Б.Бат-Амгалан: Бид үр хойчдоо бахархах түүх, хамгаалах гал голомтыг нь өвлүүлж үлдээх үүрэгтэй

  Түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв”-ийн Тэргүүн, “Монголиа Гладвилл Увс Петролиум” ХХК-ийн Төсөл хариуцсан захирал Баатаржавын Бат-Амгалантай ярилцлаа.

-“Тод номын гэрэл төв”-ийн Тэргүүн гэдгээр тань Увсчууд таныг андахгүй. Тэгэхээр энэ ТББ-ыг хэзээ, ямар учраас үүсгэн байгуулсан талаар яриагаа эхлэх үү?
-Анх 2006 онд бидний үеийн таван залуу үүсгэн байгуулж байсан ТББ байгууллага маань одоо Монголд төдийгүй, дэлхийн Монгол судлаачдын танил эрдэм шинжилгээ, судалгааны нэр хүндтэй байгууллага болтлоо өргөжин тэлсэн байна. Түүхийн ухааны доктор На.Сүхбаатар бид хоёр Улаанбаатар хотод оюутан болсон хойноо 1992 онд "Их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээний бага хурал" дээр анх танилцаж байж билээ. Тэр үед хоёулаа сургуулиасаа илтгэлээрээ шалгарч, Сүхээ маань "Галданцэрэн хааны үеийн Ойрадын газрын зураг", би "Монголчуудын уламжлалт шүтлэг" сэдвээр илтгэл тавьж байсан юм.
   Түүхийн ухааны доктор цолоо хамгаалахад нь очиж баяр хүргээд, нэг их удалгүй тэр намар нь Сүхээ доктор гурван залуу дагуулан ирж надтай уулзсан. Ингээд Увсын Тэсийн харъяат Түвшинтөгс доктор, Ховд аймгийн Ядамжав, Баян-Өлгий аймгийн Бямбажав гэсэн орос, англи хэлтэй, манж, төвд, худам болоод тод бичгээ мэддэг хэдэн залуус нийлсэн дээ. Тухайн үедээ тод бичгийн соёл тойрсон үйл ажиллагаа явуулах “Тод Монгол” гэсэн нэртэй байгууллага үүсгэн байгуулах тухай яриад, яг нэр авахад давхцаад байсан тул Тод ном, дээрээс нь Тод бичиг зохиосон их гэгээнтэн Зая Бандида Намхайжамцын намтар болох "Сарны гэрэл"-ийг бэлгэдэн "гэрэл" гэдэг үгийг нэмж, "Тод номын гэрэл" гэсэн нэр авах шийдэлд хүрч билээ.
   Олон зүйл нуршихгүйгээр хэлэхэд төрийн бус байгууллага маань өдийг хүртэл Монголын түүх бичлэгт байсан орон зайг нөхөж, Ойрад монгол түмний түүх соёл, хэл бичиг судлалд сэргэн мандалт авчран үсрэлт хийж, "бага ястан" хэмээгдэн хилс нэрлэгдсэн Монголын олон аймагт тархан суурьшсан олон ястнуудыг язгуурын Монгол овог аймгуудын үр сад гэдгийг нь баталгаажуулан, нэлээдгүй түүхэн эх сурвалж, ховор судруудыг судалгааны эргэлтэнд оруулсан. Ялангуяа түүхийн нэгэн үед хэлмэгдэн зовсон баруун Монголчуудын үндэсний бахархах үзлийг шинэ түвшинд гаргаж чадсан нь бидний хийж амжуулсан олон олон ажлын гол цөм гэж ойлгож, бас бахархаж явдаг. Бид бага ястан биш ээ, бид язгуурын Монголчууд...
   Ардчилсан энэ нийгэмд бид дөрвөд, баяд, хотон бас элжигэн халх гэдгээрээ бахархаж, овогоо зөв олж тогтоон, үр хойчдоо бахархах түүх, цэвэр цус, хамгаалах гал голомт, нэр төрийг нь өвлүүлж үлдээх үүрэгтэй.  
-"Өсрсн цусн, тасрсн махн" гэж бид ярьдаг. Дэлхийгээр тархан суурьшсан Монгол туургатан руугаа чиглэсэн, тэдэнд хүрсэн ажлуудаасаа нэрлээч?
-Анх байгуулагдсан цагаасаа л ОХУ-ын Халимаг, Тува, Буриад, Алтайн БНУ-ууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Алшаа, Ордос, Цинхай буюу Хөх нуур мужийн Дээд монголчууд, Шинжаан Уйгарын ӨЗО-ны Монгол ахан дүүстэйгээ эрдэм, соёлын хэлхээ холбоо тогтоож, сүүлийн жилүүдэд Тайвань, АНУ, Канад, Франц, ХБНГУ гэх мэт улсуудад тархан суурьшсан Монголчууд, бас тэртээ найман зууны өмнө Дундад Ази, Араб, Энэтхэг хүртэл нутгаа тэлж явсан өвөг дээдсийн хойчис болсон Хазара Монголчуудтай холбогдон ажиллаж байна.
   Эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар бол Монгол улсын Шинжлэх Ухааны Академи, МУИС, МУБИС, Ховд их сургууль гэх мэт эрдэм судалгааны байгууллагууд, ОХУ-ын ШУА-ийн харъяа Халимагийн Хүмүүнлэгийн Судалгааны Хүрээлэн, Тувагийн Хүмүүнлэгийн Судалгааны хүрээлэн, Халимагийн Улсын Их Сургууль, ШУӨЗО-ны Баруун хойдын үндэстний их сургууль, Өвөр монголын Их Сургууль, Ланжоугийн Үндэстний их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан нягт холбоотой ажиллаж, олон улсын эрдэм шинжилгээний экспедицүүд, олон улсын эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулж, түүх хэл бичгийн ном судар олныг хүч оюун хавсран бүтээж, "Ойрад судлалын номын сан" буюу "Библиотека Ойратика" хэмээх эрдэм шинжилгээний цуврал маань 60 гаруй болж, нийт сонин сэтгүүл ном товхимлын тоо даруй 100 гарчээ. Өдий хүртэл энэ олон ном, сэтгүүл, хээрийн судалгааны экспедиц, олон улсын хурлыг хийхэд хамтарч ажилласан түүх соёлдоо элэгтэй анд нөхөд, ахан дүүстээ бид баярлаж талархаж байдаг. Бид энэ онд 10 жилийн ойгоо тэмдэглэх ажлын хүрээнд хамтарч ажилласан бүхий л байгуулага, хувь хүмүүсээ оролцуулсан ном хийнэ гэж төлөвлөж байна.
   Бас Халимаг ахан дүүс маань эх Монгол руугаа тэмүүлэх үйлсийг манлайлж, монгол ахан дүүс дэлхийн өнцөг булан бүрээс бидэнд хандаж, энд тэндээс ирсэн оюутан, магистрант, судлаач залуусыг чадлаараа дэмжин, "Халимагийн түүх, соёл", "Шинжааны Монголчууд", "Тува түүх, соёл", "Эзнээ голын ээж нарын түүх" хэмээх цувралууд төрж, монгол үндэстэн нэг нэгнээ мэдэхэд бас нэгэн гүүр болж байгаа. Монголыг зорьж байгаа бизнесмэнүүдийг зөв хүмүүстэй холбох, зөв мэдээлэл авахад нь хань нөхөр болж, соёлын салбарын төлөөллүүдийг дэмжин урамшуулж ажилласнаар хамгийн тод жишээ нь, Та бүхний сайн мэдэх, Монгол улсын гавьяат жүжигчин Самандын Жавхлангийн тэргүүлсэн "Хамаг Монгол" төсөл төрсөн юм шүү. Орон орны Монголчууд энэ төслийг уухайлан хүлээж авсан, дэмжсэн, цаашаа "Дэлхийн Монгол" төсөл хэмээн улам өргөжих төлөвтэй байна. 2006 онд Элстэй явж ирээд Жавхаад анхны дөрвөн Халимаг дуу өгснөөс анхлан "Төрлмүд мини" хэмээх сайхан дууг дуулж, араас нь нэлээд олон Халимаг дуунууд, бас Буриад, Тува гээд хөвөрч өгсөн дөө. Тууштай, зорьсондоо хүрдэг чанартай уран бүтээлч дээ, манай Жавхлан.  “Өсрсн цусн, тасрсн махн” гэж манай Монгол ахан дүүс дэлхэй даяар нэг дуу, нэг аялгаар хэлж, газар нутгаараан биш гэхэд хэл соёл, урлаг, оюун санаагаар эвлэлдэн нэгдэх эхлэл тавигдаж эхэлсэнд би хувьдаа маш их баяртай байдаг. Энэ бүхэн нь Монгол орон дэлхийд оюун мэдлэгээр засаглагч, санхүүгээр засаглагч орон болохын эхлэл гэж бодож, бас итгэж явдаг. Энэ итгэлээ амьдралд хэрэгжүүлэх эхлэлийг ч бид тавилцаж, гар бие оролцоно хэмээн бие сэтгэлээ бас нэгэн эхлэлд бэлдэж явна даа.
-“Юмжаагийн Цэдэнбал судлалын академи”-ийн тэргүүн нь та байх аа?
-“Эрдэм судлалын төв -Ю.Цэдэнбал Академи”-ийн Ерөнхийлөгч нь Цэдэнбалын Зориг. Миний хувьд Хүүхэд залуучуудын асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч гэсэн сонгуультай, бас академийн дэргэдэх “Юмжаагийн Цэдэнбалын Гал Голомт” ТББ-ын Тэргүүнээр ажиллаж Бал даргын 40 гаруй жил амьдарч, гал голомтоо бадраасан нэг давхар байрыг нь түүний гэр музей болгох ажлыг хариуцан ажиллаж байна. Буурал даргынхаа үнэн түүхийг олон түмэнд хүргэхээр гурван ч номыг нь гэр бүлийн зүгээс ивээн тэтгэж гаргасан, академийнхаа арга хэмжээнүүдэд байнга идэвхитэй оролцож байна.
-2014 оны зун Бал даргын ач охин ирээд явсан. Монголд ирэх ажлыг нь та санаачилсан гэж дуулсан?
-Тийм ээ, “Юмжаагийн Цэдэнбалын Гал Голомт” ТББ-аасаа урилга явуулж, би ерөнхий зохион байгуулалт, мөнгө санхүүгийн асуудлыг нь биечлэн зохицуулж тусласан. Миний хамтрагчид бол Москвад суугаа УБТЗ-ын төлөөлөгчийн газрын дарга Д.Пүрэвбаатар, Наранбулаг сумын харъяат, Монголын Хөрөнгийн Биржийн дэд дарга асан Х.Алтанхуяг нар. Бид санаа нийлэн даргын ач охин Цэдэнбал Анастасия Зориговнаг Москвагаас урьж Монгол нутагтаа ирж ах дүү нартайгаа уулзах, хамгийн гол нь өвөөгийнхөө төрсөн нутагт очиж, өвөө эмээдээ зориулан буян үйлдэж, ном хуруулах мөрөөдөл хүслийг нь биелүүлэх гэж зүтгэсэн.
   Цэдэнбал Анастасия Зориговнаг нутгийн ахмадууд, жирийн ард иргэд, мөн Монголын төр засаг маш сайхан хүлээж авсан. Түүнийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар хүлээн авч уулзана чинээ санаагүй байсан байх. Тэрээр эх нутагтаа сэтгэл нь татагдан, аяллынхаа төгсгөлд Буриадын БНУ-д очиж Итгэл Хамбад мөргөснийхөө дараагаар нийслэлд буцан ирж, өвөөгийнхөө төрсөн өдрөөр хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлээд Улаангом-Хандгайт чиглэлээр буцсан даа.
   Уг ажлыг мөнгө санхүү, сэтгэл санаагаар дэмжсэн Увс аймгийн ИТХ, ЗДТГ, БСШУ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Г.Батхүү, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, Монгол Улсын Геологийн төв лабораторын дарга Н.Тэгшбаяр, “Эсэн Трэйдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Н.Болдхүү, МИАТ ХК, “ХҮННҮ ЭЙР” ХХК, “Чингис Хаан” зочид буудал, “Монгол Костюмс” ХХК, Төр засгийн үйлчилгээний “ЭЛИТ” төв, Төр Засгийн авто бааз, Баруунтуруун сумын харъяат фото зурагчин Анхзаяа ах нарт талархсанаа илэрхийлж, Та бүхний заяа буян дэлгэрэх болтугай гэж ерөөл өргөе өө.
-Энэ жил Бал даргын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа. Тэгэхээр энэ ойн хүрээнд ямар ажлууд төлөвлөж байна вэ?
-100 жилийн ойг төр засгийн хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэх ёстой хэмээн Академийн удирдлага, хамт олон төлөвлөгөө гаргаж, зохих байгууллагуудад хандан ажиллаж эхлээд байна. Бид Цэдэнбалын Зориг, түүний охин Анастасия хоёрыг энэ түүхт ойн ажлыг гардан зохион байгуулж, тэргүүлэн оролцоосой гэсэн хүсэлтэй байна. Энд хэлэх ёстой нэг эрхэм хүн бол түүхч Ц.Жамбалсүрэн багш. Энэ хүний Бал даргын намтар судлалаар хийсэн нөр их ажлыг бидний хойч үе, эх орны түүх үнэлнэ гэдэгт би эргэлздэггүй. Бид даргын насны ойн жилд Цэдэнбалын Зориг болон түүний охин Цэдэнбал Анастасия Зориговнаг урих, мөн "Анастасия Цэдэнбал Монголд" гэсэн зурагт ном гаргахаар ажиллаж байна.
-Социализмын үед хэлмэгдэж явсан гэх Лоохууз гуай “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр Бал дарга, цаашлаад Увсынхны тухай гүтгэлгийн чанартай зүйлс ярьсан. Энэ тал дээр танай академийн зүгээс ямар хариулт өгсөн бэ?
-Академийн зүгээс ийм асуудал бүхэнд хариулт, няцаалт өгөх шаардлагагүй. Яагаад вэ гэвэл, Ю.Цэдэнбал гэж хүн Монгол улсын төр засгийг удирдаж байх цаг хугацаанд эх орон, ард иргэдийнхээ төлөө юу хийж бүтээснийг олон түмэн хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Бал даргыг муулсан, ер нь хэн нэгэн хүний тухай ярихдаа, муулахдаа хажуугаар нь төрөлх нутаг, ард түмнийг нь дайран доромжилж байгаа хүмүүсийг хэн ч сонсохгүй. Түүхийн үнэнийг цаг хугацаа харуулна. Бал дарга эрх мэдэлтэй байх үеийнхээ хандлага, бүтээлч байдал, дипломат бодлого, эх оронч сэтгэлгээгээрээ Монгол төрийн түүхэнд тод бичигдэн үлдэж, бидний үр ач нар тэр хүнээр бахархах болно. Харин богино эрх ашиг, хувийн өш хонзон хайсан хүмүүсийг түүх өршөөлгүй хуудаснаасаа арчин хаядаг. Тийм л зүйл болох нь гарцаагүй тул тэднийг анхаараад, дэвэргээд хэрэггүй гэж бодож байна.
-Газрын тосны хайгуул Увс аймагт хийгдэж байна. Тэгэхээр энэ талаар дэлгэрэнгүй  мэдээлэл өгөөч?
-2015 оны 4 дүгээр сард Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Монгол улсын Засгийн Газар "Увс 1 талбай"-д газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших, хайгуул эрхлэх тендерт шалгарсан "Монголиа Гладвилл Увс Петролиум" ХХК-тай "Бүтээгдэхүүн Хуваах Гэрээ" байгуулснаар, манай аймгийн Малчин сумын нутагт 9 дүгээр сарын 12-аас эхлэн газрын тосны хайгуулын хоёр цооног өрөмдсөн. Нэгдүгээр цооног 1978 м, хоёрдугаар цооног 940 м гүнд хүрээд байна.
   Сансраас хийсэн 3D скан болоод урьдчилан хийсэн тандан судалгаа, агаар сансрын геологийн хайгуулын дүгнэлтийг үндэслэн эхний таван цооногийг төлөвлөсөн бөгөөд дараа дараагийн цооногуудын байршлууд тогтоох зорилгоор өнгөрсөн оны эцсээр газрын гадаргууд соронзон хүчний хайгуулын ажил явуулж, мөн чулуулгийн дээжийг лабораторийн шинжилгээнд илгээн хариу хүлээж байна. Лабораторийн шинжилгээний эхний хариу удахгүй ирэх ёстой. Ингэснээр соронзон хүчний хайгуулын үр дүн гарч, энэ үр дүнд үндэслэсэн хайгуулын ажил цаашид үргэлжлэх юм.  
  Увс, Ховд аймгийн нутаг бол геологийн тогтоцын  хувьд Зүүнгарын хотгор буюу сав газарт хамрагдан, хамгийн зүүн хэсэгт нь оршиж байна. Зүүнгарын хотгорын баруун талаас нь буюу БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ховог Сайрын нутгаас Зөвлөлт-Хятадын геологийн экспедиц 1955 онд БНХАУ-ын газрын тосны том нөөцийг олж тогтоосон гэдэг. Тэр цагаас хойш өдийг хүртэл Карамай буюу монголоор Хар Тосон хэмээх нэртэй хагас сая хүн амтай, аж үйлдвэржсэн орчин үеийн хөгжилтэй хот цогцлон боссон байдаг. Ингэхлээр газрын тосны салбар нь ямарваа нэг орны хөгжлийн чухал хөдөлгөгч салбар хүч нь юм гэж ойлгох хэрэгтэй. Газрын тосны мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бидний хайгуулын ажил үр дүнгээ өгвөл “Увс-1” талбайд томоохон хэмжээний нөөц тогтоогдож, цаашид манай аймагт их хэмжээний хөрөнгө оруулалт нэмэгдэж, тухайн бүтээн байгуулалтын ажлыг дагасан ажлын байр шууд болон шууд бусаар нэмэгдэж хөгжил цэцэглэлтэнд хүргэх юм. Гэхдээ бүх зүйл хайгуулын ажлын үр дүнд тодорхой болох ёстой.
-Газрын тосны хайгуулын ажил байгаль орчинд хэр сөрөг нөлөө үзүүлэх вэ?
-Хүмүүс газрын тосны хайгуулын ажлын талаар тодорхой ойлголтгүй байна. Газрын тосны өрмийн тоног төхөөрөмж байрлуулах хайрга дэвссэн талбайн хэмжээ 30x75 метр, цооногийн диаметр нь 21,5 см байдаг тул ийм хэмжээний нүх гарган газрын гүн рүү өрөмддөг бөгөөд олборлолтын ажил эхэлсэн тохиолдолд бусад ашигт малтмал, тухайлбал, цэнгэг устай гол нуур дагасан алтны шороон орд, нүүрсний уурхайн нэгэн адилаар маш их хэмжээний хөрс хуулалт овоолго хийж, газрын хэвлийд өөрчлөлт оруулж, агаарт их хэмжээний тоосжилт үүсгэхгүй, байгальд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатайгаараа бидний хайгуулын ажил давуу талтай.
  Газрын тосны хайгуулын ажлыг эхлүүлэхийн өмнө байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах эрдэмтэн шинжээчдийн судалгаа, дүгнэлт боловсруулж, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн компани тайлан гаргаж ажилласан бөгөөд тус бүс нутагт хийсэн судалгаагаар газрын гүний усны нөөц нь 300 метрээс хэтрэхгүй байгааг тогтоож, өрөмдлөгийн ажил явуулахдаа уст үе давхаргыг хамгаалах зорилгоор 0-314 метр бэхэлгээний яндан суулгаж, өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэсэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланд хайгуулын тусгай зөвшөөрлийн орчмын талбайн ургамал, амьтан, хөрсөн бүрхүүл зэргийг судлан тооллого явуулж, өрөмдлөг хийх цэгүүдийн хооронд тоосжилт багасгах зорилгоор хайрган хучилттай сайжруулсан зам засч, шаардлагатай үед услах гэх мэт зохих арга хэмжээнүүд авсан.
  "Увс 1" талбай бол харьцангуй сүүлд судлагдаж эхэлсэн, 8 жилийн хугацаатай энэхүү төсөлд эрэл судалгаа, хайгуулын ажил, мөн тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт ихээр шаардагдана гэдгийг хэлэх нь зүйтэй байх.   
-Танайхыг Увсад гэр бүлээрээ шилжиж ирсэн гэж сонслоо?
-Энэ намар гэр бүлээрээ Сагил сумын Үүрэг нуур багтаа, өвөг дээдсийнхээ нутагт шилжиж ирсэн. Уг нь би Дөрвөд Далай Хааны Хошууны Таргад овгийн хүн л дээ, Өнөөгийн засаг захиргааны хуваарилалтаар бол аав минь Сагил, ээж минь Түргэн сумынх. Аавыг минь Увс нутгийн ахан дүүс "Хангамжийн Баатаржав" гээд андахгүй. Ээж Буянтогтохын Энхтайван минь насаараа эмнэлэгт сувилагчаар ажилласан хүн, физик эмчилгээ бариа заслын чиглэлээр олон жил хөдөлмөрлөсөн дөө.
-Гэргий тань аль нутаг билээ. Ам бүл хэдүүлээ вэ?
-Эхнэр минь Япон-Монгол хэл судлаач мэргэжилтэй. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул Д.Уламсайхан гэж бүсгүй байна. Бид хоёр ханилаад 24 жил болжээ. Гурван хүүхэдтэй. Ууган охин минь зээ хүүгийн зулай үнэрлүүлээд ой өнгөрч байна, МУИС-ийн Хуулийн сургууль төгссөн. Хүү минь ШУТИС-ийн оюутан, бага охин минь Улаангомд миний төгссөн сургуульд хоёрдугаар ангидаа сурч байна.   
-Бага насныхаа тухай товчхон дурсаач?
-Миний бага нас Сагил, Түргэн хоёр сумын дунд өнгөрсөн. Багадаа хурга ишиг эргүүлж, хурдан морь унаж, сургуульд орсон хойноо ч хаврын амралтаар нагац ахындаа мал төллүүлж, зун болонгуут төгсөлтийн шалгалтынхаа дүнг ч сонсохгүй, бэлдсэн дэвэл госаан үүрээд зам дагаад хоораан алхдаг хүүхэд байж дээ. Намар хичээл эхлэхээс нэг, хоёр хоногийн урд Улаангомд гэртээ ирдэг, хөдөө амьтай хөвүүн байсан.
-Бас нутаг амьтай?
-Нутаг амьтай... Аймгийн нутгийн зөвлөлд сүүлийн арав гаруй жил идэвхитэй ажиллаж байгаа. Сагил сумынхаа Улаанбаатар дахь нутгийн Зөвлөлийн дарга гэсэн сонгуульт ажилтай. "Саран тамгатай Сагил" ТББ байгуулан ажиллаж байна. Нутагтаа хүүхэд залуучуудын хүмүүжилд хувь нэмэр оруулан "Үүрэг нуур" бөхийн дэвжээг байгуулсан. Байгаль дэлхийн онгон дагшин байдлыг хадгалахад хувь нэмэр оруулах зорилгоор, мөн өвөг дээдсийнхээ гал голомтыг ариун байлгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Үүрэг нуур хамгаалах нийгэмлэг"-ийн үүсгэн байгуулагчдын нэг.
-Таныг аймагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ихээхэн судалж, бас тодорхой төсөл хэрэгжүүлэх санаа дэвшүүлж байгаа гэж сонссон?

-Зөвхөн нэг аялал жуулчлалын бааз байгуулснаар хязгаарламгүй байгаа юм. Бидний одоо хийж байгаа төсөл, төсөөллөөр бол аялал жуулчлалын нэгдүгээр буюу жижиг тойрог нь Улаангом хот, Дэглий Цагаан олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн Увс, Хяргас, Айраг, Шаазгай, Ачит, Үүрэг нууруудыг холбосон байхаар, хоёрдугаар буюу дунд тойрог нь Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг хамарсан, том буюу гуравдугаар тойрог нь БНХАУ-ын ШУӨЗО, Казакстан, ОХУ-ын Алтайн БНУ, Красноярск, Тувагийн БНУ-уудыг хамруулсан байх юм. Энэхүү төслийн санаа зорилго нь одоо хэрэгжиж буй "Алтай бидний гэр" хэмээх олон улсын төслийн шинж хэлбэртэй, зөвхөн аялал жуулчлал бус худалдаа, эдийн засаг, зах зээлийг зөв хуваарилалтанд оруулан "Бүс нутгийн түншлэл" бий болгож ажиллах нь бидний хөгжлийн гарц гэж харж байгаа.   
   Аялал жуулчлалыг өрөөсгөл хараад хэрэггүй, "хэд хэчнээн жуулчин ирэх бэ?", "эрсдэлтэй, ашиггүй" гэж хараад, яриад байвал тийм л итгэл үнэмшил, бас хандлага бий болно. Харин энэ салбарыг угсаатны зүйн талаас нь баяжуулан харж, салбар бүртэй холбогдуулан хослуулан хөгжүүлж чадах эсэх нь бидний оюун тархины чадал, зохион байгуулах, бүтээх, уриалах чадвартай холбоотой.  
   Аялал жуулчлалыг дагаад мал аж ахуй, хөдөө аж ахуйн болон байгалийн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийгдэж, бүтээгдэхүүн борлох зах зээл бий болно, худалдаа, бичил жижиг үйлдвэр буюу гар урлал, оёдол, үйлчилгээний салбар сэргэх, үйлчилгээний шинэ стандарт нэвтрэх зэрэг эерэг үр дүн их гарах юм. Бид өөрийн аймаг, түүнийг тойрсон бүс нутгийн хөгжлийг уялдуулсан бодлого боловсруулж, хэрэгжүүлж чадах юм бол эко жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ тойрсон дотоод хэрэгцээгээ хангах бизнесийн орчинтой, хоёр тивийг холбосон худалдааны гол зангилаа боомтуудын нэг аймаг болох бүрэн боломжтой.
-Таны мөрөөдөл, зорилго юу вэ?     
-Багадаа "том болоод малын эмч болж сумандаа ирж ажиллана аа" гэж боддог байлаа. Анги ахисан хойноо Түргэн, Сагил, Бөхмөрөн сумын зааг нутаг Баарим, Бургастайн эхэн, Хувхай эмээлт, Оцог хад хавиар хоньчилж явахдаа тарваганы нүхний аман дээр гарсан гялтгар хар нүүрсийг хараад "геологич болохсон" гэж мөрөөддөг байж билээ. Гэвч англи-орос хэлний багш, хуульчийн диплом өвөртлөөд гадаад харилцааны чиглэлээр, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, геологи хайгуул, тээвэр ложистик, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал гэсэн салбаруудад ажиллажээ. Олон нийтийн ажил хийж, Ойрад судлалын чиглэлээр 10-аад жил эрдэм номын, Ю.Цэдэнбал судлалаар 7 жил, язгуурын Монгол хэлний аялга, харьцуулсан хэл шинжлэлээр олон жил дагнан ажиллаж, мөн хүмүүнлэгийн, буяны буюу олон түмэнд тус хүргэх ажил нэлээдийг амжуулжээ.
   Үр хүүхэд төрүүлж өсгөж, ач зээтэй болж байна. Ном бүтээхэд гар бие оролцсон байна, одоо харин "мод тарих" ажил хийх цаг ирсэн. Тарих тарихдаа, нутагтаа, хөгжлийн мод, оюуны мод таримаар байна. Миний мөрөөдөл бол Үүрэг нуурын эрэг дээр Цагаан Шувуут уул руу харсан, цэлгэр сайхан цонх бүхий хоолны газартай аялал жуулчлалын бааз барих, мөн эргэн тойронд нь мод, чацаргана тарих явдал билээ.
   Одоо бол Улаангомыг Ногоонгом болгон төсөөлж, мөн Худалдааны гудамжтай, бүс нутгийн зах зээлийг төвлөрүүлсэн олон улсын хэмжээний томоохон худалдааны төв бүхий, аялал жуулчлалаар амьсгалж, хүний хөл хөдөлгөөн тасрахгүй хот болно гэж итгэж байгаа. "Жимсний станц" гэж байсныг сэргээмээр байна. Бид, манай ахмадуудын хийсэн эрдэм судалгаа, инновацийн ажлуудыг бүх салбарт уламжлан авч үлдэх, бас шинэ технологи шингээн улам хөгжүүлэх үүрэгтэй. Хөрш улсуудтайгаа дэлхийгээр тархан суурьшсан Монгол ахан дүүсээр дамжуулсан хамтын ажиллагааг өндөр түвшинд хөгжүүлэх шаардлагатай байна. Бас олон улсын худалдааны идэвхитэй сүлжээнд нэгдсэн,  улсын төсвөөс татаас бага авдаг, байгалийн баялагаа боловсруулах анхан дунд шатны үйлдвэртэй, газрын тосоо орчин үеийн байгальд ээлтэй технологиор олборлосон, ард түмний амьжиргааны түвшин дээшилсэн, экспортын орлогоосоо хүүхэд залуусын боловсролын асуудлуудыг иж бүрэн шийдэж чадсан аймаг болохсон гэж мөрөөдөж, зорьж явдаг. Энэ бүх мөрөөдөл, зорилгынхоо төлөө зүтгэж хөдөлмөрлөж, зорилго биелэхийн цагт нутагтаа сайхан гэр бариад сэтгэл тэнэгэр аж төрж, ах дүү, найз нөхдөөрөө хүрээлүүлэн амар амгалан амьдран суумаар байна. Миний мөрөөдөл, бас зорилго энэ.
-Удахгүй сар шинэ болох гэж байна. Увсчууддаа хандаад та юу гэж хэлэх вэ?
-Энэ жил нутагтаа иргэний харъяаллаар шилжиж ирээд, сар шинийн баяраа угтах гэж байна. Мичин жилийн өвөл, хавар нүүдэлчдийн амьдрал ахуйд амаргүй байдаг боловч манай хөдөлмөрч, малч түмэн энэ хаврыг өнөтэй тарган угтана гэдэгт итгэлтэй байна. Удахгүй гарах цагаан сарын мэндийг нутгийн ахан дүүстээ хүргэж, эрүүл энх байж урт удаан наслахыг хүсэн ерөөе өө.
 Алслагдсан бүс нутагтаа, байгалийн болон хөдөө аж ахуйн гаралтай ашигт малтмал, түүхий эдээ зүй зохистой ашиглан, зах зээлийн нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж, сайхан амьдрах боломж бидэнд бий гэдэгт би огт эргэлздэггүй. Нутгийн зон олон, ах дүү, найз нөхөд минь сайхан шинэлээрэй.
-Танд баярлалаа.