БОГД ХААНТ ТУСГААР ТОГТНОСОН МОНГОЛ УЛСЫГ БАЙГУУЛАХ ҮЙЛ ХЭРЭГТ САЙД БЭЙЛ, ЧИН АЧИТ ВАН Л.ГОНЧИГДАМБЫН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР, ГАВЪЯА ЗҮТГЭЛ


   “Манж амбан Куйфэнийг зайлуулсны дараа Улиастай, Ховдын хэргийг эрхлэх анхны сайдаар харъяат аймгийн Ачит засгийн хошууны ноён Гончигдамба түр 3 сарын хугацаагаар томилогдож, 1912 оны 3-р сарын 1-ээс Улиастайд ирж, хэрэг шийтгэн суув. Ийнхүү монгол хүн Засагт хан аймгийг толгойлон удирдах болсон нь улс төрийн ач холбогдол бүхий шинэ үйл явдал байв” хэмээн “Завхан аймгийн түүх”-ийн номонд бичиж тэмдэглэжээ.
   Гончигдамба өмнө нь шүүх яамны орлогч сайдаар томилогдон ажиллаж байсан юм. Гончигдамба томилогдонгуут Да хүрээнээс яаралтай гарч, нутагтаа 1-р сарын 15-нд ирж Дөрвөд, Баяд, Алтай-Тагнын Урианхайн ноёдод захидал бичиж, “Богд хаант Монгол улс байгуулагдаж, Манжаас тусгаарлалаа. Би Улиастай, Ховдын хэрэг эрхлэх сайдаар томилогдлоо. Хөвсгөл нуурын Урианхай, Алша, Харчин, Барга зэрэг Өвөр Монголын олон хошууд дагаар орохоор хүсэлтээ ирүүллээ. Та бүгд хурдан Богдын төрд дагаар орж, нэгдэж нийлээч” гэсэн утгатай захидлууд бичиж, элчээр довтолгоод хариу хүлээж, хэсэг хугацаагаар суужээ.
   Түүний нутаг руугаа урьдаар яаран ирсний гол учир нь ойр зэргэлдээ Дөрвөд, Баяд, Урианхайтай хурдан хэл ам авалцаж, ажлаа түргэн бүтээх гэсэн хэрэг байжээ. Баядын Түгмэл (дэд да ван), бэйс Паньджүгнэй, Саруул гүн Түмэнбаяр, Дөрвөдийн Баруунгарын хан Содномжамцой нараас “Бусад хошууддаа бичиг явууллаа, хариу ирээгүй байна. Зөвлөлдөж байж хариу өгье. Далай хан Галсаннамжил, бэйс Нацаг нар гуйвж дайвж байна. Хоёр аймгийн 10 хошууны ноёд сэмхэн зөвлөхөөр ирж уулзсан” гэх зэргээр хариу ирсэн бол Алтайн Урианхайн Эрхшонуугаас дуртай дагаж орно гэсэн анхны хариу иржээ.
   Дараахан нь Дөрвөдийн Баруунгарын хан, да жанжин чин ван Содномжамцой, Дөрвөдийн Зүүнгарын (Баядын) бэйл Самданг дагуулж ирж, Элжигэний хүрээн дээр Гончигдамбатай биеэр уулзан, “Дөрвөд, Баядууд ихэнх нь дагаар орох хүсэлтэй байна. Гагц далай хан (Дөрвөдийн Зүүнгарын) Галсаннамжил түдгэлзүүлж байна. Гэхдээ захидал, өргөдөл ирсэн гэж мэдүүлээд буцаж очиход нь Дөрвөдийн Баруунгарын хүрээний лам нар өмнөөс нь хөвхнөн хөдөлж, “Чи Халхын газар одож, бидний улсыг хамаа өгөв өө? Юунд Халх мэт хувцас хэргэлмуй. Одоо чиний отго, жинс, тамга гурвыг булаан авч, тахил үйлдэн, хөнгөлж засна, баална. Өөр хүнээр ноён болгоно” гэж сүйдлэх шахсаныг арай чарай ятган ухуулж зогсоожээ.
   Бас бэйс Нацагаас далай ханд өгүүлсэн нэгэн самбар дээр бичсэн захидлын үг нь “Энэ Халхын сайд бэйс Гончигдамбаас бидний дөрвөд нараар Ховдын Манж нарыг үлдэн хөөлгөхөөр ирсэн нь лав биднийг хорлох санаа мөн буй заа. Ер дагаж болохгүй, хөлөө хянацгаая” гэжээ.
   Далай ханаас “Одоо Чин улсын төр сайхан тогтлоо. Бидний цалин пүнлүүг урьд ёсоор буулгажээ. Хүрээ зүгийг бүү дууриахтун хэмээжээ. Гагцхүү Түгмэл вангаас би яавч Халхын шашныг дагасугай хэмээсэн аж”  гэжээ.
   Хятадын Шинжианы Шар сүмийн Балт ван Хятадын өмнөөс сүрдүүлж, “Та нар Халхад дагаар орж, биднээс урвах юм бол цэрэг зэвсгийн хүчээр хатуу цээрлэл үзүүлнэ” гэж сүрдүүлсээр, урвагч Нацаг мэтийн ноёдод цалин пүнлүү, хээл хахууль цутгасаар байжээ.
   Энэ гуйвж дайвсан, зөрчил тэмцэлтэй, хүнд бэрх үед маш хурдан хугацааны дотор 1912 оны 3-р сарын 13-нд Дөрвөдийн Баруун ба Зүүнгарын 10 хошуу, Алтайн Урианхайн 4 хошуу, Захчны 1 хошуу дагаар орох тамга дарсан батлах бичгээ Улиастайн сайд Гончигдамбад уламжлан, Нийслэл хүрээ рүү явуулжээ. Мөн Тагна Урианхайн амбаны гол хошууны Ой нар зэрэг гурван сумын тэргүүлэгч 1912 онд дагаар орохоо илэрхийлсэн байна.
   Гончигдамба Ховдын Манж амбаныг албаны хүмүүсээ авч зайлахыг шаардаж, 2-3 удаа тулган шаардах бичиг өгөх, нийт Ойрад иргэдэд хандаж, “Манжийн дарлалыг устгах, амбаныг хөөх цаг болсон, тэдний эсрэг тэмцэлд идэвхтэй оролцож, бүгдээрээ босон тэмцье. Энгийн хятад ард, худалдаачдад халдахгүй тул амгалан суух, Дөрвөд, Баяд, Урианхай хошууд Монголын тулгуур төрд дагаар орохтун” хэмээн бичсэн ухуулах бичгийг гудамж, зах зээлийн газар наах зэрэг олон чухал ажил хийжээ. Гэвч Манжийн амбан үл тоомсорлон, хамгаалалтын хэрмээ улам бэхэлж, гадна дотнох суваг шуудуугаа усаар дүүргэж, худалдаачин хятад, энгийн хятад иргэдээс цэргийн хүчээ зузаатган, Шинжианы Шар сүмээс цэрэг зэвсгийн хүчээ зузаатгахыг оролдож, хэд дахин цэрэг зэвсгийн хүч нэмж, ирж явааг замаас нь тосгуулан байлдаж, устгуулах ажлыг зохион байгуулсан байна.
   1912 оны 4-5 сард зоригт ван Бага Элжигэний хошууны ноён Наваанцэрэнг Ховдын сайдаар, Жалханз гэгээн Дамдинбазарыг түүний хавсран, зөвлөх сайдаар тавьжээ. Тэр хоёр Дөрвөдийн ноёдыг цуглуулан, Улаангомд онц их хурал хуралдуулж, Дөрвөд, Баяд, Алтайн Урианхайн олон хошуудыг дагаар оруулах асуудлыг эцэслэн дуусгаж, Ховдыг цэргийн хүчээр эзэлж авах шийдвэр гаргаж, цэрэг элсүүлэн Ховдын зүг Дөрвөд, Баяд, Алтайн ба Тагнын Урианхайн ноёд, цэрэг эрсийн хамт хөдөлсөн байна.
   Энэ үеэр Богдын Засгийн Газраас Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн нарын 500 цэрэг (зарим нь 50 цэрэг гэдэг) гаргаж өгч Нийслэл хүрээнээс мордуулан замдаа Улиастайгаар дайрч, Сайн ноён, Засагт хан 2 аймгаас цэрэг элсүүлж, Наваанцэрэн, Гончигдамба нартай хамтран Ховдыг байлдан эзэлж чөлөөлөх үүрэг өгч явуулсан гэдэг.
   Тэр хоёр жанжинд хоёр аймгаас ирэх цэргийн дутууг шаардан гаргуулж, нийлүүлэх үүргийг Гончигдамба хүлээн авч, Ховд, Улиастайн хоорондох замын өртөөдийг дамжин байрлаж, ирэх цэргийг тосон авч, сурган боловсруулж, дутууг шаардан ирүүлж, дараа дараагаар нийлүүлэх үүргээ Гончигдамба сайн биелүүлсэн байна. Гэвч түүний хөлийн өвчин хүндэрч, аргагүйн эрхээр энэ ажлыг залгуулж байжээ. Угаас 3 сарын хугацаагаар түр томилогдсон хугацаа нь дууссан, хөл нь өвдөж тэсэх аргагүй болсон зэргээ удаа дараа учирлан хэлж чөлөө гуйж байсан боловч хэрэгсээгүй аж.  Өвчилсөн нь үнэн болохыг тэр үед ажлаар явж байсан Дотоод яамны том дарга Насантогтох газар дээр нь нүдээр үзсэн байна.
   Хэвтрийн байдалд шилжсэн Гончигдамба Ховдын дайнд биеэр орж чадаагүй боловч өөрт ноогдсон үүргээ биелүүлсэн юм. Ер нь хөл өвчтэй, хүнд лагс биетэй, хэр баргийн морь даахааргүй тарган Гончигдамба угаас цэргийн эрдэм, байлдах дайтах дадлага туршлагагүй тул дайнд биеэр орох ямар ч боломж байсангүй гэдэг нь тодорхой байсан бөгөөд хэсэг хугацаагаар хөлөө эмчлүүлж, сувилуулжээ.
   Дараа нь Баруун хязгаар түгшүүртэй, хятад цэрэг Ховд, Улиастайг эзэлж, Нийслэл хүрээг авах зорилгоор Ховдын хилийн гадна хуарагнан цуглаж, түгшүүр төрүүлж байсан учир 1913 оны 1-р сарын 1-ээс баруун хил дээр цэрэг захирах Магсаржавын удирдлага дор Дамбийжанцан, Гончигдамба нарын гурван сайд томилогдон ажиллаж эхэлсэн байна. Ингэж ажиллаж эхэлсэн үедээ Гончигдамба өөрийн хошуунаасаа албан журмаар татагдсан 50 цэрэг дээрээ, сайн дураар 50 цэрэг нэмж дайчилж, зэвсэг хэрэглэл, хоол хүнс, гэр майхан, уналга ачлаганы хамт Баруун хязгаарын цэрэгт нийлүүлснээс гадна, 125 агт морийг бас гаргаж, цэргийн хороонд хүргэж өгчээ. Мөн тэр үед Ховдын хуучин тарианы газрыг сэргээж, хуучин ажиллаж байсан тариачид, ойр хавийн ардыг цуглуулж, 333 өрхөөр бүрдсэн тариачны хошуу байгуулан, тарианы үр олж цуглуулан, цэргүүдийн хоол хүнсэнд зориулан тариа тариулан, зэвсэг хэрэглэл, тариа агуулах 2 жангийн 4 байшин, “Түгээмэл амаржуулах” сүмийн 16 жангийн байшинг Сибирээс модыг нь авах гэсэн боловч Оросын тал зөвшөөрөөгүй тул Ханхөхийгөөс модыг нь татуулан, өөрийн хүч хөрөнгөөр барьж байгуулжээ.
 Эдгээрээс гадна Дамбийжанцан 1914 оны хавар баривчлагдаж, Орос руу явсны араар түүний байгуулсан шинэ хошуунд газар газраас хүчинд автан өргөгдөж ирж, харъяат нь болсон айлууд нь тарж бутарч, хошуу хошуу руугаа нүүсний хамгийн эхэнд Баядаас ирсэн 50 өрх айл бусдыгаа араасаа дагуулан <<уруу татаж>> нүүжээ. Дамбийжанцан хэрэв эргэж ирвэл, түүний хошууг захирч байсан ноёд, нүүж очсон газрын ноёдод аюул занал учрах, ял зэм ирэх байсан учир тэднийг буцааж нүүлгэж ирэх хэрэгтэй болжээ. Иймд Баядын 50-аад өрхийг буцааж нүүлгэж ирүүлэхээр цэргийн 4 хүнийг явуулсан аж. Тэднийг нүүлгэж ирэхэд бас нэлээд хугацаа зарсан байдаг. Тэр хооронд нөгөө 4 цэргийг Баядын чуулган даргын газраас баривчилж, зэвсгийг нь хурааж гэнэ гэсэн худал цуурхал дэгджээ. Үүнийг үнэмшээд, Дамбийжанцанг орлож байсан мэргэн Бандид хутагт Орос Монгол цэрэг хөдөлгөж, Баядуудыг номхотгоно гээд нэгэнд нь ярьчихжээ. Энэ нь Богдын Засгийн Газар болоод Баруун хязгаарыг хариуцсан сайдуудын шийдвэр биш, зөвхөн мэргэн Бандидын амнаас унасан алдаатай чалчаа үг байжээ.
   Мэргэн Бандидийн хоомой үг Баядуудын чихэнд тэр дороо л хүрчихжээ. Баядууд энэ үгийг сонсоод цэрэг зэвсэг хэрэглэж, Халхчууд бидэн рүү довтлох гэнэ хэмээн айн цочирдож, санаа бодол нь хувьсан сандралдаж, Монголын төрд итгэх итгэл нь алдагдаж, өмгөөлөх хамгаалах газрыг эрж хайж эхлэн, түгшүүртэй, ноцтой байдал буй болж эхэлжээ. “Мэргэн Бандидын хэлсэн үг нь гагц түүний болчимгүй хоомой үг юм. Монголын төр засгийг төлөөлөн суугаа Ховдын хязгаарын засаг захиргааны шийдвэр биш” гэдгийг Баядын ноёд, ардуудад ухуулан ойлгуулж түгшүүрийг намжаах ярвигтай асуудал тулгарчээ.
   Иймд Гончигдамбыг нутаг залгаа, бас Баядын ноёдтой ойр дотно харьцдаг, тэдэнд ухуулан ойлгуулж чадах хүн гэж үзээд томилон явуулжээ. Гончигдамба тэр үед гэртээ түр чөлөөгөөр ирсэн, хөл өвчтэй, бие нь муухан байсан боловч Баядын ноёдыг Сар толгойн газар (Одоогийн Баруун Туруун, Хяргасын хооронд) уулзаж, яриа хэлэлцээр хийе гэж санал тавьсанд Дөрвөдийн Зүүнгарын чуулганы дарга, эрх засаг, хошой чин ван Түгэмэл, жанжин Паньджүгнэй нар нэлээд айж эмзэглэсэн байдалтай, эелдэгээр хандаж өгсөн хариундаа, Сар толгойн газар хүйтэн, түлш муутай учир Дормон толгойн (Цагаанхайрхан, Хяргас хоёрын нутгийн хил) газар юмуу, Дэжээлэнгийн хүрээн дээр уулзъя хэмээн их л хүндэтгэсэн байдалтай уриалгахан хариу өгчээ. Ингээд тэд Дормон толгойд уулзаж, Баядын ноёдод учрыг нь бүрэн ойлгуулж, “Өөлд Халхын Дормон толгойн нийлбэрийн бичиг” хэмээх гэрээ хэлэлцээрийн бичиг гаргасан байна. Гончигдамба цааш явж Дэжээлэнгийн хүрээ орж, лам, тайж, ардуудад ухуулга хийж, үнэн учрыг ойлгуулан, түгшүүрийг намжаажээ.
   1960-аад оныг хүртэл Увсын Цагаанхайрхан сумын Лхаялын Цэвээндорж гэдэг айлд “Баяд Халхын Дормон толгойн нийлбэрийн бичиг” гэгч уйгаржин бичгийн нимгэвтэр ном хадгалагдаж байгаад үрэгджээ. Мөн тэр ондоо Баруун хязгаарт байсан олон сайдуудыг татан буулгахад хошуундаа очиж, биеэ сувилуулан хошуугаа удирдаж байгаад 1918 онд дуудагдаж Да хүрээ орон Гадаад яамны орлогч сайд, Улсын дээд хурлын гишүүн болж дэвшин ажиллажээ. А.В.Бурдуков “Халх даяар алдартай Лу гүний хүү Гончигдамба бол хатуу дэг журамтай, шударга хүн” гэжээ. “Улиастайд сууж байсан Оросын консул Вальтер түүний чадварыг үнэлж, Улиастайн сайдаар тавих саналыг Гадаад яамаар уламжлан Богдын Засгийн Газарт уламжилж байжээ”.
   Л.Гончигдамбын тухай 1912 оны “Монголын сонин бичиг”-т: “Да хүрээний Монголын засгийн газраас сайд Гончигдамбыг захиж, Ховд газрын Дөрвөд хошуу болоод Баяд хошуу бүгдийг захирч, дайлаар зохиож явуулсныг, тэр газар хүрч захисан янзаар тэр газрын хэрэг шийтгэж амой. Дөрвөдийн чуулган дарга хошой чин ван, Баядын хошууны бэйл тэргүүлэн олон ноёд, Баяд хошууны олон түшмэл бүгд цөм Улиастайд ирж мэдүүлэн, бид бүгдээрээ Их Монгол улсаа мандуулан, Богд хаандаа мэдүүлэн өгөх болов уу хэмээсэн ёсоор Гончигдамба биеэр Да хүрээнд ирж, энэ учир бүгдийг мэдүүлж, цөм бүтээж өгөв. Тиймийн тул эдүгээ Гончигдамба аль учир бүгдийг цөм захирч баймой”  гэжээ.
   Энэ нь Гончигдамбын хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн үнэн бодит чухал баримт юм. “Ховдын сайд Пуйгаас Бээжингийн засгийн газарт 1912 оны 6-р сарын 13-нд яаралтай цохисон цахилгаан утсанд дурьдсан нь: Чин ван Ха (Монгол улсын Засгийн газрын Гадаад яамны тэргүүн Ханддоржийг хэлж байна), да лам Цэ (Дотоод яамны сайд Цэрэнчимэд), гүн Гончигдамба (Монгол улсын Засгийн газраас Улиастайд хэрэг шийтгэн суусан сайд), чин ван Содномжамцой (Дөрвөдийн хан) нар тэрслүү санаа агуулан, олон монголчуудыг баширлаж, Дундад улс (Манж)-аас тэсрүүлэн урваад, бүгдээрээ найрамдах хэргийг эвдэн, Улиастай, Хүрээний жанжин сайд ба олон түшмэл цэргийг үлдэн хөөсний дараа нь зүйл зүйлээр Ховдод хавчин халдаж, өртөө ба албаны тариа, малын эл албаныг хасаад, бас хуулиар байгуулсан тэмээ морины зэргийг хураан авцгааснаас өдөгдөж, Монгол хулгай санааны зоргоор уулгалан явах ба хязгаарын газарт самуун дэгдэхэд хүргүүлээд бас Монголын түшмэл 10 илүү хүнийг Ховдод илгээн, эзэрхэгээр ухуулах бичиг наалдуулан, хуувийн сайд ба түшмэл, цэргийг даруй хотоос зайлсугай гэсэнд, чанга үгээр зэмлэн буруушаасан атал ... эдүгээ бас сүлбээлэн ханилж, зам авч хүрч ирээд, эзэрхэгээр үлдэн хөөх, басхүү Ховд, Ил, шинэ хязгаарын харъяат олон монгол хошууг бүрнээ эзэлсүгэй хэмээсэн байна” гэжээ.
  Ховдын амбаны зэвүү хамгийн ихээр хүрч, Богдын засгийн газрын Дотоод яамны сайд да лам Цэрэнчимэд, Гадаад яамны сайд чин ван Ханддорж нарын 1911-1912 оны эрх чөлөө тусгаар тогтнолын хувьсгалт хөдөлгөөний гол удирдагчдыг Гончигдамба, Содномжамцой нарын хамт дөрвүүлэнг нь онцолж, урван тэрсэлсэн дайсанд хамгийн түрүүн нэрлэн, хорсол заналтайгаар Засгийн газартаа цахилгаан утсаар мэдээлсэн байгаа нь тэд нарын эх орныхоо төлөө амь биеэ зориулж хийсэн ажил, гүйцэтгэсэн үүргийг маш тодорхой харуулах чухал баримт гэж үзэх ёстой.
   Энэ бүхнээс үзэхэд Гончигдамба бол 1911-1912 оны үйл хэрэгт идэвхтэй оролцож, Манжийн дарлалаас ангижирч, тусгаар тогтнолоо байлдан олж авахад Монголын нэрт эх орончидтой мөр зэрэгцэн явж, зохих гавъяа зүтгэл гаргаж, үүргээ нэр төртэй биелүүлсэн, түүхэнд тэмдэглэгдвэл зохих эх орончдын нэг юм.
   Гончигдамбыг Богдын даалгавараар да лам Цэрэнчимэдэд хор өгч алсан. Автономыг устгахад гарын үсэг зуралцсан, Хятадын ерөнхийлөгчид баяр талархал хүргэх төлөөлөгчөөр сонгогдон явахдаа Хятадаас хахууль авсан  албан тушаалын үүргээ муу гүйцэтгэсэн учир оронд нь Наваанцэрэн, Дамдинбазар, Дамдинсүрэн нарыг тавьсан гэж гурван янзаар бичиж бас Ховдын дайнаас бараг зугатсан гэх зэргээр социализмын үед муучилдаг байсан. Энэ нь бүгд худлаа, ажлаа ч сайн хийж байсан, Ховдын дайнаас ч зугатаагүй байдаг. Цэрэг дайны үед хариуцлага алдсан бол хатуу шийтгүүлдэг хуультай.
   Автономыг устгах бичигт бүх яамны сайд, орлогч сайд нар гарын үсгээ хүчинд автаж зурсан. Гарын үсгээ зураагүй нэг ч зоригтон гараагүй. Хээл хахууль авсан гэдэг нь явсан бүх ноёдод замын зардал гэж цөөн мөнгө өгсөн. Түүнийг аваагүй хүн үгүй. Түүнд Бадамдорж шиг болон бусад ноёд шиг цалин фүнлүүгээ нэмүүлсэн, хэдэн мянган лангаар хээл хахууль авсан тухай ямар ч баримт мэдээлэл байхгүй.
   Да лам Цэрэнчимэдийг хорлон алсан гэж Б.Ренчин “Үүрийн туяа” романдаа бичсэн нь үндэслэлгүй. Ер нь уран зохиолд бичигдсэнийг хөдөлшгүй түүхэн үнэн гэж үздэггүй. Сүүлийн үед Да ламыг Оросууд цааш харуулсан гэж үзэж байгаа.
   Тэгээд ч Гончигдамбын гавъяа зүтгэлийг үнэлж, Богдын засгийн газраас бэйс, бэйл, жүн вангийн зэрэг хэргэмээр шагнаж, Шүүх яамны орлогч сайд, Улиастай-Ховдын хэрэг эрхлэх сайд, Баруун хязгаарт цэрэг захирах сайд, Гадаад яамны орлогч сайд, Улсын дээд хурлын гишүүнээр удаа дараа дэвшүүлэн ажиллуулж, итгэл найдвар хүлээлгэсээр иржээ.
 Тэдгээрээс зөвхөн нэг баримтыг дурьдвал: Гончигдамбыг Богдын засгийн газар үнэлэн цэгнэж “Дээд зарлиг Дамдинсүрэн нарын хамт цэрэг нарыг захируулж, Ховдын газрыг тохинуулсугай хэмээснийг хичээнгүйлэн дагаж дайсны зүг мөрлөн явж, эр цэрэг нарыг цаг мөч алгуурлахгүй шаардаж, удаа дараагаар цэргийн хороонд нийлүүлэн дайлж, байлдуулан хүчин зүтгэж, тохинуулсны дээр Дөрвөд нарыг дагаар оруулах бодлогыг хэрэглэж, мөн дагуулсан ба ингэж цэргийн гавъяа байгуулсны учир засаг төрийн бэйлийн хэргэм жолоо шагналыг хүртээжээ” гэж сурвалж бичгүүдэд олонтоо тэмдэглэжээ.
   Гончигдамбын харилцаж байсан 350 орчим бичиг захидал, түүний талаар 10 гаруй эрдэмтэн судлаачдын өгсөн үнэлэлт дүгнэлтийг “Монголын лам ноёдын 1000 бичиг захидал” №4-т бичиж 2009 онд хэвлүүлэн гаргаснаас гадна “Сайд чин ачит бэйл Гончигдамбын улс төрийн үйл ажиллагаа” ном бичиж 2010 онд хэвлүүлэн гаргасан.
 Мөн Гончигдамбатай хамт Ховд баруун хязгаарыг төвшитгөх ажилд зүтгэж явсан Р.Наваанцэрэнгийн тухай “Зоригт бэйл Наваанцэрэн” номыг 2009 онд бичиж гаргасныг Зүүнхангай сумын нутгийн зөвлөлийн захиасаар 2014 онд нэмэлт засвар хийж дахин хэвлүүлсэн.
  Тэр номонд буй мэдээ баримтуудыг үндэслэн Зүүнхангайчууд Р.Наваанцэрэн ноёныхоо бүтэн биений хүрэл хөшөөг сумынхаа төвд босгосон юм. Тус номонд Гончигдамбын тухай олдсон шинэ мэдээллүүдийг оруулсантай танилцвал сонирхолтой зүйл олон байгаа.
  Түүний үйл ажиллагааны эерэг сайн тал, гавъяа зүтгэлийг зүй ёсоор үнэлж алдаршуулан мөнхжүүлэхийн зэрэгцээ үзэл бодол нь өөрчлөгдөж автономыг устгах бичигт гарын үсэг зурсан зэрэг сөрөг талын үйл ажиллагаанд нь шүүмжлэлтэй хандах хэрэгтэй юм. 

Дэлэгийн Түмэнжаргал