Аэро монголиа компанийн шинэ онгоц Улаангомд газардлаа

  Аэро монголиа компанийн гүйцэтгэх захирал С.Батмөнхөөр ахлуулсан нислэгийн баг өчигдөр Увс аймагтай танилцах нислэг хийлээ. Тодруулбал, эмбраер 145 онгоц анх удаагаа Улаангомд газардсан бөгөөд тэднийг “Дэглий цагаан нисэх буудлын хамт олон угтаж авсан юм.

Эмбраер 145 хөлөг нь өндөр хурдтай тийрэлтэт хөдөлгүүртэй гэдгээрээ онцлог байна. Тус компани шинэ онгоцоороо орон нутагт Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл, Дорнодын чиглэлд үйлчлэх аж. Харин олон улсад БНХАУ-ын Тяньжин, Хөх хот, ОХУ-ын Новосибирск, Казакстан улсын  Астана зэрэг хотууд руу нисэхээр төлөвлөжээ.

Аеро монголиа компаниас өнгөрсөн 5-р сард Эмбраер 145 хөлгийг агаарын тээврийн үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн. Энэхүү онгоц нь 50 хүний суудалтай, цагт 850 км цагийн хурдтай, тасралтгүй 2900 км явах хүчин чадалтай. Аеро монголиа компаниас ийнхүү тийрэлтэд хөдөлгүүртэй шинэхэн хөлгийг Монгол Улсад анх удаа зорчигч тээвэрт ашиглахаар оруулж ирсэн нь манай улсын агаарын тээвэрт шинэ хуудсыг нээсэн” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал С.Батмөнх хэллээ.

 Аеро монголиа компани өнгөрсөн 4-р сараас эхлэн Увс аймагт нислэг үйлдэхээ зогсоогоод байсан бол одоо ийнхүү албан ёсоор дахин эхлүүлсэн байна.
                                                                                                                                                                                                                                                        "Увсын өнгө"