Ажил эхлэх цагт өөрчлөлт оруулав

Аймгийн Онцгой комисс 4 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа.

Үүнд, өглөө ажил эхлэх цаг 09.00-өөс байсныг өөрчилж, хуучнаар нь буюу өглөөний 08.00-аас эхлүүлэхээр боллоо. Мөн 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн ажлын цагийг нэг цагаар хорогдууллаа. Тэрчлэн 5-р сарын 31 хүртэл хугацаанд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, сүм хийд, шашны байгууллага, баар караоке, РС тоглоомын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг хэвээр үргэлжлүүлэхээр болсон юм. Мөн ЕБС-уудын болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн спорт заалаас бусад спорт заалыг нээлээ.

 

Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх хугацааг өдөр бүрийн 15 цаг хүртэл байх шийдвэрийг хэвээр үлдээж, рестораны ажиллах цагийн хуваарийг оройн 20 цаг хүртэл байсныг 22 цаг болгож сунгалаа. Түүнчлэн амралт, сувиллын газар, жуулчны баазуудыг мэргэжлийн байгууллагын шаардлага хангасан тохиолдолд 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь эхлүүлэхээр боллоо.

Үйл ажиллагааг явуулахдаа үйлчлүүлэгч нэг бүрийн халууныг хэмжих, гарыг ариутгах, амны хаалтны хэрэглээг хэвшүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх, нэг дор 10-аас дээш хүн цуглуулахгүй байх зэрэг шаардлагыг тавьж байгаа аж. Эдгээр шийдвэрүүдийг 5 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагын дарга, захирал нарт үүрэг болголоо.