Аваргуудын нэрэмжит барилдаанд П.Бүрэнтөгс тэргүүлэв

   Увс аймгийн Улаангом хотноо хоёр өдрийн турш үргэлжилсэн Аваргуудын нэрэмжит барилдаан өчигдөр орой өндөрлөлөө.

Энэхүү барилдаанд оролцохоор Улаанбаатар хотоос Увс аймгийн харъяат Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Улсын харцага Т.Баасанхүү нараас гадна Улсын харцага А.Цацавшир, Б.Пүрэвсайхан, Улсын өсөх идэр начин Э.Энхбат, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Баян-Өлгий аймгийн арслан Д.Берекэ нарын бөхчүүд хүрэлцэн ирсэн юм. Мөн Увс аймгийн аймаг, сумын цолтой бөхчүүд болон ОХУ-ын Тува улсаас хүчит бөхчүүд хүрэлцэн ирж зодоглосон бөгөөд 128 бөхөөс хоёр давсан 32 бөх тойргоор барилдаж шилдгүүдээ шалгарууллаа.

Аваргуудын нэрэмжит барилдаанд давааны тоогоор Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж 5000 долларын эзэн болсон бол удаах байранд Улсын харцага А.Цацавшир, Т.Баасанхүү, Улсын арслан Н.Батсуурь нар оржээ. Харин тэдний дараагаар орсон О.Түмэн аймгийн арслан, Баянмөнх аймгийн заан, Лхамхүү, О.Баярцогт нар аймгийн харцага, Төгсжаргал, Нармандах нар аймгийн начин цол хүртсэн байна. Энэ удаагийн Аваргуудын нэрэмжит барилдаан шагнал өндөртэй байсан тул улсын цолтой бөхчүүд олноор хүрэлцэн иржээ. Тус тэмцээнийг С.Анхбаяр захиралтай “Келсо центр” компани 10 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн байна.

Аваргуудын нэрэмжит барилдаан нь 1981 оноос эхлэн Увс аймагт жил бүр зохион байгуулагддаг болсон бөгөөд анх Х.Баянмөнх аваргын нэрэмжит байжээ. Улмаар Увс аймгаас О.Балжинням, С.Мөнхбат нар Улсын аварга цолонд хүрснээр хүрээгээ тэлжээ. Аваргуудын нэрэмжит барилдаанд оролцохоор бусад аймаг сумдаас төдийгүй, ОХУ-ын Тува улсаас ч бөхчүүд хүрэлцэн ирэх болсон нь тус барилдаан өндөр чансаатайг илтгэж байна.

Аваргуудын нэрэмжит барилдаанд МУ-ын аварга О.Балжинням, С.Мөнхбат нар урилгаар оролцлоо.

Б.Батхүү