Баруунтуруун суманд цэцэрлэг баригдана

Баруунтуруун суманд АНУ-ын Цэргийн академийн санхүүжилтээр 100-150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг баригдахаар боллоо. Энэ дагуу АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид энэ сарын 28-нд Баруунтуруун суманд ажиллаж, цэцэрлэг барих газартай танилцан судалгаа хийж, зураг төсөв гаргахад шаардлагатай мэдээллүүдийг цуглуулсан байна. Үүний дараагаар инженерийн баг дахин ирж ажиллан зураг төсөв батлагдан гэрээ байгуулснаар ирэх 2020 оны 5-р сард барилгын ажил эхлэх юм байна. Уг цэцэрлэг нь хүйтэнд болон газар хөдлөлтөд тэсвэртэй, америк стандартын дагуу баригдах бөгөөд байгалийн онц үзэгдлийн үед хорогдох байр болгон ашиглах боломжтойгоор төлөвлөгдөн баригдах аж.

Баруунтуруун сумын цэцэрлэг нь 1985 онд 90 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар байгуулагдсан байна. Одоогийн байдлаар тус цэцэрлэгийн таван бүлэгт 170 хүүхэд хамрагдаж, СӨБ эзэмшиж байна. Сумын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насны 279 хүүхэд байдаг ч анги танхимын хүрэлцээ байхгүйгээс 100 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй гэртээ байдаг аж.