Ашиглалтад ороод сар болж байгаа байр булан тохойноосоо хөгзөрч эхэлжээ

Сүүлийн жилүүдэд Увс аймагт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, жил ирэх тусам барилга байгууламж олноор баригдсаар байна. Гэвч зарим барилгуудын хувьд учир дутагдалтай байна. Тухайлбал, өнгөрсөн 11-р сард ашиглалтад хүлээж авсан аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн шинэ байрны хана, булан тохой, цонхны хүрээгээр  чийг цохиж хөгзөрч эхэлсэн байна. Зөвхөн нэг өрөө бус бүх өрөө тасалгаа иймэрхүү байдалтай байна. Уг барилгын ажлыг Улаанбаатар хотын “Дүрт уул” компани улсын төсвийн нэг тэрбум 230 сая төгрөгөөөр барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.

Ашиглалтад ороод сар хүрээгүй барилгын хана, тааз, булан тохой нь чийг дааж хөгзөрсөн байдалтай,  агааржуулалт учир дутагдалтай, цонхны шил цуурсан  гээд олон хүндхэн нөхцөл байдалтай байна.  Гэтэл ашиглалтад хүлээж авсан гэх албан тушаалтнуудын амнаас “Хүйтний улиралд баригдсантай холбоотой тус  барилгын чийгийг бүрэн гаргаагүйн улмаас ийм байдал үүссэн” гэж тайбарлаж байгаа нь харамсалтай байна. “Дүрт уул” компанийн хувьд гэрээний дагуу уг барилгад үүссэн асуудлыг 3 жилийн хугацаанд хариуцах ч орон нутгийн түвшинд аваад үзвэл  улсын комиссоос хяналт сул тавьж байгаа нь харагдаж байна. Цаашдаа улс, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилд мэргэжлийн байгууллагууд хяналт тогтмол тавьж, ашиглалтад хүлээж авахдаа нухацтай хандах шаардлагатай байна.