Аймгийн Аудитын газар


Үйл ажиллагааны ил тод байдал
2013 оны 11 дүгээр сард Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар 2014 оны 1 дүгээр сарын 1-ээс хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэн Үндэсний аудитын газрын харъяа Увс аймгийн Аудитын газар болж өөрчлөгдлөө.
Төрийн аудитын байгууллагуудын ажилтнуудын удирдах ажилтны зөвлөгөөнд дарга, тэргүүлэх аудитор Л.Бат-Очир, аудитын менежер С.Батжаргал нар оролцлоо. Зөвлөгөөнөөс “Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, аудитын чанарыг сайжруулах” зорилт дэвшүүлсний дагуу үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Байгууллагын жилийн ажлыг стратеги төлөвлөгөөний хүрээнд 5 бүлэг 72 үзүүлэлтээр төлөвлөж ажилтнуудын зөвлөгөөнөөр хэлэлцэн баталж мөрдүүлэв. Аймгийн ИТХ-ын 6 дугаар хуралдаанаар байгууллагын 2013 оны ажлын тайланг хэлэлцүүлэхэд “хангалттай” ажилласан гэж дүгнэсэн.
Тайлант хугацаанд дарга, тэргүүлэх аудиторын 15 тушаал гарч, 83 албан тоот бичиг явуулж, 64 албан бичиг ирснийг бүртгэж, хариутай 16 албан бичгийн хариуг дурьдсан хугацаанд нь явууллаа. Мөн иргэдээс ирсэн 3 өргөдлийг бүртгэж хариуг хугацаанд нь өгсөн.
Төв номын сан, аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд байгууллагын үйл ажиллагааны тайланг гарын авлага хэлбэртэй болгон бүрэн эхээр нь хүргүүлж иргэдэд нээлттэй болгон үйл ажиллагаагаа сурталчилж байна. Мөн аудит бүрийн тайланг товч хэлбэрээр бэлтгэн “Увсын өнгө”, “MONTSAME.mn” сайтад удаа дараа нийтлүүллээ.
Санхүүгийн тайлангийн аудитаар төсвийн ерөнхийлөн захирагч, төвлөрүүлэн захирагч, шууд захирагч нарын санхүүгийн тайланд аудит хийв. Мөн орон нутгийн, эрүүл мэндийн тайланг нэгтгэн дүгнэлтийг гаргасан. Нийт 241 тайланд аудит хийж дүгнэлт гаргаснаас “зөрчилгүй” дүгнэлт 139,  “хязгаарлалттай” санал дүгнэлт 101,  санал дүгнэлт өгөхөөс татгалзсан 1 дүгнэлт өгөгдлөө.
Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 13.8 тэрбум төгрөгийн 695 алдаа зөрчил илрүүлж, 11.1 тэрбум төгрөгийн 204 алдаа зөрчлийг залруулж холбогдох байгууллагын удирдлага, нягтлан бодогчдод тайлангийн дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлсэн.
Гүйцэтгэлийн болон Нийцлийн аудитаас Үдийн цайны зардлын зарцуулалтын үр дүн, Халамжийн зарим сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын үр дүнд гүйцэтгэлийн болон нийцлийн  аудит хийж аудитын дүн, дүгнэлт, зөвлөмж, акт, албан шаардлагыг дарга, тэргүүлэх аудиторын тушаалаар баталгаажуулан холбогдох газруудад хүргүүллээ. Аудитын дүнгээр 620.9 сая төгрөгийн төлбөр барагдуулах 84 акт тогтоож бүртгэснээс 22.2 сая төгрөгийн 40 актыг барагдуулсан байна. Мөн 25.1 сая төгрөгийн зөрчлийг арилгуулах 5 албан шаардлага бүртгэснээс 12.2 сая төгрөгийн 2 зөрчлийг арилгуулах албан шаардлага хэрэгжиж бусад нь дараа улиралд шилжлээ.
Улсын төсөвт акт, албан шаардлагын дүнгээр 15.7 сая төгрөг төвлөрүүлэв. Аудитаар нийт 382 зөвлөмж өгөгдсөн бөгөөд 154 зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлж, бусад нь хугацаа болоогүй ба хэрэгжих шатанд байна. Аудитын дүгнэлтээр албан ажилдаа хариуцлагагүй хандсан, Монгол улсын хууль, УИХ, Засгийн газрын тогтоол, дүрэм журам, заавар, санхүүгийн үйл ажиллагааг зөрчиж ажилласан байгууллагын удирдлага, нягтлан бодогч нарт Төрийн аудитын тухай хуулийн 15.1.13-д заасны дагуу хариуцлага тооцуулахаар 10 санал явуулснаас биелэлтийг тооцон ажиллаж байна. Гэмт хэргийн шинжтэй гэсэн 6 асуудлыг акт тогтоон цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулснаас 3 асуудал нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан бөгөөд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн газар шилжүүлсэн асуудлууд хяналтын шатанд байна.
Аудитын байгууллага нь улс орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн болон төрийн өмч бүхий байгууллага, төсвөөс дэмжлэг авсан төсөл хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийхээс гадна үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгдөг өргөн хүрээтэй төрийн хөндлөнгийн хяналтын хараат бус байгууллага болон өргөжин хөгжиж, төрийн нүд, чих хараа хяналт болж ирснээрээ аймгийн хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж байна.
Хүний нөөцийн ил тод байдал
Монгол улсын ерөнхий аудиторын 2014 оны 1 дүгээр сарын 30-ны 22 тоот тушаалаар аймгийн Аудитын газрын бүтцийг батлав. Бүтцийн дагуу Монгол улсын ерөнхий аудиторын 2014 оны 2 дугаар сарын 14-ны 68 тоот тушаалаар дарга тэргүүлэх аудторыг, 2 дугаар сарын 20-ны 83 тоот тушаалаар ажилтнуудыг томиллоо.
Аудитын газар нь дарга тэргүүлэх аудитор 1, аудитын менежер 1, мэдлэг мэдээллийн менежмент-санхүү хариуцсан ахлах шинжээч 1, ахлах аудитор 1, ахлах шинжээч 1, аудитор 5, шинжээч 1, жолооч-нярав 1, бүгд 12 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Төсөв санхүүгийн ил тод байдал
2014 оны төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэх 214.8 сая төгрөгийн төсөв батлагдсан. Үүнээс 1 дүгээр улиралд 46.4 сая төгрөгийн гүйцэтгэлтэй, өр, авлагагүй ажиллаж байна.



Сэтгэгдэл

Command item
 
Хэн нэгэн сэтгэгдэл үлдээгээгүй байна.Та анхны сэтгэгдлийг үлдээнэ үү !

*

(500)