээ. Бор хавцалд одоогийн байдлаар 60 гаруй гэр бууж, 670 гаруй гар аргаар алт олборлогчид ажиллаж байгаа аж. Тухайн ажлын хэсгийн гишүүд тэдэнд хууль бусаар алт олборлохын сөрөг үр дагавар, хуулийн заалтыг танилцуулж мэдлэг мэдээлэл олгосон байна.

“Тариалан сумын Бор хавцалд хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа өдрөөс өдөрт өргөжиж байна. Манай ажлын хэсгийн зүгээс хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллах ёстой байгууллагууд руу нөхцөл байдлын талаар мэдээлж, яаралтай албадан буулгах хэрэгтэй гэсэн чиглэлийг хүргүүллээ. Уг нь бол өнгөрсөн 9-р сард Бор хавцалд гар аргаар алт олборлож байсан 1500 гаруй хүнийг хууль хүчний байгууллагын тусламжтайгаар албадан буулгасан. Гэтэл 5 сар хүрэлгүй эргээд тэнд гар аргаар алт олборлогчид ажиллаж эхэллээ” хэмээн аймгийн МХГ-ын уул уурхайн улсын байцаагч Ц.Баттулга хэллээ.