Баруун бүсийн экологийн анхдугаар олимпиад Увс аймагт боллоо

Баруун бүсийн экологийн анхдугаар олимпиад “Хамтдаа хандлагаа өөрчилье” уриатайгаар өнөөдөр Улаангом хотноо болж өнгөрлөө. Олимпиадад Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн 10 багш, 16 сурагч оролцсон байна. Аймгийн БСУГ-аас Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа болон ДБХС-гийн “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөлтэй хамтран зохион байгуулсан энэхүү олимпиад нь онлайн хэлбэрээр явагдсан байна. Багш нарын төрөлд 1-р байрыг Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3-р сургуулийн багш Б.Наранцэцэг эзэлсэн бол сурагчдын төрөлд 1-р байрыг Увс аймгийн Баруунтуруун сумын ЕБС-ийн сурагч Б.Цагаанзам эзэлсэн байна. Төрөл тус бүрт 2-р байр хоёр, 3-р байр хоёрыг тус тус шалгаруулан шагнаж урамшуулжээ. Тэрчлэн амжилттай оролцсон багш, сурагчдыг Увс аймгийн багш, сурагчдын урласан Эко тороор шагнаж урамшуулсан юм.

“Уур амьсгалын өөрчлөлт болоод хүн амын өсөлттэй холбоотойгоор байгалийн аюулт үзэгдэл сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр ихсэж байна. Тэгэхээр байгалийн аюулт үзэгдлийг даван туулах чадварыг эзэмшиж, байгальд ээлтэй аялах ухамсрыг нэмэгдүүлэх, байгаль орчны боловсролоо бусдад түгээн дэлгэрүүлэх чадвартай хариуцлагатай иргэнийг бий болгох зорилгоор баруун бүсийн экологийн анхдугаар олимпиадыг зохион явууллаа” хэмээн “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн зохицуулагч Д.Тогтохбаяр хэллээ.

Увсын өнгө