Баруунтуруун суманд бүтээн байгуулалт өрнөж байна

Аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг Баруунтуруун суманд ажиллаж, тус сумын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан байна.

Тус суманд аврах, гал унтраах 60-р ангийн барилгын ажлыг улсын төсвийн 2,6 тэрбум төгрөгөөр барьж байна. Мөн сумын төвийн тохижилтын ажил буюу гэрэлтүүлэг, явган хүний зам бүхий 1.2 км авто зам, төрийн байгууллагуудын гадна авто зогсоол, сумын төвийн айл өрх, албан байгууллагын хаягжуулалтыг хийж байгаа бөгөөд энэ ажлын авц 80-90 хувьтай байна. Тус суманд 2016-2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 90 хүүхдийн сургуулийн дотуур байрны их засварын ажил 300 сая төгрөгөөр, 75 хүүхдийн цэцэрлэгийн их засварын ажил 300 сая төгрөгөөр, сургуулийн спорт заалны барилгын засварын ажил 100 сая төгрөгөөр, Соёлын төвийн засварын ажлыг 100 сая төгрөгөөр тус тус хийжээ.

Мөн 2020 онд Эрүүл мэндийн төвийн их засварыг 600 сая төгрөгөөр, сургуулийн дотуур байрны цэвэр бохир усны шугамын ажил 100 сая төгрөгөөр, Соёлын төвийн их засварын ажлыг 150 сая төгрөгөөр тус тус хийхээр зураг төслийн ажил эхлээд байна.